Дав.Цогтбаатар Дээд шүүхийн дээр нь суумаар байна гэв үү

.Graph
2025-03-24

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт Ардчилсан намаас Дав.Цогтбаатар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө "Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт шалгагдаж байсан юм. Ийнхүү түүнийг УИХ-ын гишүүн болсны дараагаар Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэгдэж, тус хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгожээ. Ингээд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.

Тэрээр Улсын дээд шүүхийн тогтоолыг гуравдугаар сарын 11-ний өдөр өөрийн биеэр гардан авсан ч одоо хүртэл УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар энэ талаараа өнөөдөр "Дээд шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр очиж авсан нь надад холбогдуулж буй гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн эрх зүйн статусыг илэрхийлэхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох, сонгогдох эрхийн талаар дурдсан байгаа. Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах буюу түдгэлзүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлана. Бусад хуулийг Улсын дээд шүүх тайлбарлана. Тэрнээс дурын нэг хуульч, сэтгүүлч өнцөг гаргаж, хуулийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Би шүүхийн шатанд дахиад гомдол гаргана. Энэ талаар хуулин дээр бичсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой ямар нэгэн бичиг ирүүлээгүй. Би гишүүн болохынхоо өмнө ч, дараа нь ч Үндсэн хууль зөрчөөгүй" гэлээ. 

Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх бөгөөд бүх шүүх болон бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж Үндсэн хуульд тодорхой заажээ. Гэтэл УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын хэлж буйгаар тэр өмгөөлөгчидтэйгөө хамтраад шүүхийн эцсийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн шийдвэртэй маргалдах юм байх. Уг нь бол уг асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлбар хийсэн. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр "Шүүх эрх мэдэл нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Харин шийдвэрийг биелүүлэх л ёстой. Биелүүлэх явцад ямар хуулийн гаргалгааны асуудал тулгамдах нь бидэнд төдийлөн холбоотой биш, бид байр сууриа илэрхийлэхгүй. Үндсэн агуулга нь бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх асуудал" хэмээн хэлсэн байна. 

Өөрөөр хэлбэл, Дав.Цогтбаатар гишүүн Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан даруйд шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажлаа өгөх ёстой. Тэр УИХ-ын гишүүн байна уу, дүүрэг хорооны иргэн байна уу хамаагүй Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь хууль. Хуульд зааснаар Д.Цогтбаатарын хэлсний адил шүүхийн шатанд заргалдах эрхгүй юм. Учир нь, энэ хэрэг аль хэдийнээ гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Гэтэл би Улсын дээд шүүхийн шийдвэртэй үзэлцэнэ гээд хээв нэг Төрийн ордонд ярьж яваа нь "Би Улсын дээд шүүхийн дээр нь суумаар байна аа" гэж хэлж буйгаас ялгаагүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe