"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж буй.
Энэ үеэр Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл сайжруулсан шахмал түлштэй холбоотой тайлбар, дүгнэлт танилцуулсан юм.
Тэрбээр, Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох Тавантолгойн нүүрс нь манай орны хамгийн сайн судлагдсан нүүрс бөгөөд хүн ба байгаль орчинд хортой элементүүд маш багатай болох нь олон судалгаагаар батлагдсан. Харин үндсэн түүхий эд миддлинг нь Багануурын түүхий нүүрстэй харьцуулбал чийглэг болон дэгдэмхий бодисын агуулга бага, илчлэг өндөр давуу шинж чанаруудтай боловч үнслэг болон хүхэр харьцангуй ихээр агуулдаг дутагдалтай.
2019-2024 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд Барьцалдуулагчийн шинжилгээг олон удаа хийсэн ч хортой бодис илрээгүй.
Тавантолгой түлш компанийн баримталж буй барьцалдуулагчийн стандарт нь хэт ерөнхий, эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой заагаагүй учир чанарыг нь үнэлэхэд хүндрэлтэй байна гэжээ.
Харин угаарын шалтгааныг зуух яндангийн эвдрэл гэмтэл, түлшийг буруу шатааснаас үүдэлтэй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, түлшийг зууханд хэт ихээр овоолох, том бүхэллэг түлш хэрэглэх, шаталтад агаар дутагдах зэргээс шалтгаалж угаарын эрсдэл үүсдэг хэмээн үзжээ. Мөн нүүрсний найрлага, чийгийн агуулга, үнсний агуулга их байгаа тул угаар үүсдэг гэв.
Сэтгэгдэл үлдээх