Өвлийн аялал жуулчлалын бодлого муу байгааг мөсний баярууд нотоллоо

Ж.Номин
2025-02-17

Монгол Улс аялал жуулчлалын тал дээр хоцрогдсон, жуулчдад ээлгүй орон гээд хэлчхэд буруутахгүй. Юмны үнэ нь тэнгэрт хадсан, аялал жуулчлал руу чиглэсэн бүтээн байгуулалт ховор, бүр наад захын хэрэгцээг хангах боловсон ариун цэврийн байгууламж ч байхгүй.

Гэтэл Ерөнхий сайд нь жилд 1 сая жуулчин татах зорилт тавьж, тэрнийхээ төлөө гадаадын олон сая дагагчтай инфлүүнсерүүдийг мөнгөөр зодон авчирч, татвар төлөгчдийн мөнгийг тарамдаж буй нь үнэн. 

Зуны дэлгэр цагт ч яах вэ, байгалийн сайхнаараа л жуулчдыг татаж байгаа манай улсад өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх шаардлага бий. Монгол оронд өвөл ирдэг жуулчдын ихэнх нь Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр, Өмнөговийн “Түмэн тэмээний баяр”, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр”-ыг зорин ирдэг байна. Энэ дунд хамгийн хүлээлттэй байдаг баяр бол Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр. 

Энэ жилийн тухайд "Хөх Сувд" мөсний баяр нь хоёрдугаар сарын 13-22-нд болж буй. 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг баяраар мөсөн хотхон байгуулах, мөсөн дээрх спортын тэмцээн, ардын урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ төлөвлөжээ. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн амралтын хоёр өдөр болдог байсан тус баярыг зорин ирэх зочдын тоо жил ирэх тусам өсөж буй тул ийнхүү ес хоног үргэлжилж буй аж. 

Гэтэл өвлийн аялал жуулчлалын хүрээнд зохион байгуулдаг, жуулчдын хамгийн их сонирхдог уламжлалт баяр дээр салбарын сайд нь сүүдрээ ч тусгаагүй гэнэ. Угтаа бол салбарын сайд нь очиж, олон улсын жуулчдад ямар ач холбогдолтой, онцлогтой баяр вэ гэдгийг сурталчлан таниулж, тэндхийн бодит нөхцөл байдал, уур амьсгалыг биеэрээ мэдрэн, дараа дараагийн жилүүдэд юун дээр анхаарч ажиллавал гаднаас ирэх аялагчдыг татах вэ гэдгийг тооцоолох, ойлгох нь дээрсэн. 

24 жил тасралтгүй зохион байгуулж буй мөсний баяраа үл тоосон сайд маань Улаанбаатар хотод цоо шинэ баяр зохион байгуулж буй нь “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль аж. Уг фестиваль энэ сарын 16-22-ны өдрийг дуустал бүтэн 7 хоног үргэлжлэх гэнэ. Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар" өвлийн наадмыг амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. 

Мэдээж Хөвсгөл явж, мөсний баярт оролцож амжихгүй нийслэлчүүдэд энэ баяр таалагдах нь гарцаагүй. Түүнчлэн дээрх гурван өвлийн аялал жуулчлалын хоёр нь ССАЖЗЯ–ны дэмжлэгтэй бол нэг нь Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан байна.

Бодлогоо зангидаж, нэгдсэн нэг зохион байгуулалтаар ажиллахгүй, ингэж тал талд хүч тарамдан, гурван талд гурван өөр мөсний баяр наадам зохион байгуулж байгаа нь хэр зохимжтой бол.

Нэгдсэн бодлогогүй, хэдэн талд болж буй мөсний баяр, өвлийн баяр, фестивалиудад жуулчид битгий хэл улсынх нь иргэдийн толгой эргэж, аль нь яг ямар ач холбогдолтой, онцлогтой вэ гэдэгт эргэлзэж буй нь дамжиггүй. 

Үнэхээр өвлийн аялал жуулчлалаа дэмжээд, тал талд баяр зохион байгуулаад жуулчдыг татаж, эдийн засгаа дэмжиж чадаж байвал сайн байна, сайд аа. Гэхдээ тайлангаа тавихаа мартав аа. 

Энэ олон баярыг хэчнээн жуулчид зорин ирж оролцов, баяр зохион байгуулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн төгрөг зарцуулав, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн орлого орж, эдийн засагт ямар нөлөө үзүүлэв, зарлагаа нөхөж, орлого төвлөрүүлж чадав уу гээд асуух, мэдэх зүйл их байна шүү, Ч.Номин сайд аа. 

Сэтгэгдэл үлдээх

Номин сайд гэх шиг. Хачин хүний өөдөөс үг сөрөхөөс өөр юу ч мэдэхгүй. Аав нь гацууртийн Чинбат шдээ. Ургах нарангийн хойд энгэрт ори студио гээд барилгыг ар ын мөнгөөр босгосон...

Зочин

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe