Ураны гэрээ бол Оюутолгойн дараа орох гуравдах хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт

Ж.Номин
2025-01-16

“Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Хөрөнгө оруулалтын гэрээг маргааш буюу 1 сарын 17-нд байгуулахаар болсон.

Уг гэрээнээс олох ашгийн 50+1 буюу 50-иас илүү хувийг монголын ард түмэн хүртэх бөгөөд монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жилд Франц төдийгүй Европын холбооны улсуудыг тог цахилгаанаар хангах аж.

Мөн 2022 оны 1 сард ЕХ цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гэж зарласан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаруулалттай тэмцэх хамгийн гол арга бол цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юм гэдгийг ЕХ зарласан байна. Манай улсаас олох шар нунтаг цөмийн эрчим хүчний гол түлш болсноор хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хүчин зүйлүүдийн эсрэг хамгийн том хувь нэмэр оруулах юм. 

Энэ гэрээг байгуулснаар Монгол Улс бие даасан тусгаар улс бөгөөд аль нэг улсаас хамааралгүй гэдгийг харуулах том боломж гэдгийг “Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд онцолж байв. 

Уг гэрээ нь Оюутолгойн дараа орох гуравдах хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт аж. 

ШУА-ийн дэргэдэх Физик, технологийн хүрээлэнгийн ЭША, доктор Н.Тэгшбаяр: 

Уран бол цацраг идэвхт ашигт малтмал бөгөөд Ураныг хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой МУ-ын Засгийн газраас баталсан цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой цацрагийн аюулгүй байдлын норм, Олон улсын Атомын энергийн агентлагаас баталсан дүрэм журмыг дагаж уг үйл ажиллагаа явна. Гэрээнд тусгаснаар уг үйл ажиллагаа олон улсын стандартаар явж байгаа эсэхийг Олон улсын Атомын энергийн агентлагийн шинжээчдийн баг 3-4 жил тутам ирж шинжилнэ гэв. 

Мал эмнэлгүүдийн дундын хоршооны зөвлөх, академич, малын их эмч Я.Ганболд:

Ураны хайгуулын явцад малын ямар нэгэн өвчний эмгэг шалтгаан үүсэж байна гэх дүгнэлт гараагүй. Шар нунтаг нь технологийн процесст ороогүй буюу байгалиас олборлож байгаа химийн элемент юм. Тиймээс орчин тойрон болон малд үзүүлэх нөлөө одоогоор илрээгүй байна. Мал эмнэлгийн байгууллагаас явуулсан судалгаа шинжилгээ, туршилтаар одоог хүртэл малд үзүүлэх сөрөг нөлөө илрээгүй гэлээ.       

Уран бол газрын дор 150-200 метрийн гүнд элсэн дээр наалдсан байдаг. Элсэн дээр наалдсан ураныг салгаж авахын тулд 2 хувийн саармагжуулсан хүхрийн хүчлийн тусламжтай гаргаж авдаг буюу 100 литр усанд 2 литр хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний усаар олборлох аж. Ийнхүү хүхрийн хүчилтэй усанд элсэнд наалдсан уран шингэж хайлдаг бөгөөд урантай уснаас ураныг салган авч, шингэн биетээс хатуу биет буюу хамрын тамхи шиг шар нунтаг гаргаж авдаг байна. Үүнд ашигласан усаа дахин ашиглах бөгөөд их хэмжээний ус ашиглана гэсэн ойлголт худлаа гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe