Долларын ханш 3448 төгрөгт хүрч "даналзаж" байгаа бол хар зах дээр 3500 давж тэнгэрт хаджээ.
Хэдийгээр валютын нөөц 5 тэрбум ам.доллар руу дөхсөн ч валютын ханш тогтвортой байна гэж хэлэх боломжгүй. Учир нь, гадаад худалдааны тэнцэл аялал жуулчлал дээр 1 тэрбум долларын алдагдалтай гарчээ. Бид нүүрс, зэсний мөнгөнөөсөө давсан аялал хийж бэлэн долларын урсгал гадагш нэмэгдсэнийг энэ тоо харуулж байна.
Тодруулбал, өнгөрсөн онд 11-р сараас 12-р сар хүртэл Тайланд зэрэг улс руу явсан аялагчдийн тоотой харьцуулахад 2 ДАХИН өсжээ. Товчоор бол утаанаас дайжсан Монголчуудын гадаад аялал улсын эдийн засагт болон долларын урсгалд сөргөөр нөлөөлөв. Өөрөөр хэлбэл, утааны асуудлаа шийдэхгүй бол жилдээ 1 тэрбумын долларын алдагдал үйлдвэрлэж байна. Энэ эргээд төгрөгийн ханшийн сулралд хүргэжээ.
2020 онд гадагш аялахад 550 сая доллар зарцуулж байсан бол 2024 онд 1,6 тэрбум доллар болж 3 дахин өсжээ. Доорх графикаас илүү дэлгэрэнгүйг харах боломжтой.
Инфляц төв банкны зорилтот түвшин болох 8 хувьд хадгалагдах БОЛОМЖГҮЙ
Өнгөрсөн оны 12-р сард улсын хэмжээнд инфляц 9 хувь гарсан. Энэхүү 9 хувийн инфляцийн 2 хувийн нэмэгдэл нь эрчим хүчний үнэ, сургалтын төлбөрийн нэмэгдлээс бий болжээ. Эрчим хүчний үнийг 30-аас 90 хувь нэмэгдүүлснээр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Учир нь цахилгааны үнэ нэмэгдсэнээр барааны өртгийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өсөж байгаа юм. Мөн 1,4 хувийн инфляцыг махны үнийн өсөлт бүрдүүлжээ.
Энэ мэт шалтгааны улмаас Төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжүүлнэ гэдгээ зарлалаа. Мөн 5-р сарын нэгнээс дулааны үнэ нэмэгдэнэ. 2025 оны хувь инфляцийг 6(+-2) буюу 8 хувьд барихад хүнд тул Төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжүүлнэ.
2025 оны эцэст 8 хувь руу инфляц орж ирэх байх гэсэн тооцооллыг хийжээ.
Банкуудад 10 их наяд төгрөгийн зээл гаргах нөөц бий. Гэхдээ зээл гаргах уу? Төв банкны үнэт цаас болгоод эрсдэл хийхгүй хав дараад суух уу гэдэг нь анхаарал татаж байна. Энэ мөнгийг эргэлдүүлж зээл болгон гаргаж, бизнесийнхэндээ дэм өгөх, цусны эргэлтийг нэмэх хэрэгтэй байгаа юм. Учир нь хэрэглээний зээл, бизнесийн зээл олгосон байдал 50/50 байна. Угтаа бол бизнесийн зээл нэмэгдэж, ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих ёстой билээ.
Сэтгэгдэл үлдээх