Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 онд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх санал гаргаж, саналыг УИХ дэмжсэнээр 2020 оны хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг тэглэж байв.
- Зээлийг тэглэхдээ Салхитын мөнгөний ордыг төрд буюу “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-д хураан авч, бонд босгоод
- Тэтгэврийн 6 сая хүртэлх зээл тэглэхэд 736 тэрбум төгрөг,
- Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгоход 236 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ийнхүү тухайн үедээ уг ажлыг хийсэн улс төрчид магтуулж, шагшуулж, ахмадууд баяртай байсан ч ТАВАН жилийн дараа энэ мөнгөний өр нэхэгдэж, улсын төлбөрийн тэнцэлд муугаар нөлөөлж эхэллээ.
Юу болов?
- Тухайн үед тэтгэврийн зээл тэглэхэд Салхитын мөнгөний ордыг барьцаалж авсан бондын өр 1 их наяд гаруй болжээ.
- Нийт өрнөөс 150 гаруй тэрбумыг төр төлж, одоо өрийн үлдэгдэл 850 тэрбум байна.
- Гэвч Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК ямар ч мөнгөгүй болж, өрөө дарж чадахгүй болсон аж.
- Тиймээс Засгийн газар уг бондод баталгаа гаргаж, өрийг урт хугацаанд төлж барагдуулах боломжтой болжээ.
Тэтгэврийн зээл тэглэхэд оролцсон, дэмжсэн зарим улс төрч
Санаачилсан: Х.Баттулга
- Тухайн үед Ерөнхийлөгч
- Одоо УИХ-ын гишүүн
Дэмжсэн: У.Хүрэлсүх
- Тухайн үед Ерөнхий сайд
- Одоо Ерөнхийлөгч
Дэмжсэн: Л.Оюун-Эрдэнэ
- Тухайн үед ЗГХЭГ-ын дарга
- Одоо Ерөнхий сайд
Өөрөөр хэлбэл,
- 2020 онд тэтгэврийн зээлийг манай улс хадгаламж, эсвэл бэлэн мөнгөнөөс бус зээл авч дарснаар зээлийн эргэн төлөлт хэцүүхэн байдалтай байна.
- Тухайн үед зээл тэглэж ачтай буянтай хэмээн магтуулж байсан дээрх улс төрчид өнөөдөр төрийн дээд албан тушаал хашсан хэвээр байгаа юм.
- Тэгвэл тэд хувь хүний зээлийг төр дарж өгнө хэмээн популизм хийсний гай таван жилийн дараа гарч улс нь өрөндөө баригдаж байхад, үүнээсээ сургамж авахгүй дахин популизм хийсээр байна.
Тэдний дараагийн популизм
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд А.Амундрагийн хөтөлсөн Хуримтлалын сангаар дамжуулан иргэн бүрд 10 сая төгрөг олгох талаар нэвтрүүлэг гарлаа.
- Нэвтрүүлгийн агуулга нь хувийн хэвшилд байгаа стратегийн ордуудын 34 хувийг төрд авснаар Хуримтлалын санд хувьд ногдох ашиг нь хуримтлагдаж, иргэн бүр баялгаас хүртэнэ гэсэн байна.
- Энэхүү мөнгийг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, байр орон сууц худалдан авах зэрэгт зарцуулах боломжтой аж.
Популизм гэхийн учир
- Төрөөс их хэмжээний мөнгө тарааснаар нийт эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Тухайлбал дараах эрсдэл гарч болно.
Төгрөгийн ханш суларна
Өнөөдөр нэг доллар 3500 төгрөгтэй тэнцэж байх нь дээр үү, 10 саяа аваад 7000 төгрөгтэй тэнцүүлсэн нь дээр үү?
Үнийн хөөргөдөл
3.5 сая иргэндээ нэг дор 10 сая төгрөг өгөөд, түүний дор хаяж 10 мянган хүн нь байрны урьдчилгаа хийнэ гэж тооцвол байрны эрэлтийг өсгөж үнэ хөөргөх эрсдэлтэй.
Инфляц нэмэгдэнэ
Зах зээл рүү их хэмжээний мөнгө нийлүүлэгдсэнээс бол инфляц нэмэгдэнэ. Уг 10 сая төгрөгийг гурван чиглэлд л зарцуулах боломжтой, шууд зах зээл рүү орохгүй учир инфляц нэмэгдэхгүй гэж тайлбарлаж болох юм.
Гэхдээ жишээ аваад үзье, та өөрт байсан 3 сая төгрөгөөр оюутны сургалтын төлбөр төлөх гэж байсан ч төрөөс танд 10 сая төгрөг өгчихвөл өөрт байсан 3 сая төгрөгөөрөө зах зээлээс худалдан авалт хийнэ. Мэдээж ганц иргэн ингэснээр инфляцад нөлөөлөхгүй ч 10 сая төгрөгийг иргэн бүрд тараах учир энэ бол гарч болох эрсдэл.
Ажил хийх хүсэлгүй болно
Төрөөс их хэмжээний мөнгө тарааснаар иргэд “ төрөөс мөнгө өгчих юм чинь дээ” гэсэн сэтгэхүйтэй болж, ажил хийх хүсэлгүй болно. Ингэснээр ажиллах хүчний хомсдол нүүрлэж, эдийн засгаа доош татах эрсдэлтэй.
- Эдгээр нь эдийн засагт гарч болох наад захын л эрсдэл. Үүнээс өөр том, жижиг янз бүрийн асуудал гарч болно.
- Популизм гэдэг бол ард түмний нэрийг барьж, ард түмнээ сайхан амьдруулна гэсэн нэрийн дор иргэдийнхээ аж амьдралыг нь улам муутгаж байдаг зүйл.
- Тэтгэврийн зээлийг тэглэхэд ахмадуудын амьдрал сайхан болчихно хэмээж байсан ч өнөөдөр ч ахмадууд зээлэндээ баригдсан, өрнөөс өрний хооронд амьдарсан хэвээр байна.
Хамгийн сонирхолтой нь…
- 2020 онд тэтгэврийн зээлийг тэглэж, ахмадуудаа баярлуулах ёстой хэмээн ярьж явсан улс төрчид өнөөдөр 10 саяын асуудалд яг адилхан зүйл ярьж явна.
- Хуримтлалын сангаас иргэн бүрд 10 сая төгрөг санаачилгын суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж батлуулсан.
- Тэгвэл Х.Баттулга гишүүн болсноосоо хойш "Хөх Монголын Хөх Туг" аянгаараа Үндэсний баялгийн сангийн агуулгыг дэмжсэн уулзалтуудыг хийж буй.
- Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад тэтгэврийн зээл тэглэх санаачилгыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар дэмжиж, ажил хэрэг болгож байсан бол өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн гаргасан 10 саяын санаачилгыг Х.Баттулга дэмжиж харагдана.
- Тэдний зорилтот бүлэг эхлээд ахмадууд байсан бол одоо хүрээгээ тэлж, нийт иргэн болжээ.
Хамгийн гол нь, улс төрчдийн популизмын гайг иргэд, ААН л нуруундаа үүрдэг билээ.
Сэтгэгдэл үлдээх