Өнгөрсөн жил пистачиог шаржигнуурт кадайфтай хослуулсан шоколад дэлхий даяар алдартай болсон. Тэгвэл энэхүү шоколад нь зул сарын баяраар тус улсад маш их алдартай болсон бөгөөд түүнтэй дуураймал нь Герман улсад ихээр үйлдвэрлэж, борлуулагдаж байгаа юм.
Тиймээс Германы бие даасан шинжилгээ үнэлгээний байгууллага болох “Stiftung Warentest” дубай шоколад нь хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх болон шоколадны орц найрлагад шинжилгээ хийсэн байна. Ийнхүү 3 сарын 18-нд шинжээчид 100 грамм нь 7-25 еврогийн үнэтэй Дубайн хоёр, Турк нэг, Голланд нэг, Герман хоёр нийт 6 шоколадны дээжид шинжилгээ хийж судалгааны үр дүнг нийтэлжээ.
Лабораторийн шинжилгээгээр дубайн хоёр шоколадны дээжээс аюултай байж болзошгүй бодисууд олдсон нь 3-монохлоропропандиол ба глицидилийн эфир юм. Эдгээр нь ургамлын тосыг цэвэршүүлэх явцад үүсдэг бөгөөд хорт хавдар үүсгэгч байж болзошгүй гэж үздэг. Нэмж дурдахад, Дубайн хоёр шоколадны хоёр дээжийн нэгээс нь пистачиос ихэвчлэн олддог хөгц мөөгөнцөрт байдаг хортой нэгдлүүдийг илрүүлсэн байна. Хэдийгээр хортой бодисын концентраци нь эрүүл мэндэд шууд аюул учруулахгүй ч бүтээгдэхүүний дээд зэргийн чанарт нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм.
Үлдсэн 4 дээж нь аюулгүй болох нь батлагдсан боловч өвөрмөц амтгүй гэж дүгнэсэн байна. Мөн 6 шоколадны дөрөвт нь нэмэлт бодис эсвэл харшил үүсгэгчийн талаар ямар ч мэдээлэлгүй байгааг онцолсон юм.
Тэгвэл нэр алдартай бүтээгдэхүүнтэй төстэй байдлаараа хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээс сэргийлэх үүднээс Германын Кельн мужийн шүүхийн шийдвэрээр ХБНГУ-д ийм дуураймал шоколадыг “дубай маягийн шоколад” гэж нэрлэх болсон байна.
Сэтгэгдэл үлдээх