Ч.Мандахбаяр: Манай тамирчид тэмцээндээ жигдэрсэн хувцастай ч явж чаддаггүй

Ж.Номин
2025-02-18

Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээн үргэлжилж буй. Энэ жил таван улсад цувралаар зохиогдож буй уг тэмцээн одоогоор Солонгос, Швейцар, Франц Улсад зохиогдоод байгаа юм. Уг тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртэж, дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж буй Мөсөнд авиралтын ОУХМ, дасгалжуулагч Чулаанбаатарын Мандахбаяртай ярилцлаа.

Ярилцлагыг зургаар харах бол энд дараарай.

- Сайн байна уу? Ярилцлагаа сүүлд оролцсон тэмцээнээс нь эхэлье. Ямар амжилт үзүүлээд ирэв?

- Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээн 3 улсад зохиогдоод байна. Одоогоор Швейцар Улсад болсон тэмцээнээс мөнгөн медаль, Франц Улсад болсон тэмцээнээс алтан медаль аваад ирсэн. 

- Уг тэмцээнүүд нь юугаараа онцлог байв, монголчууд хэр амжилттай оролцов? 

- Одоо үргэлжилж буй мөсөнд авиралтын тэмцээнүүдэд 25 орны 120 гаруй тамирчин оролцож байгаа. Франц Улсад маш өндөр ач холбогдолтой тэмцээн зохиогдсон. Учир нь 2030 онд Франц Улсад болох өвлийн олимпоор мөсөнд авиралтын төрлийг олимпын төрөлд оруулахаар маш амбицтай ажиллаж байгаа. Эрэгтэй төрөлд би алт авсан бол хүрэл медалийг манай багийн Н.Хэрлэн авсан. Харин эмэгтэй төрөлд Н.Сэлэнгэ тамирчин маань алт авсан. Ийнхүү Францаас монголын баг 2 алт, 1 хүрэл медальтай ирсэн. 

- Хэзээнээс уг спортоор хичээллэж эхэлсэн бэ, ямар ямар амжилт үзүүлэв?

- Спорт авиралтын төрлөөр 2013 оноос хичээллэж эхэлсэн. Тухайн үед дасгалжуулагч багш нь манай үеэл ах байсан учир хичээллэж эхлэхэд их түлхэц болсон. Харин мөсөнд авиралтын төрөлд 2019 оноос бэлтгэл хийж эхлээд, 2020 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 2023 онд олон улсын тэмцээнээс анхныхаа хүрэл медалийг авсан. Тэрнээс хойш одоогоор дэлхийн цомоос нэг хүрэл, хоёр мөнгө, хоёр алт авч, өнгөрсөн оны дэлхийн цувралуудын аварга болсон. 

- Олон улсын тэмцээнүүдэд явахдаа зардлаа хэрхэн шийдэж байна, спортын салбарын төрийн байгууллагуудаас дэмжлэг ирдэг үү?

- Өмнөх жилүүдэд жилдээ 2-3 тэмцээнд оролцдог байсан. Солонгос, Орос зэрэг ойрын, зардал багатай улсуудад тэмцээнүүд ихэвчлэн болдог байсан тул харьцангуй гайгүй байдаг байсан. Энэ жилийн тухайд жилд хамгийн багадаа 5 удаагийн цуврал тэмцээн зохиогдож эхэлж байна. Мэдээж бүх тэмцээнд оролцохдоо зардлаа 100 хувь гаргана гэхээр тамирчдад маш хүндрэлтэй байдаг. Миний хувьд олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн цагаасаа “Ayanchin Outfitters” компани, “UB Hiking” клубийн тусламж, дэмжлэгийг авсан.  

- Авиралтын спортоор хичээллэхээр сонирхож байгаа хүмүүс энэ спортоос ямар кайф мэдрэх боломжтой вэ?

- Манай спорт бол өндрийн спорт. Тодорхой хэмжээний өндөрт авирч буудаг. Мэдээж дотроо хэд хэдэн төрөлтэй. Жишээ нь, спорт авиралт гурван төрөлтэй бол мөсөнд авиралт хоёр төрөлтэй. Дээшээ өндөрт авирахаар тодорхой хэмжээнд айдас авна. Тэр айдсаа эргүүлээд өөртэй кайф болгодог. Бага багаар өндрөө ахиулах тусам тэндээс илүү их кайф мэдэрнэ гэсэн үг. 

- Дараагийн тэмцээний тов нь гарсан уу, цаашдын зорилго нь юу байна?

- Одоо АНУ, Канад улсад Мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын сүүлийн хоёр тэмцээн болно. Ямартай ч гурван тэмцээнээ амжилттай дуусгасан тул үлдсэн хоёр тэмцээндээ сайн оролцож, цуврал тэмцээний аваргаа батлах зорилготой байгаа. Одоогоор хурдны төрлийн бааз Найрамдалд байдаг. Харин техникийн төрлийн бааз энэ жилээс ашиглалтад орох тул энэ төрөлд өөрийгөө илүү сайн бэлдэнэ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэн монголд байхгүй тул гадагшаа явж, сургалтыг нь авах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бүхнээ өнгөрсөн жилээс хэрэгжүүлээд явж байгаа. 

- Монголд ер нь авиралтын спорт хэр хөгжиж байна?

- Монголд яг энэ салбарын албан ёсны, мэргэжлийн дасгалжуулагч нэг ч байхгүй. Спорт авиралтын төрлийг сонирхох, хичээллэх тамирчдын тоо жил ирэх тусам буурч байгаа. Харин мөсөнд авиралтын төрлийн хувьд тамирчид өөрсдөө авиралтын ханаа бариад, хичээллэж байгаа тул энэ төрлийн тамирчдын тоо бол өсөж байгаа. Мөн монголчууд оролцсон тэмцээн бүрээсээ амжилт гаргаж, амжилтаа ахиулж байгаа тул шинээр хичээллэж байгаа залуучууд маань илүү урам зоригтой байгаа болов уу. Хэрэв мөсөнд авиралтын төрөл олимпын нэг төрөл болоод анхныхаа тэмцээнийг хийвэл монголоос медаль авах болов уу гэж бодож байна. Түүнийгээ дагаад Монголд энэ спорт илүү хөгжих байх. 

- Тэмцээний шагналын сан ер нь хэдтэй байдаг вэ, Монголоос татвар авдаг уу?

- Нэг тэмцээний шагналын сан дунджаар 1000-1500 евро байдаг. Гэхдээ салбарын яам, агентлагууд нь бид нарыг тэмцээнд оролцоод, амжилт гаргаад явж байгааг мэддэггүй болохоор татвар авахаа ч мэдэхгүй байх л даа. Хэрвээ салбарын яам, агентлаг, хороо нь биднийг тодорхой хэмжээнд дэмждэг бол бид ч гэсэн тодорхой хэмжээний татвар хураамжаа өгөхөд болохгүй юм байхгүй. 

- Салбарын яам, төрийн байгууллагуудад хандаж хэлэх үг байна уу?

- Олон улсын тамирчдыг харахаар бүгд олимпын хорооноосоо дэмжлэг авдаг. Жишээ нь, Европын холбооны улсуудын тамирчдын тэмцээнд ирж буй машин нь олимпын хорооноос нь гаргаж өгсөн байдаг. Бүгд олимпын хорооныхоо үндэсний шигшээ багийн хувцсыг өмссөн харагддаг. Бүгд л спортын холбоо, хорооноосоо дэмжлэг авсан байдаг. Гэтэл манай тамирчид жигдэрсэн хувцастай ч явж чаддаггүй. Тамирчид нь яаж энэ бүхнээ зохицуулаад, болгодгийг нэг эргээд хараасай л гэж бодож байна. Өмнө нь салбарын хүмүүстэй нь уулзахад “олимпод оролцоод медалийг нь авчих, тэгвэл шигшээ баг байгуулаад өгье” гэдэг. Ийм л системтэй юм байна лээ. Гэтэл спорт авиралтын хувьд олимпын төрөлд орчихсон. Үүн дээр Монгол Улс шигшээ багтай болоод тамирчдаа бэлдээд олимпод явуулах байтал “Эхлээд медалиа аваад, өөрсдөө гараад ир. Тэгж байж улсаас дэмжинэ” л гэдэг. Одоо мөсөнд авиралт олимпын нэг төрөл болох гээд дэлхийн улс орнууд, холбоонууд нь өндөр амбиц өгөөд ажиллаж байхад Монгол Улс эсрэгээрээ бараг зогсоод байна шүү дээ. 

- Ярилцсанд баярлалаа, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe