Хуулийн төсөл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг улсад хураана

.Graph
2025-01-15

Засгийн газраас "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг боловсруулж байна. 

Уг хуулийн төсөл нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой чухал үүрэгтэй бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж буй юм.

Тэгвэл нийтийн албан тушаалтан гэж хэн бэ?

1. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
2. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
3. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
5. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
7. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
8. Эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
9. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

Хуулийн онцлох заалтууд

  • Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эсхүл тайлбарласан нь нотлогдоогүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзнэ. 
  • Хууль бус хөрөнгө бий болсон цаг хугацааг нийтийн албан тушаалтны албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлсэн болон албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэг дууссанаас хойшхи 10 жилийн хугацаатай заавал хамтатган авч үзнэ. 
  • Шүүх нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан явуулна.
  • Прокурор, оролцогч хөрөнгө хураан авах ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.
  • Прокурор нь хууль бус хөрөнгөтэй холбоотой хөрөнгө шалгах ажиллагааны явцад мэдэгдэж буй нөхцөл байдлыг үндэслэн шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргахдаа шалгах ажиллагаанд 2002 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш бий болсон хууль бус хөрөнгийг хамруулна.
  • Хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн инфляцитай уялдуулан тооцно.
  • Хууль бус байж болзошгүй хөрөнгийг түр хураан авч болно. Гэхдээ үүнийг шүүх шийдвэрлэнэ. 
  • Цаашид үнэ цэнээ алдах, төрд ямар нэгэн ашиг өгөхгүй хөрөнгийг битүүмжлэх, хураан авахыг хориглоно.

Хуулийн төсөлтэй бүрэн эхээр нь ЭНД дарж танилцаарай. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe