Ж.Золжаргал: Баримт бичиг цааснаас цахимд шилжсэн ч төрийн үйлчилгээний олон шат дамжлага цөөрсөнгүй

.Graph
2025-03-11

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цахим бодлогын талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ цахим технологийг ашиглан иргэнд илүү ойртсон. И-Монгол, Хур, Дан системүүд, нээлттэй парламентын талбарыг хөгжүүлж, шаардлагатай хуулиудыг баталснаар НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 28 байраар урагшилж 46 дугаар байрт, цахим оролцооны индексээр 20 байраар урагшилж 37 дугаар байрт орсон амжилт гаргасан.

Гэхдээ баримт бичгийн бүртгэл цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжсэн хэдий ч төрийн үйлчилгээний олон шат дамжлагууд төдийлөн цөөрсөнгүй. Угтаа мэдээлэл нэгэнт цахим орчинд орсон л бол түүнийг цуглуулах, нягтлан харах шат дамжлага цөөрч, зардал буурч, шийдвэр гаргалт хурдан, хөнгөн болох ёстой. Иймд төрийн үйлчилгээний бүх түвшинд процессын дахин инженерчлэлийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэрэгжүүлэх зорилготой ажлын хэсэг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдан, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны гишүүн Ч.Анар ахлан ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд төрийн үйлчилгээ хүнд улам ойртож, цахимжсан мэдээллийг дахин лавлагаа хэлбэрээр авах шаардлагагүй болж, хиймэл оюунтай чат туслах хувь хүний асуултад хариулж, мартсаныг сануулж, хэрэгцээ шаардлагыг нь урьдчилан тодорхойлж, зөвлөх түвшинд хүрч хөгжинө.

Хиймэл оюун AI шинэ зүйл биш боллоо. Монголчууд өөрсдөө хөгжүүлээд, хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн. Лавлах үйлчилгээ, худалдан авалтын систем, банкны теллер, багшийн туслахыг хиймэл оюуны программ хангамж хийж байна. Цаашдаа энэ хөгжлийг хурдасгахын тулд эрх зүйн орчин болон техник хангамжаар дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ИЦББХ чиг үүргийн дагуу анхааран ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүдийн Хиймэл оюуныг дэмжих бүлэг байгуулагдсан. Хиймэл оюуны үндэсний стратегийг ЦХИХХЯ хариуцан боловсруулж эхэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээг хийв.

2024 онд батлагдсан Мэдээллийн технологийг дэмжих тухай хуульд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, нөхөн төлбөр эдлүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, хиймэл оюуны хөгжүүлэлтэд грант олгох зэргээр дэмжихээр тусгасан ч дагаж гарах журмууд нь батлагдаагүй байна.

Мөн 2021 онд батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1-д заасан “хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийнзасаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийг хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно” хэмээх заалт хэрэгжилгүй олон жил болж ирлээ.

Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт, хэрэгжилтэд хяналт тавих нь УИХ-д байх тул хамтран ажиллаж эдгээр заалтыг хэрэгжүүлснээр хиймэл оюуныг дэмжих бодит хөшүүрэг болох юм. Хиймэл оюуны программ хангамжийн цаана өндөр өртөгтэй, цахилгааны хэрэглээ ихтэй техник хэрэгсэл шаардлагатай байдаг. Тэдгээрийг Монголын нөхцөлд хувийн хэвшил авч явахад одоогоор хүндрэлтэй тул нийтийн өмчийн дата төвүүд дээр суурилуулан түрээслүүлэх зэргээр хиймэл оюуныг дэмжих шаардлага бий болж байна. Дата төвийн хүчин чадлыг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэргээр техник хүчин чадлаа нэмэгдүүлбэл монголчууд хиймэл оюуныг монгол хэл дээрээ хөгжүүлэн бизнесийн болоод төрийн үйлчилгээг илүү хурдан, хүнд ойрхон болгож, шинэ технологийн үр ашгийг нийтээрээ хүртэж чадна.

Төрийг иргэнд ойртуулж буй нэгэн сайхан боломж бол 2022 онд D-Parliament хэмээх талбарыг ажиллуулж эхэлсэн явдал юм. Хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах боломжийг Улсын Их Хурлын тухай хуульд тусган өгч, нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авдаг болсон билээ. Хамгийн сүүлд энэ талбарыг ашиглан Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишигийн гаргасан өргөдлийг 71 мянган хүн дэмжсэнээр Агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав. Мөн иргэн Н.Анхзаяагийн гаргасан өргөдлийг 330 мянган хүн дэмжсэнээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Нарансэвстэйн боомтын талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Цаашид олон мянган иргэдийн гаргасан хүсэлт босго тоонд хүрээгүйн улмаас хаягдаж байгааг, мөн байгууллагууд ажил хэрэгч байдлаар хуулийн цахим хэлэлцүүлэгт оролцох боломжийг нэмэгдүүлэх зэрэг сайжруулалтыг хийх шаардлага байна.

Энэ мэтчилэн иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар хүртэхээс гадна төрөө байгуулах, хянах үйл ажиллагаанд өөрсдөө оролцох боломжийг орчин цагийн технологи олгож байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe