Б.Дөлгөөн: Нүүрсний биржийн арилжааг олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байна

Ц.Чимэдцэеэ
2025-03-21

Дэлхийн зах зээлд манай орны экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ буурсан. Улмаар манай орны эдийн засагт сөрөг үр дагавар үүсэх эсэх, манай талаас ямар арга хэмжээ авч байгаа талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

Нүүрсний овоолго үүсэн шалтгаан нь гэрээнд заасан үнийн нөхцөл

-Биржээр арилжиж буй нүүрсний экпорттой холбоотойгоор Сангийн сайд урд хилд 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн ч эрэлт буураагүй гэж мэдэгдсэн. Үүний цаана яг юу болоод байна вэ?

-Аливаа зах зээл эрэлт, нийлүүлэлтээр тогтдог. Эрэлт буурвал үнэ ч дагаад унана. 

Одоогийн нөхцөлд Хятадын талаас эрэлт байгаа. Гол нь өмнө нь байсан хэмжээнээс буурсан байна аа л гэсэн үг.

Учир нь үл хөдлөх хөрөнгө буюу барилга, орон сууц барих нь багасвал гангийн хэрэглээ болон бусад бараа материалын хэрэглээ буурдаг.

Өнөөдрийн байдлаар тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал нүүрлэсэн. Энэ нь төмрөөр дамжин ган үйлдвэрлэхэд шаардлагатай коксожсон нүүрсний хэрэглээ багасах, нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлж байна.

-Манай улсын тухайд эхнээсээ хил дээр овоолго үүсээд л нүүрсээ экспортлоход хүндрэл үүсэж байх шиг байна. Энэ асуудлыг хэрхэн даван туулах вэ?

-Нэг сард намайг ажлаа авахад арилжааны түвшин огцом уначихсан байсан. Тэгээд яаж сайжруулах талаар сарын турш судалгаа хийгээд, бүх тулгарч байгаа асуудлуудаа гаргаж ирсэн. Асуудал зөвхөн худалдагчид юм уу, худалдан авагчид юм уу, эсвэл хоёуланд нь тулгарч байгаа юм уу гэдгийг авч үзсэн.

Тухайлбал, овоолго үүсээд байгаа гол шалтгаан нь худалдан авагч маань Монголын талд өндөр үнээр авсан нүүрсээ цаад талдаа эцсийн хэрэглэгчид зарах гэхээр үнэ нь уначихсан байж таараад байна.

Ингээд тонн тутмаасаа мөнгө алдах эрсдэл бий болсон учир буцаад өсөхийг нь хүлээдэг. Манайх бол биржээр нүүрсээ арилжсаар л байна. Гэхдээ өнгөрсөн жилийн өдийдтэй харьцуулахад 3 дахин буурсан. Учир нь өмнө жил нүүрсний үнэ хамгийн өндөр цэгтээ хүрсэн байдаг.

Гол нь энэ уналтыг буцааж сэргээхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг МХБ-ээс одоо тодорхойлоод, үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулан одоо мөрдөж байгаа журмуудаа өөрчилсөн.

Мөн холбоотой шинэчлэл хийж байгаа. Энэ шинэчлэл 4 шаттай. Эхний шатад гэрээний үнийн дүн болон төлбөр тооцоон дээр л өөрчлөлтүүд оруулж байгаа. Хоёр дахь шатны асуудлууд бол гэрээний үүргийн гүйцэтгэл, чанарын баталгаагаа яг гаргаж чадах уу үгүй юү гээд нарийн юмнууд өнөөдрөөс эхлээд орж байгаа. Энэ магадгүй 6-9 сарын хугацаанд хийгдэх ажил.

За тэгээд 3, 4 дэх шатад богино хугацаанд хийж чадахгүй асуудлуудаа хүндрэл бэрхшээлээр нь ангилаад хэрэгжүүлнэ.

Үнийн уян хатан нөхцөлийг тусгаснаар экспорт нэмэгдэнэ

-Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 18-нд буюу ганц хоёрхон хоногийн өмнө тодорхой журмуудад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тухай мэдээлж байсан. Тэгэхээр энэ цоо шинэ өөрчлөлт яаж биржээр арилжих уул уурхайн бүтээгдэхүүнд нөлөөлөх вэ?

-Хөрөнгийн биржээс энэ санаачилгыг гаргаад, яамдуудаасаа саналыг нь авч тусгаад, ТУЗ-өөрөө батлуулчихсан. Энэ процесс маш шуурхай бүрдэхэд ороолцсон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон СЗХ-доо талархаж байгаа.

Өөрчлөлтийн тухайд жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа анх нэг тонн нүүрсийг 160 доллараар тогтоосон бол худалдан авагч 12 сарын дараа ч гэсэн 160 доллароор авах үүрэг хүлээчхээд байсан. Гэтэл өнөөдөр авсан үнэ дараа сард уналаа гэхэд тэр дүнгээр, өссөн бол өсгөж тооцох ёстой. Энэ үнийн индексжүүлэлт гэдэг зүйлийг гэрээний нөхцөл дээр оруулж ирсэн.

Тэгэхээр үнэ унахаар үүсчихдэг эрсдэлийг 100 хувь худалдан авагч талууд үүрээд, нөгөө овоолго чинь үүсээд байсан. Энэ овоолгыг ирээдүйд нүүрсний зах зээлд үнэ унасан ч бай, өссөн ч бай, үүсгэхгүй ээ гэх юм бол ерөөсөө л бид нар зах зээлийнхээ үнээ дагаж хөдөлдөг нөхцөл рүү шилжихээс өөр аргагүй байдалд орсон.

-Зах зээлийн зарчмаар үнэ нь хэлбэлзэж худалдаалагдах юм байна. Цаашдын төлөвийг харахад энэ үнийн индексжүүлэлт хэзээ үр өгөөжөө өгөх бол?

-Бид нарын харж байгаагаар одоо л нүүрсний арилжаа ерөнхийдөө доод түвшин рүүгээ ирж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад өсөх хүлээлттэй байгаа. Энэ нөхцөлд өнөөдөр зарсан үнээрээ биш өссөн үнээр Монгол Улс мөнгөө авах тийм боломж нь бол бүрдэж байгаа гэсэн үг.

Дээрээс нь энэ зохицуулалтаас үүдээд манай биржээр гаргаж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэнэ.

Үнийн зөрүүнээс үүдэн алдагдал хүлээхгүйн тулд нүүрсээ хадгалаад байх хандлага бий

-Эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлголоо. Хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

-Магадгүй дөрвөн сараас индексжүүлсэн үнээр нийлүүлж эхэлбэл арилжаа буцаад сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Давуу тал нь гурав, зургаа, ес, 12 сар гээд урт хугацааны гэрээгээр нүүрсээ зарах боломжтой болно. Энэ боломжийг нийлүүлэгч хувийн хэвшил бас ашиглаж болно. Төрийн өмчийн компаниуд бас бүгд хуулийн дагуу хамаарч байгаа.

-Та сая үүргийн гүйцэтгэл гэж  дурдсан. Манай талаас нүүрсээ хүргэхдээ уддаг зэрэг асуудал яригддаг. Энэ бас арилжаанд сөргөөр нөлөөлдөг байх?

-Үнэ өсөж байгаа үед худалдан авагч нар би түрүүлж авъя, би түрүүлж авъя гээд сард нийлүүлэх хэмжээнээсээ илүү авахыг хүсдэг. Үнэ унаж байгаа үед бол харин эсрэгээрээ. Ялангуяа урт хугацааны гэрээтэй талууд 100 хувь урьдчилгаа төлбөрөө хийчхээд татан авалтаа эхэлдэг.

Зарим талуудын хувьд нийт барааныхаа 60 хувийг авчихсан, 40 хувийг аваагүй байдаг. Нийлүүлээд өгье, аваачаад буулгая гэхээр цаад талд нь овоолго үүсчихсэн, агуулахын багтаамж дүүрчихсэн учраас хүлээж авч чадахгүй байна аа гэдэг. Ийм асуудал үүсэж байгаа.

Нарийвчлаад ганц хоёр зүйл ярихад бас нягтлан бодох бүртгэлтэй холбоотой.

Хэдий манайх мөнгийг нь авчихсан, нүүрсийг нь зөөгөөд, агуулахад нь буулгачихсан ч гэсэн агуулах бол гаалийн баталгаат агуулах. Яг энэ агуулахаас нэг тонн нүүрс гарлаа гэхэд тухайн зах зээлийн үнэ нь 160 доллароос 100 доллар луу буучихсан байвал агуулахаас нь нэг тонн нүүрс гарахад л яг баланс дээр нь 60 долларын алдагдал хүлээх гээд байдаг.

Харин агуулахад нь бараа нь байна аа гэвэл үнэлгээг нь авсан үнээрээ буюу тэр 160 доллароороо байж байна аа, бид нар алдагдал хүлээгээгүй байна гэж харуулах гээд байдаг юм. Тэгэхээр иймэрхүү хүндрэлүүд бол гарсан.

Энэ асуудал дээр Эрдэнэс Монгол, ЭТТ гэх компаниуд ажиллаж байгаа. Тодорхой шийдлүүд гарах нь уу яах нь вэ гэдгийг цаг хугацаа л харуулна даа.

-Тэгэхээр тээвэр логистикийн хувьд манай талаас ямар нэг хүндрэл бэрхшээл байхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар тээвэр ложистикийн хувьд хүндрэл бэрхшээл байхгүй. Статистикаа харах юм бол оны эхнээс 2 сарын хугацаанд өнгөрсөн жил хамгийн ихдээ 10,9 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Тэгвэл энэ жилийн тухайд эхний 2 сард 11,5 саяыг гаргачхаж байгаа юм. Өнгөрсөн жилээс 600 мянган тонноор илүү гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр тээвэрт бол үнэхээр тийм тулгарч байгаа асуудал байхгүй.

Манай биржээр арилжаалагдаж байгаа нүүрс стандарт болно

-Гол асуудлаа шийдэхэд шаардлагатай алхмуудаа хэрэгжүүлж эхэлсэн талаар дурдсан. Тооцооллын хувьд манай улс нүүрсний экспортоос шалтгаалсан эдийн засгийн уналтад орохгүй гэх баталгаа бий юу?

-Бид 4 үе шаттай ажлынхаа эхний 2-ыг хэрэгжүүлж дуусахад манай биржээр арилжаалагдаж байгаа энэ бүтээгдэхүүн ер нь стандарт болно.

Стандарт болчихсон хойно дараачийн шатны техник технологи, олон улсын биржтэй холбогдох гээд бусад гадуурх ажлуудыг хурдтай хийж чадах юм бол олон улсын биржээр дамжуулаад Монгол Улсын уурхайн бүтээгдэхүүнээ гаргах, олон улсын стандартад нийцэх чиглэл рүү ажиллаж байна.

-Зах зээлийн хувьд тэлэх нь ээ?

-Одоо яг манай бирж дээр шууд холбогдоод худалдаж авах боломжтой 440 компани байна. Эд нар бүгдээрээ арилжаанд орохгүй байгаа. 5-10 хувь нь л арилжаанд орж байна. Үнэ маш хурдтай өсөж байгаа үед цаашаа өсөх нь ээ гэдэг хүлээлтээр асар их компаниуд орж ирээд, зарим нь алдагдал хүлээчихсэн явж байгаа.

Бидний хувьд заавал манай биржээр гэлтгүй, техник технологийн хувьд гадаадын биржтэй холбогдох боломжийг үүсгэчихвэл гадаадын бараа таваарын биржийн брокеруудаар дамжаад манай биржээс авах боломжийг нь бүрдүүлнэ гэсэн үг.

Тэгэхээр заавал нэг боомтоор гаргах биш, хоёр, гурван боомтоор гаргах боломжийг бүрдүүлэх талаас нь давхар ажиллах хэрэгтэй.

-Хэзээ ийм боломжтой болох вэ?

-Нүүрсний үнэ тодорхой хэмжээнд уян хатан болоод, индексжүүлээд болчихлоо гэж бодъё. Урт хугацааны гэрээнүүдээ биржээр борлуулж бол чадах юм бол буцаад арилжааны идэвх хэд дахин сэргэнэ. Дээр нь чанар, хүргэлттэй холбоотой гэрээний гүйцэтгэлтэй холбоотой шийдлүүд энэ жилдээ хэрэгжээд бол дуусна гэж харж байна. За дараагийн 3, 4 дэх шатны ажил магадгүй 2-3 жил болно.

Биржийн арилжааны хамгийн гол 2 утга учир байгаа. Нэгдүгээрт ерөөсөө л ил тод байдал. Хэн нэгэн төрийн өмчийн компанийн захирал дангаараа дур мэдэж гэрээ байгуулна гэсэн зүйл бол байхгүй. Монгол Улсад хамгийн ашигтай хувилбар буюу хамгийн өндөр үнэ хэлсэн худалдан авагч тал тэр хэмжээний нүүрсээ, тэр хэмжээний зэсээ, тэр хэмжээний төмрөө авах боломжийг бүрдүүлж байна. Хоёрдох нь өмнө нь аман нөхцөлөөр хийсэн гэрээнүүдийн үнэ биржийн үнэтэй харьцуулахад дунджаар 10, 20 хувь бага байгаад байгаа юм. Тэгэхээр энэ үнийг өсгөөд, нэг тонн тутам байгалийн баялаг гадагшаа гарахад байж болох хамгийн өндөр үнийг оруулж ирэхээр ажиллаж байна аа.

Гэхдээ энэ нь дүрэм журмуудыг нэг удаа шинэчилснээр бүрдэхгүй. Констент буюу байнга саяын хэлсэн 4 үе шатын дагуу тогтмол сайжруулж байж бид олон улсын стандартад хүрнэ ээ л гэсэн үг.

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe