Graph.mn сайтын "Санал болгох 5 ном" буланд Х.Тамирсүрэн оролцож, 5 ном санал болгож байна.
1. Бяцхан хунтайж
Бяцхан хунтайжийн аялал нь үлгэр мэт харагдавч гүн гүнзгий философи, насанд хүрэгчдийн амьдралын утгагүй, хэт материаллаг сэтгэлгээг шүүмжилж, хүүхдийн гэнэн цайлган, энгийн атлаа ухаалаг харцыг санагдуулна .
“Бяцхан хун тайж” бол хүний дотоод сэтгэл, амьдралын үнэ цэн, жинхэнэ хүний чанарыг эргэцүүлэн бодоход хүргэх гайхамшигт зохиол юм. Энэ номыг уншсан хүн бүр өөрийнхөө дотоод ертөнц рүү аялж, үнэт зүйлсээ эргэн харах боломжтой.
2. Төгс тоо
Ёко Огавагийн “The Housekeeper and the Professor” бол хүний хоорондын харилцаа, дурсамж, математикийн гоо сайхныг хослуулсан роман юм. Номын үйл явдалд 80 минутын ой санамжтай профессор болон түүнд тусалдаг гэрийн үйлчлэгч эмэгтэйн хоорондын нөхөрлөлийг өгүүлнэ.Энэхүү зохиол нь бидэнд хүний амьдралын утга учир хийгээд бусдыг ойлгож, хүндэтгэхийг сануулдаг. Ой санамжаа алдсан ч хүнлэг сэтгэл, харилцан ойлголцол байсаар байдаг нь энэ зохиолын гол мөн чанар юм. Мөн математик бол зөвхөн тоо төдийгүй, амьдралыг таних арга зам гэдгийг харуулсан гайхалтай бүтээл юм.
3. Кофе хөрөхөөс өмнө
Тошиказу Кавагутигийн “Before the Coffee Gets Cold” бол цаг хугацааны аялал, хүний хоорондын харилцаа, харамсал, уучлалт, итгэл найдварын тухай өгүүлнэ.
Энэхүү номын онцлог нь цаг хугацаагаар аялах боломжийг ер бусын үйл явдал мэт биш, харин хүмүүсийн амьдралын бодит шийдвэрүүд, өнгөрсөнд хийсэн алдаа, нөхөж баршгүй үйл явдлуудыг засах оролдлогоор дүрсэлдэгт оршино.
Зохиолч уншигчдад “Хэрэв өнгөрсөн рүү буцаж очих боломж олдвол та юу хийх вэ?” гэсэн асуултыг тавьдаг. Энэ асуултаар дамжуулан амьдралын мөч бүрийг нандигнах, бусдын сэтгэлийг ойлгох, хэлж амжаагүй үгсээ хэлж байхыг сануулах гэсэн болов уу.
4. Нэрийн дэлгүүрийн эмэгтэй
"Энэ ертөнцөд олноос этгээд, гажууд хүн бүхэн багтах зай үгүйн дээр тийм хүмүүс чимээгүйхэн адлагдаж, удалгүй арчигдах нь дамжиггүй билээ."
Саяака Мүратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” роман нь орчин үеийн нийгмийн хэвшмэл ойлголт, хувь хүний онцлог болон аз жаргалын тухай эргэцүүлсэн юм.
Зохиолч энэ бүтээлээрээ орчин үеийн Японы нийгэмд байдаг “хэвийн байх” гэсэн хүлээлт, дарамтыг шүүмжилж, аз жаргалын талаарх ойлголт харилцан адилгүй болохыг харуулсан.
5. Орчин үеийн хятад яруу найраг
"...Харц дээгүүр оршсон мянган жил
Хайртай хүнийхээ энгэрт мэгшсэн нэг шөнийн үнэд хүрэхгүй."
Яруу найраг бол үгийн урлагийн төгс төгөлдөр хэлбэр юм. Хэдхэн мөр, цөөн үгсээр гүн гүнзгий мэдрэмж, утга санааг илэрхийлж чаддаг нь яруу найргийн гайхамшиг юм. Энэ бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрслэх, гоо сайхныг танин мэдэх, ертөнцийг өөр өнцгөөс харах хаалга билээ.
Сэтгэгдэл үлдээх