Р.Нямдаваа: ОУЭШ-ээс Монгол Улсын эсрэг чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зүйл байхгүй

Ц.Чимэдцэеэ
2025-01-06

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сард айлчилсантай холбоотойгоор Олон Улсын Эрүүгийн Шүүхээс манай улсыг Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн үзсэн. Ийнхүү өнгөрөгч оны 11 дүгээр сард оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлж байв. Энэ асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодрууллаа.

Энд дарж, видеогоор үзээрэй.

Тэрээр "ОУЭШ-ийн Урьдчилсан ажиллагааны 2-р танхим гэдэг бүтцээс Монгол Улсыг Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг дүгнэлт гаргаж, асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлсэн.

Энэ үед манай дипломатууд, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй, үр дүнтэй ажилласан. Ямар ч байсан ОУЭШ дээр ямар нэг заавал дагаж мөрдөх хориг тогтоосон ч юм уу, Монгол Улсын эсрэг чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Мэдээж, тогтоолын төслүүд дээр манай тал мэргэжлийн түвшинд ажилласан. Өөрсдийнхөө эрх зүйн тайлбарыг гаргасан.

Эрх зүйн тайлбаруудаас харахад, Монгол Улсад өөрийгөө зөвтгөх, өөрийгөө хамгаалах өнцгүүд байгаа. Жишээ нь Ромын дүрмийн 98.1, 98.2 гэсэн хоёр заалтыг бид дурдаж, харж болно. Энэ үндэслэлүүдээ бид нар эрх зүйн талаас нь тавьсан. Хамгийн гол нь Монгол Улс өөрсдийнхөө нөхцөл байдлыг ойлгуулах, ОУЭШ-ийн гишүүн бусад 123 улстай идэвхтэй ажилласан. Энэ асуудалтай холбоотойгоор ОУЭШ рүү хандсан олон удаагийн мэдэгдэл хүргүүлээд, хангалттай хамтран ажилласан" хэмээв.

Ромын дүрмийн 98.1-д "Хүсэлт хүлээн авсан улсад эрх ямбаас татгалзах асуудлаар гуравдагч улсын зөвшөөрлийг Шүүх авах хүртэл гуравдагч аливаа этгээд буюу эд хөрөнгийн, төрийн болон дипломат эрх ямбын хувьд олон улсын эрх зүйн дагуу түүний хүлээсэн үүрэгт харшлах тийм үйлдэл хийхийг шаардсан хүлээлгэн өгөх буюу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг Шүүхээс гаргаж болохгүй"

Мөн актын 98.2-т "Хэрэв Шүүх хүлээлгэн өгөх зөвшөөрөл авах асуудлаар илгээгч улсын дэмжлэгийг урьдчилан аваагүй бол ямар нэг этгээдийг Шүүхэд шилжүүлэхэд илгээгч улсын зөвшөөрлийг шаарддаг олон улсын хэлэлцээрээр түүний хүлээсэн үүрэгтэй үл нийцэх үйлдэлд хүргэж болох хүлээлгэн өгөх хүсэлтийг Шүүх гаргаж болохгүй" хэмээн тус тус заажээ.

Дашрамд дурдахад, ОУЭШ-ээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын зарим тодорхой албан тушаалтнуудыг Украины дайны явцад Украинаас зөвшөөрөлгүйгээр зарим хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг үндэслэлээр дайны гэмт хэрэгтэн хэмээн үзсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe