Өнөөдөр Төрийн ордонд Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган боллоо. Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн байна.
Ийнхүү Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэсэн аж. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулсан юм.
Гадаадын улс орнууд хиймэл оюуны хөгжилдөө хүч хаяж, хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал, хиймэл оюуны салбарын дэд бүтцээ хөгжүүлж, дата төвүүдийг барихад 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зарласан бол ЕХ болон Франц Улс хиймэл оюуны дэд бүтцийг 200 тэрбум доллароор байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл манай улс хиймэл оюуны стратеги төлөвлөлтөө хэлэлцэж байгаа нь энэ аж.
Чуулганы үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх