УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хэнийг шоронд оруулж, шороонд булчхав

Ж.Номин
2025-02-10

Юу болов?

  • АН-аас жагсаалтаар дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёс зүйн асуудал сошиал орчинд хөндөгдөж эхлэв.
  • Тодруулбал, тэрбээр сошиал хуудас дээрээ “Миний мууг үзэж элдэвлэж яваад зарим нь шоронд, зарим нэг нь шороонд булагдсан даа хөөрхий” хэмээн бичсэн аж. 
  • Тэгвэл юунаас болж ийм ёс зүйгүй үг үйлдэл гаргав?

Түүх сөхвөл

  • 2022 онд 6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч буй талаар хэвлэлүүд сурвалжилж байв. 
  • Хүүхдүүдийн ээж жил гаруйн өмнө өөд болж, хүүхдүүд хорооноосоо халамж, тэтгэмж, хүнсний талон авах нь битгий хэл хүүхдийн 100 мянган төгрөгөө ч авдаггүй гэж байлаа. 
  • Хүүхдүүдийн гэрт танихгүй согтуу хүмүүс ирж унтаж байгаа тул тухайн үед багшаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хүүхдүүдийг анхааралдаа авч, өөрийн “Багшийн хайр” ТББ-аараа дамжуулан иргэд, олон нийт болон багш нараас хандив цуглуулжээ. 
  • Тухайн үед хандивын мөнгө 80 сая төгрөг цугларсан ч тэрээр багш нарын дунд спорт тэмцээн зохион байгуулахад тус мөнгөнийхөө ихэнхийг зарцуулсан байна.
  • Ийнхүү цугларсан 80 сая төгрөгөөс 25 сая төгрөг үлдэж, тухайн үед ТББ-ынх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Идэржавхланд учир байдлаа хэлж, байр хайх ажлыг даалгажээ.
  • Ийнхүү Б.Идэржавхлан дүүгийнхээ түрээсэлж байсан байрны үнийг хямдруулж, заруулахаар болж, хүүхдүүдийг орох оронтой болгосон гэх. 
  • Харин Ц.Мөнхтуяа багш байрны үлдэгдэл мөнгийг өгөхгүй, байрыг хүүхдүүдийн нэр дээр бус хувь хүний нэр дээр шилжүүлсэн байжээ. 
  • Гэтэл саяхан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын групп дээр лайв хийхдээ “Хүний хайр даахгүй. Хүний босгоод бүтээгээд өгсөн юман дээр олигтойхон амьдарч чадахгүй юмнуудтай би дахиж харьцахгүй. Олон мянган багш нарынхаа өмнөөс нүүрээ улалзуулж гуйгаад байртай болгоод өгсөн. Амьдарч чадахгүй бол хохь нь болохоос яах вэ дээ. Нас биед хүрсэн хүмүүс. Их дургүй хүргээд байвал тэр байрыг чинь олны нүдэн дээр аваад, хөөж гаргаад, нэг ядарсан ахмад багш оруулсан ч болж байна. Албагүй шүү дээ. Тэд байсан газар руугаа явна биз. Би нэг ядарсан багшийг лайвдаад л оруулчихна. Уур хүргээд, олон юм донгодоод байвал. Алба ч байхгүй” гэж ярьжээ. 
  • Түүний энэ яриа нь хандив өгсөн багш нар болон дүүгийнхээ байрыг хямдаар зуучилж өгсөн Б.Идэржавхлангийн эгдүүг хүргэж, сошиал дээр ийнхүү дайн эхэлжээ. 

Учир шалтгааныг тайлбал

  • Тухайн хандивыг босгосон багш нар болон олон нийт дөрвөн хүүхдэд л гэж зориулж тухайн мөнгийг өгсөн. 
  • Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхгүй, өөрийн өмч мэт аашилж, хүүхдүүдийг хөөж тууна гэсэн нь Б.Идэржавхлангийн дургүйцлийг хүргэж, өөрийн цахим хаягтаа учир шалтгааныг тайлбарлан бичиж, “Яагаад олон нийтийн хандиваар боссон байр таны мэдлийнх болчихдог юм? Яагаад үйлдвэрчний эвлэлийн гишүүн багш нарын татвараар төлж гүйцээж авсан байрыг та мэддэг юм? Яагаад та хандивын 25 сая төгрөгийг хувьдаа ашигладаг юм” хэмээн асуужээ.
  • Хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Үнэнийг цаг хугацаа шүүдэг болохоос өчүүхэн өт хорхойнууд шүүдэггүй юм. Атаархал хорсол ханхалсан мөнгөний боолууд надаас хол байгаарай. Намайг чадах гэж яваад өөрсдөө ниргүүлдэг шүү. Удахгүй нэг түүх яримз” гэж пост хийсэн байна. 
  • Мөн уг постныхоо сэтгэгдэл хэсэгт дээр дурдсан “Миний мууг үзэж элдэвлэж яваад зарим нь шоронд, зарим нэг нь шороонд булагдсан даа хөөрхий” хэмээн бичжээ. 

Тэгвэл нэг асуулт байна. Эрхэм гишүүн Ц.Мөнхтуяа та хэнийг шоронд оруулж, хэнийг шороонд булчхав аа?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe