УИХ-аас өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагаж өөрчлөлт орж буй хуулиудыг баталсан. Ийнхүү улсын хөгжлийн төлөвлөгөө, бодлоготой уялдан татварын бодлогоор ААН-үүдийг дэмжих өөрчлөлт гарсан байна. Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнтэй ярилцлаа.
-Ирэх оны төсвийг баталсантай холбоотойгоор манай улсын татварын бодлогод гарсан гол өөрчлөлт юу байв?
Монгол Улсын Засгийн газраас татварын бодлогын бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн, бүсээр ялгаатай байх татварын орчныг бүрдүүлэхээр үе шаттай хуулийн төслүүдийг боловсруулан батлуулаад явж байна.
Ихэнх нь нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Эдгээртэй холбоотой гол өөрчлөлт бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн томоохон төслүүдийг хувийн хэвшил хэрэгжүүлсэн тохиолдолд татварын багц дэмжлэг үзүүлэхээр хуулийн төслүүд баталж, хэрэгжиж эхлэх гэж байна.
Нэгдүгээрт, томоохон төсөл хэрэгжүүлэхэд бүтээн байгуулалтын шатанд хамгийн том ачаалал бол импортын гаалийн болон НӨАТ-ын татвар байдаг.
Тэгэхээр орлого олоогүй байхад төлөгддөг эдгээр татваруудыг 4 жилийн дараа төлөх, гаалийн татварыг мөн чөлөөлөх боломжийг олгосон.
Хоёрдугаарт, сая батлагдсан хуульд хамгийн том дэмжлэг бол эдгээр томоохон төслүүдэд борлуулалтын орлого олж эхэлсэн эхний 5 жил 1 хувийн татварын ачаалалтай ажиллах татварын таатай орчныг бид үүсгэсэн байгаа.
-Томоохон төсөл хөтөлбөрүүд гэдэгт ААН-үүд ямар ажлаа хамруулж ойлгож болох вэ?
УИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүн дээр бүс болгонд ямар зорилго, тэргүүлэх чиглэлтэй байх, тэнд ямар ямар төслүүд хэрэгжүүлэхийг нь баталсан.
Хуульд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн төслүүдийн жагсаалтыг УИХ дахиж хэлэлцэж, тогтоолоор батлахаар заасан.
Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш Засгийн газраас хувийн хэвшлүүдийн саналыг аваад, орон нутгийн саналыг аваад, татварын хөнгөлөлтөд хамаарах нэг хувийн орлогын татварын хөнгөлөлтөд хамаарах төслүүдийн жагсаалтыг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулна.
-Нийтэд тустай ажил гүйцэтгэсэн ААН-үүдийн татварыг хөнгөлнө гэж байсан. Энэ ямар учиртай вэ?
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бас нэг арга хэмжээ бол нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ирээдүйд гарах төсвийн ачааллыг хөнгөлөх, нийгэмд тулгараад байгаа асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж байгаа ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлэх хууль баталсан.
Энэ хууль есдүгээр сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
ААН-үүд жишээлбэл, спортын цогцолбор шинээр барих, мод тарих ч гэдэг юмуу, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барьсан тохиолдолд тухайн гаргасан үндсэн хөрөнгө оруулалтын дүнг борлуулалтын орлогын 1 хүртэл хувиар төлөх татвараас нь хөнгөлөх хууль хэрэгжиж байна.
Одоо яамдууд өөр өөрийнхөө салбарын төсөл, хөтөлбөрүүдэд тавигдах шаардлагыг батлах ажлууд эд явж байна.
Гэхдээ энэ тушаалууд батлагдахыг хүлээлгүй, хууль хэрэгжээд нэгэнт эхэлсэн учраас ААН-үүд 2024 оны жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сарын 10-нд татварын албанд тушаахдаа энэ хөнгөлөлтөө өөрсдөө тайлагнаад, эдлээд явах бүрэн боломжтой.
Хөнгөлөлт эдлэхийн тулд заавал төрийн байгууллага, албан тушаалтны тодорхойлолт, тушаал, шийдвэр, баталгаажуулалтыг хүлээхгүйгээр татвар төлөгч өөрөө хөнгөлөлтөө тодорхойлоод, тайлагнаад, эдлээд явах боломжийг бүрдүүлж өгч байгаа.
-Нийтэд тустай ажил хийсэн гэж тайлангаа гаргасан ААН бүр энэ хөнгөлөлтийг эдлэх үү?
Татвар төлөгч өөрөө ийм төсөл хэрэгжүүлсэн, энэ дээр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, ийм ийм шаардлага хангасан гээд тайлангаа ирүүлээд, хөнгөлөлтөө эдлээд явна.
Тухайн салбар болон татварын алба эрсдэлтэй гэж үзсэн, бичиг баримтын зөрчилтэй ч байдаг юмуу эсвэл татвараас зайлсхийх чиглэлийн оролдлогууд хийсэн байвал тухай бүр нь хяналт, шалгалт хийгээд, хойноос нь хяналтаа тавиад явах боломжтой.
-Үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа боловсруулах үйлдвэрийг дэмжих хүрээнд татварын системд гарсан бодит ажил хэрэг юу байна?
Засгийн газраас боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Үүнд боловсруулах үйлдвэрүүдийг татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Энэ хүрээнд урд нь тодорхой хүнс ч гэдэг юмуу салбарын тоног төхөөрөмжүүдийн гаалийн татварын дэмжлэг үзүүлж байсан бол ирэх жилээс бид найман төрлөөс бусад бүх салбар харгалзахгүй тоног төхөөрөмж импортлоход нь гаалийн албан татварыг тэглэж байгаа.
Ингэснээрээ Монгол улс боловсруулах шатны үйлдвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, шинээр тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх ингэснээрээ экспортыг нэмэгдүүлэх импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Энэ хууль бол бас нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ ямар нэг жагсаалт батлахгүй, гадаад худалдаа эрхлэгчид тоног төхөөрөмжийнхөө бүрдүүлэлтийг гааль дээр хийгээд, гаалийн хөнгөлөлтийн дараа жилд нь эдлээд явах бүрэн боломж нээгдэж байгаа.
Сэтгэгдэл үлдээх