Хөрөнгө оруулалтын дараагийн том давлагаа чухал ашигт малтмал руу чиглэж байна

.Graph
2025-01-15

"Future mineral forum-2025" энэ сарын 14-16 өдрүүдэд Саудын Арабын хаант улсын Рияд хотод болж байна. Форумд 14 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа аж. 

"Ирээдүйн ашигт малтмал" сэдвийн хүрээнд хайгуул, олборлолт, ногоон эрчим, хөрөнгө оруулалтын чиглэлээр 90 улсын Засгийн газрын төлөөлөгч болон судлаачид, ИХ-20-ийн төлөөлөгчид, 50 гаруй олон улсын байгууллага болон дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид нэг дор чуулж байгаа юм. 

Газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб улсын Засгийн газар нь орлогынхоо 75 хувийг хар алтнаас бүрдүүлдэг. Тус улс 2022 онд эдийн засгийн төрөлжүүлэх, эрчимжүүлэхээр 2030 хүртэлх алсын хараагаа тодорхойлжээ. Ингэхдээ ирээдүйн буюу чухал ашигт малтмал нэртэй хурлыг 2022 оноос эхлэн зохион байгуулж ОУ-д болон ард иргэддээ уул уурхайн салбарыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтаа чиглүүлэхээ зарласан. Анх 5-6 мянган хүн оролцож байсан тус хуралд оролцогчдын тоо дөрөвхөн жилийн дотор 4 дахин өсч, 90 жилийн түүхтэй PDAC-тай энэ  зэрэгцэхүйц ОУ-ын түвшний уул уурхайн салбарынхан чуулдаг том арга хэмжээ болжээ. Эхний өдөр сайд нарын түвшний уулзалт болон чухал ашигт малтмалын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр чууллаа.

Саудын Арабын хаант улс нь уул уурхайн компани, хөрөнгө оруулагчдад санхүүгийн шууд болон шууд бус урамшуулал, дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, төсвийн мөнгөөр хийсэн хайгуулын зураглал, судалгааны мэдээллийг нийтэд нээлттэй, цахим сайтдаа байршуулах, ашиглах боломжоор нээлттэй хангадаг. Хэрэв тухайн байршилд нарийвчилсан судалгаа хийх явцад илэрвэл цаашид гарах зардлын 70 хувийг төрөөс нь санхүүжүүлдэг бөгөөд тухайн ордод төр нь хариуд нь ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэнэ.

Энэ талаар Инвэст Саудын төлөөлөгч "Бид хөрөнгө оруулагчдадаа капитал хөрөнгө оруулалтын 75 хувь хүртэл нь хөнгөлөлттэй зээл олгох, тухайн төсөл, хөрөнгө оруулалтад Араб хүн ажиллуулбал эхний 2 жилд нь цалингийн зардлын 30 хувийг, эмэгтэй хүн ажиллуулбал 40 хувийг Саудын араб улсын хөгжлийн сангаас олгодог. Мөн бүтээгдэхүүний эрэлт дээр нь туслалцаа үзүүлж байна" гэсэн юм.

Та бидний хэрэглэж байгаа гар утас, цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, үйлдвэрлэлийн чухал орцод тооцогдож байгаа баттерейн түүхий эд, чухал ашигт малтмал буюу лити кобалт, хөнгөн цагаан, зэс зэргийг байгальд ээлтэй аргаар олборлох, хайн илрүүлэх талаар дэлхийн улс орнуудын өрсөлдөөн ширүүсч байна. БНХАУ олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд Араб нь БНХАУ-тай өрсөлдөх чухал ашигт малтмалын тоглогч болохоор, мөн Европ-Африкийг холбосон зуучлагч болох амбицаа зарлан ийнхүү ажиллаж байна. Мөн Болгар улс ч үндэсний хэмжээний судалгааны баг гарган ажиллаж эхэлжээ.

Харин Монгол Улс газрын ховор элемент болон critical mineral буюу чухал ашигт малтмалын талаар ойлголт бага, шийдвэр гаргах түвшний ойлголт дутмаг хэвээр байна. Иймээс дэлхий нийтийн хошуурч буй энэхүү хөрөнгө оруулалтын дараагийн том давалгаанаас бага хоцорч, хөл нийлүүлэн алхах шаардлага үүсчээ. Тус чуулганд одоогоор Монгол Улсыг төлөөлсөн төрийн байгууллага оролцоогүй. Харин судлаачид, ОУ-ын байгууллагын төлөөлөл оролцогчдын байр суурийг маргаашийн чуулганы хурлаас мэдээлэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe