Махны экспортыг хязгаарласнаар ямар үр дагавар гарах вэ

Ж.Номин
2025-01-30

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гарсан нэг онцлох шийдвэр нь махны экспортод квот тогтоох байв. 

Тодруулбал, “Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ өсөх хандлагатай байна. Иймд махны үнийг буулгах, үнийг тогтвортой байлгах зорилгоор махны экспортод ирэх 6-р сарын 1 хүртэл квот тогтоохоор боллоо. Ингэснээр дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв. 

Учир нь өнгөрсөн өвлийн зуднаар 9.3 сая толгой мал хорогдсон тул малчид малаа өсгөж, зах зээлд нийлүүлэх сонирхол бага байгаа гэсэн юм. Ийнхүү Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдана гэдгийг мөн онцолсон юм.

2024 онд мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 57.6 сая малтай гэж бүртгэгджээ. Малын төрлөөр нь задалбал 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдсон байна. 

Тэгвэл Монгол Улс 50-60 сая малтай хэр нь яагаад дотоодын мах нийлүүлэлт буурч, үнэ нэмэгдэв гэх асуулт хэнд ч урган гарч ирж байгаа байх. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг салбарын төлөөллүүд нь онцолж байв. 

  • Нэгдүгээрт, цаг агаарын нөлөөлөл буюу цастай зудтай хүнд хэцүү нөхцөлд махаа төхөөрч, эсвэл амьд махаа ачиж ченжүүд, үйлдвэрүүдэд нийлүүлэх нь хүндрэлтэй байдаг тул өвлийн улиралд мах нийлүүлэлт буурдаг гэх. 
  • Хоёрдугаарт, өнгөрсөн зун эрт эхэлж, өвс ногооны гарц сайн байсантай холбоотойгоор мал тарга тэвээргээ сайтар авсан байна. Харин энэ өвөл харьцангуй дулаан, зудын нөхцөл байдал бага байгаа тул малчид малаа зарах сонирхолгүй буюу малаа үнэгүйдүүлж зарахын оронд өсгөж үржүүлэх сонирхолтой байгаа аж. 
  • Гуравдугаарт, өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдэд олгодог байсан нөөцийн махны бэлтгэлийг ХХААХҮЯ хариуцан зохион байгуулдаг байсан. Харин 2024 оноос нийслэл уг ажлыг хариуцаж эхэлсэн юм. ХХААХҮЯ-ны зүгээс нөөцийн махны бэлтгэлийг 8,9-р сараас эхэлдэг байсан бол нийслэлийн хувьд 2025 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийг 10 сараас эхлүүлсэн байна. Ингэж нөөцийн махны бэлтгэлийг хугацаа алдаж эхлүүлсэн нь нэг талаараа дотоодын зах зээлд махны нийлүүлэлт буурсантай холбоотой байж болзошгүй аж. 
  • Дөрөвдүгээрт, мал бол малчны өмч. Хэн ч хүний өмчид дураараа халдаж, зар, борлуул гэж шаардах эрх байхгүй. Монгол Улс 50-60 сая малтай байсан ч энэ бол улсын иргэдийн өмч биш гагцхүү тухайн малчдын өмч тул мал, махаа хүссэн үедээ зарж, борлуулах эрх нь тухайн өмчлөгч малчинд байгааг бодох хэрэгтэй юм. 

Тэгвэл өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаар зарласан махны экспортын хязгаарлалт бараг л гэнэтхэн гараад ирсэн шийдвэр гэхэд болох аж. Учир нь Монголын махны холбоо болон мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй утсаар холбогдон уг шийдвэрийн талаар мэдээлэл авахад “Өмнө нь махны экспортод хязгаар тавьж болзошгүй гэж мэдэгдэж байсан ч уг шийдвэрээ гэнэт зарлачихсан. Тийм их хохиролтой биш ч мах экспортод гаргаж буй улсууд буюу импортоор мах худалдан авч буй талуудынхаа итгэлийг алдах, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих, эрсдэл үүсэж байгаа” тухай хэлж байлаа. 

Манай улс Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран, Катар, Хонконг, Вьетнам зэрэг арав орчим улсад их бага хэмжээгээр махаа экспортолдог. Ийнхүү нэг л өглөө “манай улс махаа экспортлохгүй гэнэ ээ” гэх мэдээг худалдан авагч дээрх улс орнууддаа хэлж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын олон улсын худалдааны нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсэж байгаа гэхэд буруутахгүй болов уу.

Өнгөрсөн хугацаанд махны экспортыг хязгаарлаж байв уу?

  • 2000-2010 онд малын гаралтай өвчний тархалт махны экспортод нөлөөлж байсан тул тодорхой үеүдэд хязгаарлаж байсан түүхтэй. 
  • 2012 оны 3 сарын 12-ноос 7 сарын 1-нийг хүртэл дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг түр хязгаарлаж байв. 
  • 2020 оны 2 сарын 6-наас 6-р сар хүртэл махны экспортыг гурван төрөл дээр зогсоож байжээ. Ингэхдээ коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс манай улс БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан махны экспортоо зогсоосон байдаг.
  • 2021 онд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг болон шүлхий, малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор зарим аймаг орон нутагт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Иймд махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан юм.
  • 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлоогүй байна.

Махны экспорт өнгөрсөн хугацаанд хэрхэн хэлбэлзэв?

  • 2015 онд 4.9 мянган тонн, 
  • 2016 онд 9.3 мянган тонн, 
  • 2017 онд 32.2 мянган тонн, 
  • 2018 онд 70.4 мянган тонн, 
  • 2019 онд 58.6 мянган тонн, 
  • 2020 онд 40 мянган тонн, 
  • 2021 онд 22.8 мянган тонн, 
  • 2022 онд 16 мянган тонн, 
  • 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон байдаг. 

Махны экспорт хэнд ашигтай вэ?

  • Махны экспортын үр шим, өгөөж хамгийн түрүүнд малчдад очдог гэх. Учир нь малчид экспортод мах, малын бүтээгдэхүүн гарган орлого олдог. Малын экспорт өндөр хэмжээнд байх нь малчдын бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нэмэгдэж, орлогын эх үүсвэрийг тэлдэг. Экспорт нь малчдын амьдралын чанарыг сайжруулах, малын үнэ өсөх, тэдний амьжиргааг дэмжихэд чухал нөлөөтэй юм.
  • Үүний дараа албан ёсны эрхтэй мах экспортлох үйлдвэрүүд орно. Малын экспорт нэмэгдэх нь махны боловсруулалтын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн экспортын хэмжээ өсөхөд ажиллах хүчний эрэлт нэмэгдэж, ажилгүйдэл буурах боломжтой.
  • Мэдээж монголын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлдэг. Малын экспорт нь Монгол Улсын гадаад худалдааны орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болдог. Экспортын орлого нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад өрийн хэмжээг бууруулахад тустай юм.
  • Мөн Монгол Улс мах, малын бүтээгдэхүүн экспортлох замаар гадаад зах зээлд олон улсын худалдааны түншүүдтэй харилцаагаа өргөжүүлж, махны чанараараа дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгодог. 

Махны экспортыг хязгаарласнаар ямар эрсдэлүүд үүсэж болзошгүй вэ?

  • Экспортын орлого буурах: Хэрэв экспорт хязгаарлагдвал экспортын орлого алдагдаж, улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.
  • Малчдын орлогын бууралт: Экспорт хязгаарласнаар малчдын орлогын эх үүсвэрийг хязгаарлагдана. Ингэснээр малчдын амьдралын чанар, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бууруулдаг.
  • Тээвэр, боловсруулах салбарт нөлөө: Мах боловсруулах үйлдвэрүүд, тээвэр логистикийн компаниудын үйл ажиллагаа ч суларч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх эрсдэлтэй. 
  • Олон улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй: Экспортын хязгаарлалтууд нь Монгол Улсын олон улсын худалдааны нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хөрш орнууд болон дэлхийн зах зээл дээр Монгол Улсыг экспортын орон гэж үздэг тул хязгаарлалт нь худалдааны хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар авчрах боломжтой юм.

Мэдээж Засгийн газар энэ удаагийн махны экспортын хязгаарлалтыг дотоодын хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлж буй нь тодорхой.

Гэхдээ нэг өглөө сэрээд л шууд шийдчихдэг биш, аль аль талдаа ажил амьдрал явж байгааг бодолцож шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэйг энэ жишээ дахин харуулж байна. Махны экспортод хязгаар тогтооно гэдгээ хэдэн сарын өмнөөс мэдэгдэж, харилцагч талууд буюу экспортлогч улс, түншүүддээ урьдчилан мэдэгдэх хугацааг өгөх хэрэгтэйг бодолцсонгүй гэж үү?

Засгийн газар энэ маягаар гэнэтийн шийдвэрүүд гаргаж байгаа нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ итгэлийг алдах, цаашлаад гадаад хамтын ажиллагаат байгууллагууд Монгол Улсад итгэх итгэл алдарч байна гэхэд буруутахгүй. Аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ гэж том том амлалт өгч байхаар гаргах гэж буй шийдвэрүүдээ урьдаас мэдээлж, анхааруулж, тухайн шийдвэрт бэлтгэх хугацааг олгох дадалд суралцмаар байна, Засгийн газрын эрхэм түшээд ээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe