Хөгжлийн банк эксим банк болно

.Graph
2025-01-06

Экспортыг дэмжсэн, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг банк болохоор зорилт тавьсан тухай тус банкны шинэ гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Ингэхийн тулд юуны өмнө чанаргүй зээл, тэр дундаа төртэй хамаарал бүхий зээлүүдээ шийдвэрлэхээр бэлтгэж байна. Тухайлбал,

Нийтлэлийг зургаар үзээрэй.

  • ЭТТ цахилгаан станц /15 сая доллар/ 

Энэхүү зээлийг Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс авсан тул тус зээлийн үүргийг яам руу шилжүүлнэ.

  • Эгийн голын усан цахилгаан станцын төсөл  ТЭЗҮ /10 сая доллар/

Төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 60,6 тэрбум төгрөг. Энэ төслийн зээлийн үүргийг харьяа яам руу нь шилжүүлэхээр болжээ. Ингэснээр банкны балансад эерэг нөлөөтэй. Тус төслийн төр хувийн хэвшлийн түншлэлээр 3,7 их наяд төгрөгөөр барихаар Засгийн газрын хөтөлбөрт тусгасан бөгөөд 2032 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээллээд байгаа билээ.  

  • Буянт-ухаа I II төслийг нийслэлд шилжүүлнэ

Тус орон сууцны хотхоныг барьцаалан үнэт цаас гаргасан. Түрээсийн үнэ хэт хямд тул банкны зээлийн эргэн төлөлтийн явц хангалтгүй байдаг. Иймээс нийслэл рүү тус хотхоны эрхийг шилжүүлэх замаар балансаа шилжүүлэх боломжтой гэж үзжээ. 

  1. Банк богино хугацаанд Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах  шаардлагатай байгаа аж. 
  2. Засгийн газар өөрөө хариуцах төрийн өмчийн 489 тэрбум төгрөгийн зээл байна. 
  3. Нийслэлийн ЗДТГ-тай хамтран шийдэх 226.6 тэрбум төгрөгийн өр авлага байна.
  4. Шүүхээс Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамны 168.2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкинд төлөх шийдвэр гаргасан. Үүнийг улсын төсөвт суулгуулах саналтай байна. 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6.3-т “Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгө олгох эсэхийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс

  • Хөгжлийн банкны дүрмийн санг 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ. 

Хууль эрх зүйн орчноо шинэчлэнэ

  1.  Үүний араас Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэж байна. Энэ нь эксим банкны чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэхэд оршино. Мөн Удирдах зөвлөлийн томилогдсон хугацаа дуусаж, байгаа тул дахин УЗ томилохоор байна. Хөгжлийн банк өмнө нь Сангийн яамтай илүү хамааралтай байсан бол Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдаж байна. Хуулийн шинэчлэлээр Засгийн газрын оролцоо ямар хэмжээнд байх вэ гэдгийг илүү тодорхой болгох аж. Мөн УЗ дээр хэнд зээл өгөхөө шийддэг байдлыг хална. Засаглалын байдлаа эргэн харж, Хүний нөөцийн чадавхиа сайжруулах зэрэг ажлыг энэ оноос хийж хэрэгжүүлнэ гэв.

Цаашид Хөгжлийн банкнуудын чиг үүрэг, стратеги засаглалыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, өөрийн орны нөхцөл, шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулна. 

Хөгжлийн банкны 2030 он хүртэл ажиллах стратеги зорилго зорилт:

  1. Эдийн засгийг төрөлжүүлэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглүүлэх;
  2. Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх;
  3. Экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;
  4. Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих;
  5. Хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан.

Ийнхүү шинэ стратегийн дагуу ажилласнаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргасан. 

Хөгжлийн банк зорилтот зах зээл:

  • Эрчим хүч (сэргээгдэх);
  • Хөдөө аж ахуй;
  • Байгаль орчин;
  • Уул уурхай;
  • Тээвэр, логистик;
  • Боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбаруудыг дэмжих бодлого баримтлах бөгөөд санхүүжүүлэх төслийн судалгаагаа эхлүүлээд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe