Энэ бол Дарамын Даваажав. Түүний хувьд 25 жил морин хуур урлаж байна. Уран сайханч, дархан гэр бүлд өссөн тэрээр 1996 онд КУДС-д кино урлагийн чиглэлээр суралцахын хажуугаар Үндэсний хөгжмийн зэмсэг урлаач УГЗ П.Байгальжавтай хамт олон хөгжим урлажээ. Ийнхүү 15 жил П.Байгальжав багштай ажиллаж байгаад хожмоо өөрийн “Уянгацогт“ амгалан” ХХК-ийн үүсгэн байгуулсан юм.
П.Байгальжав багшийн сургаал
Түүний багш “Юу ч сурсан тухайн эрдмийг чамаас хэн ч булааж авч чадахгүй” хэмээн сургажээ. Хэдийгээр түүний хоёр хүү нь инженер мэргэжлээр сурдаг ч хөгжим урлах эрдмийг зааж сургасан байна. Мөн эр хүн гарын уртай байх хэрэгтэй наад захын энгийн юм хийчихдэг, ядаж л чөдөр зангидаж чаддаг байх хэрэгтэй гэж хүүхдүүддээ сургадаг байна.
Хэрхэн хөгжим урлаж сурсан бэ?
Түүний аав морин хуурыг уяртал тоглодог, ээж нь зураг сайхан зурдаг хүмүүс байжээ. Мөн нагац нар нь Ноён Сэрвэй хийцийн мөнгөн аяга хийдэг уран дархнууд байдаг аж. Д.Даваажавынх эхээс 15-уулаа, тэр хамгийн бага нь. Түүний аав ээж хүүхдүүддээ дуртай хөгжмийг нь авч өгдөг, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмждэг байсан нь түүнд их нөлөөлжээ. Ийнхүү тэрээр 1996 онд оюутан болоод хөгжим урлаж сурсан юм. Түүнийг хөгжим урлаж сурахад багш нь маш их нөлөөлжээ. Тэрээр багштайгаа бүх төрлийн үндэсний хөгжим урлаж, чиглүүлж бүхнийг зааж сургасан юм.
Тэрбээр “Тусдаа бие даан урлаач болохыг зөвшөөрсөн багшдаа би чин сэтгэлээсээ баярлаж явдаг” хэмээсэн юм.
Түүний ажлын зарчим
Тэрээр урласан хөгжим минь сайхан дуутай, чанартай байх ёстой, эвдрэхэд засахдаа бэлэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэдэг зарчмыг ажилдаа баримталдаг аж.
Хөгжмийн зэмсэг урлаач, "Уянгацогт Амгалан" компанийн захирал Д.Даваажав:
- Миний хувьд цэвэр практикаар явж байгаа хүн гэхдээ урлаач хүн хийж байгаа хөгжмийнхөө стандартыг сайн мэддэг байх ёстой, хэрхэн дуу гаргах вэ гэдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Миний хөгжмүүд Монголд ч, хилийн чанадад ч дуугарч л байдаг мөнхийн амьтай, хүн цохиод эвдчихгүй л бол энэ урласан хөгжим минь өв дамжин хадгалагдан дээдлэгдээд явна. Тайзан дээр өөрийн урласан хөгжим гараад ирэх үед, дуу гаргах үед их сайхан сэтгэгдэл төрдөг. Урладаг хөгжмийнхөө төрлийг сонсохын тулд урлагийн тоглолтууд үзнэ, тиймдээ ч хөгжимд их сонирхолтой. Саяхан би Япон улсад очоод ирлээ, Морин хуурч Япончууд олон байна. Манай Монголын Морин хуур тоглогчдын уралдаанд Япон хүн ардын хөгжим, уртын дуу, татлага төрөлд ирээд түрүүлж байна.
Бид гадны ямар ч арьстай хүн Морин хуур хөгжмийг тоглоход цэрвэх биш сайшаах хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх