“Bank&Finance” академийн зүгээс “Банкны салбарын секторын судалгаа-2024”-г танилцууллаа. Уг судалгаагаар дэлхийн болон Монгол Улсын ирээдүйн эдийн засгийн нөхцөл байдал, үүнийг даган банк, санхүүгийн салбарт гарч буй өөрчлөлт, нөлөөллийг онцолжээ.
Тус судалгаанаас онцлох нь:
Сүүлийн 2 жил системийн нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах замаар өөрийн хөрөнгийг 447 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Монгол улсын хувьд банканд данстай иргэдийн тоо, болон онлайн банк, мобайл банкны хэрэглэгчдийн хувь хэмжээгээр буюу санхүүгийн байгууллагын хүртээмжтэй байдлын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.
Банкны салбар нь 2004 оноос хойш жилд дунджаар 24%-ийн өсөлттэй байгаа. Тус салбарын өсөлтөд уул уурхайг дагасан эдийн засгийн мөчлөг, төрөөс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ихээхэн нөлөөлжээ.
Банкнуудын төлж буй татварын хэмжээ 2019 онд татварын өмнөх ашгийн 24%-тай тэнцэж байсан бол 2024 онд 37%-тай тэнцсэн байна.
2020 онд нийт зээлийн багцыг иргэд болон байгууллагын зээл ижил хэмжээтэйгээр бүрдүүлж байсан бол 2022 оноос цалин, тэтгэвэр аажмаар нэмэгдсэн нь иргэдийн зээл авах боломжийг нэмэгдүүлсэн. Нөгөө талаас хэрэглээний зээлийг технологид суурилсан байдлаар хурдан шуурхай, хялбар олгож буй нь иргэдийн зээлийн өсөлтийг нэмэгдүүлж 2024 оны байдлаар нийт зээлийн 60% нь иргэдэд олгогджээ.
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гадаадын төрөлжсөн банкны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой заалтуудыг тусгаж өгөхөөс гадна зохицуулагч байгууллагын зүгээс холбогдох дүрэм, журмыг боловсруулсан нь манай улсын санхүүгийн зах зээлд чухал алхам болсон аж.
Эрэлт, нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлсээс шалтгаалан инфляц тасралтгүй өсөх төлөвтэй.
Хэдий инфляцын түвшин тогтворжиж 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 6.7%-д хүрсэн ч 2025 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 6%-аар нэмэгдүүлснээр өрхийн хэрэглээг тэлэх, цаашлаад бусад салбарын суурь цалингийн өсөлтийг өдөөхөөр байна.
Ийнхүү мөнгөний болон төсвийн зөөлөн бодлого зэрэг явах нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилийг өрдөж улмаар эрэлтийн гаралтай хүчин зүйлс инфляцын өсөлтийг дэмжих эрсдэлтэй байна.
Аж ахуйн нэгж болон иргэдийн зээлийн өсөлт 2025 онд өндөр хэвээр байхаар байна.
2025 онд Монгол Улс томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, цалин тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгасан нь төлбөрийн тэнцэл болон валютын ханшид дарамт учруулж тэр хэмжээгээр банкны салбарын эх үүсвэр долларжих, эх үүсвэрийн зардал буурахгүй байх эрсдэлийг дагуулж байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой, нэмэгдсэн хэдий ч дээр дурдсан эдийн засгийн хүндрэлүүд учрах эрсдэл өндөр байгаа тул гадаадын санхүүжилт татахад ихээхэн нухацтай хандах шаардлагатай болохыг харуулж байна.
Экспортын орлого тасалдах, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдэхгүй зэрэг эрсдэлүүд нь банкны зээлийн үйл ажиллагаанд доголдол учруулах, зээлдэгчдийн зээл чанаргүй болох зэрэг эрсдэлүүдийг дагуулж байна гэжээ.
Сэтгэгдэл үлдээх