СУРВАЛЖИЛГА: Хариуцлагатай иргэдээ улам хохироож байгааг ойлгохгүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-01-14

Сонгуультай жил биднийг дулаан улиралтай хамт орхин одож, иргэд хуучны, танил борог амьдралтайгаа нүүр тулав. Ийнхүү шил дараалсан асуудлуудаа хааш нь хийх вэ хэмээн түгшин суух болжээ.

Тэдний нэг нь цахилгааны үнийн нэмэгдэл.

Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилт болсон эрчим хүчний реформын хүрээний иргэдэд мэдрэгдэх анхны бөгөөд одоогоор сүүлийн алхам нь энэ.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард ийнхүү 3 шатлалт тарифаар буюу 1 кВт.ц тутам 140 төгрөг байсныг 35-145 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тухайлбал 150 кВт.ц хүртэл хэрэглээнд 175 төгрөг, 150-300 кВт.ц  хэрэглээнд 256 төгрөг, 300 кВт-аас дээш бол 285 төгрөгийг 1 кВт тутам төлөхөөр болов.

Ингэснээр утааны эсрэг бодитоор тэмцэж, яндангаа буулган дулаанаа цахилгаан зуухаар шийдсэн айлуудыг “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” лугаа бүлтэгнүүлж байгаа юм.

Ийнхүү тэдний асуудлаа хэлэлцэхээр цугласан  Facebook дэх “Дулаанаа тогоор шийдсэн айлууд” гэх бүлэгт 4 мянга гаруй иргэн байна.

Д.Даваажав: Аль болох шинэ юм хэрэглээд байгаа ч төр засаг маань хуучин руугаа яв гээд байна

Тэдний төлөөлөл болсон МУСТА, Хөгжим урлаач Д.Даваажавынх анх 2007 онд яндангаа буулгаж, цахилгаанаар дулаанаа шийдсэн. Тэд энэхүү шийдлээ өдийг хүртэл дэвшилтэт технологид суурилсан төхөөрөмжөөр сэлбэн сайжруулсаар иржээ. Одоогоор 96 мкв талбайг 380 вольтын хүчдэлтэй цахилгаан зуухаар халаадаг. Мөн дулаан алдагдлыг арилган, сууцаа дулаалж, дулаанаа хадгалдаг төхөөрөмжийг суурилуулсан.

Гэтэл энэ жил тэдний хувьд хүндхэн сорилттой тулгарсан байна.

Энэ айл цахилгааны үнэ нэмэгдэхээс өмнө 350 мянга хүртэл төгрөг төлж байсан бол өнгөрөсөн 12 сард  ижил хэрэглээтэй ч 1 сая 105 мянга 147 төгрөг тооцогдон шөнийн тарифийн хөнгөлөлтөөр 276 мянга 581 төгрөгийг хасууулж, 824 мянга 966 төгрөг төлжээ.

Тэд иргэний хувиар төр засгийн бодлогод саад учруулахгүйгээр цахилгааны төлбөрөө цаг тухайд нь төлж, хариуцлагатай хандаж байгаа ч зөв зүйтэй шийдэл биш хэмээн харж буйгаа илэрхийлж байв.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар оны өмнөхөн буюу 12 сарын 18-нд хуралдаж, утаатай тэмцэх хүрээнд яндангүй бүс байгуулна гэдгээ зарласан ч өнөөг хүртэл бодитой, тодорхой алхам хийгээгүй.

Утааны аюулыг хүн бүр харж, мэдэрч байгаа ч төр засаг энэ чиглэлд хөдөлж эхэлсэн 2011 оноос хойш өнөөдрийг хүрэхэд төсвийн мөнгө л үрэгдсэнээс бодит өөрчлөлт гарсангүй. Утаанд зарцуулсан зардлыг энд дарж харна уу.

Харин түүнээс ч өмнө өөрсдийнхөө болоод бусдын төлөө төрийн хийж амжаагүй, чадаагүй ажлыг бүтээсэн иргэндээ төр төмөр нүүрээ харуулжээ.

Ц.Октябр: Утааны эсрэг чадах бүхнээ хийсэн ч буцаад буруутан болж байна

Бас нэг жишээ дурдахад бидэнтэй Налайх дүүргийн иргэн Ц.Октябр холбогдож, асуудлаа хуваалцсан юм. Энэ айл мөн цахилгаанаар дулаанаа шийдсэн ч тэр хавийн айлуудад зохих ёсны буюу 380 вольтын хүчдэл хүрдэггүй аж. Энэ талаар холбогдох албаныханд мэдэгдэхэд цаанаасаа ингэж ирдэг хэмээн тайлбарладаг. Ц.Октябр утааны эсрэг чадах бүхнээ хийсэн ч буцаад их хэрэглэсэн шалтгаанаар буруутан болоод байх шиг санагдсан талаараа дурдаж байв.

Гол асуудал нь ийнхүү зохих түвшинд хүрээгүй буюу 350-360 вольтын хүчдэлээр цахилгаан халаагуур ажиллуулахад илүү зардалтай байдаг аж. Жишээ нь ус буцалгахад 220 вольтын хүчдэл шаардлагатай ба үүнд 3-5 минутыг зарцуулдаг. Харин 220 доош вольтоос бага хүчдэлээр ус буцалгавал 10 минут орчим болж, хугацаа нь сунадаг юм байна. Гэтэл цахилгаан хэрэглэсэн хугацаагаараа өндөр төлбөр төлөх болдог хэмээн тайлбарлав.

Төр иргэн хоёрын харилцааг айл гэрээр жишихэд нэг л нь хичээж, чүү ай амьдралаа залгуулахад нөгөөх нь ямар ч оролцоогүй хэр нь дарамтлаад байдаг шиг хортой болжээ.

Я.Нармандах: Шийдэл гээд зуухаа гаргасан ч шийтгүүлж байгаа юм шиг өндөр төлбөр

Сонгинохайрхан дүүргийн иргэн Я.Нармандах “Цахилгааны үнэ нэмэх болсон учир шалтгааныг ойлгож байгаа. Гэхдээ анх 30 хувиар нэмнэ гэж байсан ч манай жишээн дээр л гэхэд 122 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээн дээр юм ярихгүй. Тэртээ тэргүй цахилгаанаар халааж байгаа нөхцөлд харьцангуй өндөр байх нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл биднийг шийтгэж байгаа юм шиг илүү хэрэглэж байгаа учир илүү авна гэдэг байж боломгүй. Зүгээр хэрэглэсэн цахилгааны төлбөр дээр НӨАТ-ын 10 хувь төлж байгаа нь шударга бус санагдаж байна. Би тэтгэврийн хүн өмнө сарын цахилгааны мөнгө 928 мянган төгрөг гарахад төлөөд л орхисон. Одоо бол нөхцөл хэцүү болж байна. Зээлээ төлөх үү, тогны мөнгөө төлөх үү л боллоо шүү дээ”

Энэ мэт хариуцлагатай, санаачлагатай иргэнээ улам хохироодог тогтолцоо байгаа нь харамсалтай. 

Я.Тэнүүнжаргал: Зээлээ төлөх үү, тогны мөнгөө төлөх үү

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Я.Тэнүүнжаргал өнгөрсөн хавар зээлээр байшин барьж, дулаанаа цахилгаанаар шийджээ. Анхнаасаа зуух яндан суулгах зориулалтгүй сууцаа босгосон тул түүнд буцах сонголт үлдээгүй. Гэтэл цахилгааны төлбөр нь 86-126 мянган төрдөг гардаг байсан нь 11 дүгээр сард нэмэгдэж, 380 гаран мянган төгрөг болжээ. Улмаар цахилгаанаа байж болох хамгийн ихээр хэмнэсэн ч 12 дугаар сарын төлбөр нь 700 гаран мянган төгрөг гарсан байна.  Гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж түүний хувьд сарын 1 сая 500 мянган төгрөгийн цалингаасаа талыг нь цахилгаандаа төлөөд, үлдсэнийг нь байшингийн зээлдээ зарцуулахад цаана нь амьдрах зардлаа нөхөх аргагүй болсон талаараа дурдав.

Хуулиа биелүүлэхийг шаардаж байна

Иргэдийн нөхцөл ийм байгаа бол төрд сануулах бас нэг зүйл бол хуулиар тогтоосон иргэний эрхийг хангах явдал.

Тухайлбал, УИХ-аас 2012 онд баталсан Агаарын тухай хуульд агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, дулаанаа цахилгаанаар шийдсэн өрхөд урамшуулал олгох эрхийг Засгийн газарт олгосон.

Тодруулбал, мөн хуульд 6.1.7.гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамруулжээ.

14 дүгээр зүйл.Агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал

14.1.Дараах нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу урамшуулал олгоно:

14.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;

14.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;

14.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;

14.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;

14.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;

14.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;

14.1.8.бусад хэмээн тус тус зохицуулсан байна.

Гэтэл урамшуулах байтугай шийтгээд байх шиг санагдаж байгаа талаар иргэд дурдаж байсан юм.

Харин УИХ-ын гишүүн бөгөөд Хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй Г.Лувсанжамж 12 сарын 30-нд өөрийн цахим сүлжээн дэх хаягтаа нийтэлсэн яриандаа Хот тосгоныг орон сууцжуулахад ногоон санхүүжилтын талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж буйгаа мэдэгдсэн. Мөн дулаалга болон цахилгаан халаагуураар утаа бодитоор буурах буюу шахмал түлшний хэрэглээг жилд 174.0 мян.тн-оор бууруулах боломжтой тооцооллыг танилцуулсан.

Тэгэхээр төр шийдэл, санаа, гарц гаргалгаа эрж буй юм шиг, мэдэж буй юм шиг боловч ажил хэрэг болгосон иргэдээ улам хохироож, уялдаа холбоогүй, байгаагаас иргэд л хохироод үлдэж байна.Тэд төрөөс халамж, тусламж хүссэнгүй. Харин хэлсэн ярьсандаа байж, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр нь уялдаа холбоотой, тогтвортой байх ёстой гэдгийг сануулж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe