Хүйтний улиралд томуу, томуу төст өвчин ихсэж байгаагийн хажуугаар Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдээд байна. Иймд сэрэмжлүүлэг болох үүднээс ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул дараах мэдээллийг өглөө.
Менингококкт халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илрэн арьсан дээр өвөрмөц тууралт гардаг, нянгийн гаралтай, амьсгалын замын хурц халдварт өвчин.
Энэ нь менингококкт халдвараар өвдсөн хүмүүс эсвэл хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс, нян тээгчдээр халдвар дамждаг. Тус халдвараар бага насны хүүхдүүд өвдөх боловч 5-аас доош насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг. Нууц хугацаа багатай бөгөөд хэдэн цагаас эхлэн 20 хоног хүртэл үргэлжилж болно. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг. Менингококкт халдвар авсан тохиолдолд эхлээд өндөр халуурах буюу цочмог шалтгаан тодорхойгүйгээр 38-42 хүртэл халуурч, хоолны дуршилгүй болж, дотор муухайран бөөлжиж, хүүхдүүд унжгар, ноомой болдог. Эсвэл хэт мэдрэмтгий, цочромтгой болж, арьс нь цонхийж, цайх шинж тэмдэг илэрдэг. Ийнхүү 1-2 хоногийн дараа үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг.
Хүнд үедээ 12 цагийн дотор цусархаг тууралтууд хөл, гуянд гарч эхэлдэг. Харин нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үел 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрэнд цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндрэн, халдвар хордлогын шокт ордог аюултай өвчин.
Тиймээс хүүхдүүд нь шалтгаан тодорхойгүй өндөр халуурч байвал яаралтай харьяа, дүүргийнхээ хүүхдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Менингококкт халдварын голомт үүсэн тохиолдолд гэр бүлийг нь ХӨСҮТ-өөс антибиотик, вакцинаар эмчилдэг байна.
Сэтгэгдэл үлдээх