Монгол Улсын шүүх 2024 оны гуравдугаар улиралд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох 1479 хэрэг шийдвэрлэжээ. Энэ тооны цаана 3890 бяцхан зүрх цохилж байна.
Үүнээс дүгнэвэл гэр бүлээ цуцлуулсан нэг өрхийн 2-3 хүүхэд сонголтгүйгээр бүтэн амьдралаас хагацсан аж.
Энэ бол хамгийн сүүлийн статистик мэдээ.
Эртний Грекийн философи, Ромын эрх зүй, тэр ч байтугай Монголын уламжлалт соёлд ч гэр бүл нь нийгмийн цөм нэгж гэж үздэг байв.
Орчин үед энэ үзэл санаа төрийн хамгийн бага нэгж гэх тодорхойлолттойгоор нийгэм, соёлын тогтолцоонд бат бэх хэвээр үлдсэн.
Учир нь хүн амьдрах, өсөж хөгжих, соёл, ёс заншил, үнэт зүйлсийг өвлүүлэх хамгийн чухал орон зай бол гэр бүл. Иймд гэр бүлүүдийн тогтворгүй, харилцаа хандлагын зүй бус зан үйл газар авах тусам улс орон доройтох шалтгаан болдог. Ялангуяа хүүхдийн хүмүүжил, боловсрол, төлөвшил онцгой нөлөөлнө. Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон хэн бүхэнд бүтэн амьдрал, өнөр бүл ерөөдөг нь дан ганц зүүсгэл гоёл төдий хий үг биш.
2023 онд 17408 гал голомт бадарч, 4776 нь бөхжээ. 27 гаруй хувь нь шийдвэрээсээ няцаж нэг өрх бус 9552 бодгаль болон бутарсан. Тэд үүнийгээ шийдэл хэмээн зөвтгөх байх. Гэхдээ гэр бүл салах нь угаасаа буруу.
Монгол хэлний их тайлбар тольд “уг” гэх үгийг юмны ёзоор, язгуур хэмээн тайлаад, модны угаар жишээ татаж. Иймд гэр бүлээ цуцлуулахыг “угаасаа” буруу гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр тамгалъя.
Хоёр хүн биенээ сонирхож, шохоорхож, уулзаж, болзож, биологийн хэрэгцээгээ хангаж, бусдад саад учруулахгүй л бол юугаа хийх нь маньд падгүй. Энэ бол эрх чөлөө.
Харин гэр бүл зохиож, төрд бүртгүүлэх бол өөр хэрэг. Улс орны ирээдүй хойчийг залгуулахад бэлэн болж, төрийн нэгж, нийгмийн үндэс болохоо баталгаажуулан хариуцлага үүрч буй албан бичиг бол Гэрлэсний гэрчилгээ. Товчхондоо биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засахын нэр. Хайр гэж юу болох, сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах учраа олчихоод хийдэг “ажил” юм.
Гэр бүл болохын эхний зарчим бол сайн дурын байх. Сайн дур өөрөө их явдалтай. Хэн ч шахаж тулгаагүй байхад өөрийн хүсэл зоригоор үйлдээд, үр дагаварыг нь өөрөө л үүрнэ гэсэн үг.
Гэхдээ гэрлэсний гэрчилгээ хүчингүй болоход 70 хувьд нь “тэр” үр дагаврыг ямар ч сайн дургүйгээр эдлэх ялтан хүүхэд болж байгааг судалгаа харуулж байна.
Үүн дээр гэрлэснээ батлуулаагүй ч хүүхэдтэй болоод, хоёр тийш болсон улс мөн нэмэгдэнэ гээд бодох хэрэгтэй.
Тэгвэл гэмгүй бяцхан зүрхнүүдийн амьдрах наад захын хэрэгцээг хангахад зориулж тэжээн тэтгэх үүргээ албан шаардлагаар биелүүлэхэд 454 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ бол Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшингээр тогтоосон нэг хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ.
Харамсалтай нь ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хошууч Б.Буянбадрахын мэдээлснээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлүүлсэн эдгээдүүдийн 50 хувь нь л асуудалгүй.
Үлдсэн 50 хувь нь орлогоо нуух, төлбөрийн чадамжгүй мэт дүр эсгэх, бусдын нэр дээр хөрөнгөө шилжүүлэх зэргээр хариуцлагаас бултдаг байна.
Сүүлийн 5 жилийн тоон мэдээнээс харахад жил бүр 7-10 мянган хүүхэд асран хамгаалагчдынхаа бүтэн хайр халамж байтугай аль нэгнийх нь хариуцлагын зийг ч амсаж чаддаггүй. 2023 онд л гэхэд 8352 хүүхдийн 30 сая 893 мянга 800 төгрөгийн тэтгэлэг огт төлөгдөөгүй байна.
Үүнийг таслан зогсоохын тулд зорчих эрхийг нь хязгаарлах, эд хөрөнгө, орлого, банкны дансанд хязгаарлалт тавих, битүүмжлэх зэрэг арга хэмжээ авдаг. Гэсэн ч банкны дансаа хаагдахаар хүүхдийн тэтгэлгээ төлчихөөд, нээгдэхээр нь буцаад төлөхөө больдог увайгүй этгээдүүд ч байдаг аж. Тэдэнд харин болохоо болиход эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл хуулийн зохицуулалттай байдгийг сануулах нь зүйтэй.
Судалгаагаар салсан гэр бүлд өссөн хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй, өөртөө итгэлгүй болох, сурлагын амжилт буурах, цаашлаад насанд хүрсэн хойноо тогтвортой харилцаа үүсгэхэд хүндрэлтэй байх магадлал өндөр байдаг. Гэвч энэ бүхэн зөвхөн гэр бүл салалтын улмаас үүсдэггүй. Харин салалтын дараа эцэг, эхийн аль нэг нь хариуцлагаа ухамсарлахгүй байх нь хүүхдэд хамгийн их хор уршигтай.
Хошууч Б.Буянбадрах “Гол нь тэтгэлгийн мөнгөндөө биш. Үр хүүхдэдээ үүнээс илүүг зориулах ёстой” хэмээж байв.
2021 оныг 2023 онтой харьцуулахад гэрлэснээ цуцлуулах нь 28.8 хувиар өссөн. Энэ бол мэдлэг олоход хялбар мэдээллийн эрин зуунд хүн, нийгмийн хөгжилтэй урвуу хамаарах учиртай дүн. Авчиг ийм байгаа нь харамсалтай. Юуны өмнө хувь хүнээ боловсруулж, хариуцлагаа ухамсарлаж, биеэ засчихаад гэрээ засаж, хайр хийгээрэй. Гол нь хүүхэд шүү.
Сэтгэгдэл үлдээх
Нэг нь ялтан нөгөө нь харгалзагч шиг харьцаатай бол салсан нь зөв шийдэл мөн.
Gest
Дэмжих үү?
1 0Huuhdiig ni gargachixval ene zaluu miniih gsn haranhui bodloosop salchixval ene asuudal 100% alga bolno.
Guest
Дэмжих үү?
7 0