Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс бөгөөд манай улсын хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг юм. Улсын хэмжээнд 480.6 мянган тэмээ тоолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 мянга буюу 1.4 хувиар өссөн байна. Харин Өмнөговь аймаг өнгөрсөн өвөл 148,200 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Тэгвэл Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Түмэн тэмээний баяр"-ыг 26 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “Орон нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэмээний ашиг шим, бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор хоногт 4-12 тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг төр хувийн хэвшлийн хамтын зарчмаар амжилттай байгуулсан. Мөн тэмээний ноос, хонины ноос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна” гэв.
Түүнчлэн хоёр бөхт тэмээний ашиг шим, судлагдаагүй өвчнийг илрүүлэх оношлох эмнэл зүйн эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор тэмээний төрөлжсөн эмнэлэг “Тэмээ судлалын төв” 2025 онд ашиглалтад оруулна гэдгийг онцолсон байна.
“Түмэн тэмээний баяр 2025” наадмаар уламжлал болгон зохиодог "Тэмээтэй сайхан хос", "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх “Монгол тэмээ–Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй уралдаан тэмцээн, тоглолтыг зохион байгуулсан аж.
Тус наадамд нийт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас 24,500 гаруй оролцогч, гадаадын 10 гаруй улс орны 100 гаруй мэргэжилтэн, аялагч жуулчид оролцлоо. Мөн таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлсэн бөгөөд зөвхөн сүү, цагаан идээн дээр хоёр өдөрт 78,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Сэтгэгдэл үлдээх