Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Засгийн газрын 2012 оны 91 дүгээр тогтоолоор байгуулсан “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын чиг үүрэг Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу Төмөр замын газарт шилжих тул тус төвийг татан буулгаж 25 орон тоо, Зам, тээврийн яамнаас 13 орон тоог Төмөр замын газарт шилжүүлэн 2025 онд 38 албан хаагчтай ажиллуулахаар төлөвлөжээ.
Улсын төсөвт дарамт үзүүлэхгүй байх зорилгоор албан хаагчдын цалингийн шатлал зэрэг дэвийг Засгийн газрын 2022 оны 487, 2023 оны 240, 241 дүгээр тогтоолуудыг үндэслэн төлөвлөж, төсвийн тооцоог Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 190 дүгээр тушаалаар баталсан “Зардлын эдийн засгийн ангилал, ашиглах заавар”-ын хүрээнд 1.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.
Үйл ажиллагааны чиглэл
Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газар” нь дараах чиг үүргийн дагуу ажиллана. Үүнд:
1. Төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, батлах, сурталчлах;
2. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах, төмөр замын суурь бүтэц хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих;
3. Төмөр замын тээврийн тариф, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг хянаж, санал, дүгнэлт гаргах, хэрэгжилтийг хангуулах;
4. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийг хангуулах;
5. Төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг, хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох;
6. Төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
7. Төмөр замын суурь бүтэц, салбар зам, барилга байгууламжийг барих, өргөтгөх ажилд хяналт тавих, тэдгээрийн хувийн хэргийг хөтлөх;
8. Хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах талаар дүгнэлт гаргах, бүртгэх, гэрчилгээжүүлэх;
9. Төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
10. Төмөр замын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн шинжээчийн эрх олгох зэрэг үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах.
Сэтгэгдэл үлдээх