Сошиал медиа бидний сэтгэн бодох чадварыг доройтуулж байна

.Graph
2025-03-27

Хүний амьдралын нэг чухал зүйл нь амьдарч буй цаг үеийнхээ мөн чанарыг ойлгох, утга учир өгөх (rethinking - переосмысление) гэж боддог. Тэггвэл мөн чанарыг нь ойлгох ёстой хэд хэдэн зүйл бий. Тэр нь нэгдүгээрт, хэтэрхий их мэдээллийн урсгал бидний амьдралыг хааш нь хөтлөөд буй, хоёрдугаарт, сошиал медиа бидний сэтгэлгээнд яаж нөлөөлж байна вэ гэдэг дээр нухацтай бодох цаг болсон болов уу. Өнөөдөр бид бүгдээрээ элдвийн жиргээ, рийл, постууд, сөрөг мэдээллийн урсгал дунд эргэлдсэн нийгэм болжээ.

Нийгэмд олон асуудал бий. Гэвч сошиал медиа тэдгээр асуудлыг шийдэх бидний чадварыг улам доройтуулж байгаа. Яагаад?

Төвлөрлийн сүйрэл

Анхаарал төвлөрлийн эмгэг (ADHD) бий болгогч нэг том хүчин зүйлс нь сошиал медиа. Төрөл бүрийн notification, сануулга, и-мэйл, мэссэж, сошиал хуудсаа байн байн шалгах зуршлаас болж бидний анхаарал төвлөрөхөө байсан. Хүмүүс нэг сэдэв дээр удаан төвлөрч, дүн шинжилгээ чадваргүй болж байна.

Бид ямар нэгэн асуудал, халуун сэдэв, хов жив дээр хэсэгхэн шуугиад удахгүй мартана, эсвэл дараагийн хов жив рүү шилжинэ. Төвлөрч, тэр тусмаа даацтай дүн шинжилгээ хийх нь ховордсон учраас асуудал шийдэлгүй хэвээр үлдэнэ. Хэвээр үлдэхээр барахгүй улам хүндэрч, улам ээдрээтэй болж, тодорхой давтамжтайгаар дахин гарч ирнэ. Дахиад бүгдээрээ шуугина, ахиад мартана, дахиад улам ээдрээтэй болно гэх мэт циклээр үргэлжилнэ.

Марталтын муруйд (Forgetting Curve) орж түр мартагдсан асуудал нийгмийн амьдралын бусад чиглэлд үсэрхийлэн халдварлаж өөр нэг том асуудлын шалтгаан болно. Яг л хорт хавдрын эс шиг.

Хувь хүн, байгууллага, улс орон, институц гээд бүх түвшинд төвлөрөх, нухацтай судалж, дүн шинжилгээ хийх соёл төлөвшөөгүй учраас аливаа асуудлыг шийдэх мэдлэг, ур чадвар, цаг хугацаа, санхүү, менежментийн нөөц бүрэлдэж чаддаггүй.

Тиймээс бид үнэндээ нийгэмд маргаан дагуулж буй сэдвүүд дээр хэн нь зөв, хэн нь буруу, ер нь зөв, буруу гэж хуваах нь зөв үү, буруу юу, ямар шийдэл хамгийн оптимал болох гэдэг дээр дүгнэлт хийж чадахгүй байсаар өнгөрнө.

Үндэсний хуваагдал

Сошиал платформууд бидний хамтарч, нөөцөө нэгтгэж ажиллах чадвар, хүсэл зоригийг үгүй хийж байгаа.

Хамтрахад зарцуулах тэр эрч хүчээ сошиалын сөрөг мэдээнд идүүлж байгаа. Яг л тархи оюуныг хүчлээр түлж байгаа юм шиг.

Сошиалын сөрөг мэдээллийн нөлөөгөөр бид нэг нэгэндээ итгэхээ байсан. Үргэлж л нэг нэгэндээ бухимдсан, уурласан, доромжилсон хүмүүс. Эцэстээ ер нь юу болоод байгааг ойлгохоо больж, хий дэмий л нэг нэгнээ хараахаас хэтэрч чадахгүй. Үр дүнд нь энэ нийгэмд амьдрах аюултай юм байна гэсэн мэдрэмж, түгшүүр биднээс салахаа байсан.

Гэтэл энэ нийгэм сайхан байх шалтгаан зөндөө бий. Сөрөг мэдээллийн урсгал эерэг талыг олж харах нүдийг маань боосон.

Сошиалын сөрөг мэдээлэлд ямар нэг сэдвээр нийгмийг хуваах шалтаг мундахгүй. Ямар нэг сэдвээр нийгмийг хуваахын тулд троллууд ажилладаг. Сошиалд тролл хийнэ гэдэг бол цахим орчинд үүссэн хар зах зээл - ниш зах зээл. Троллингийн кампанит ажлыг санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, технологийн шийдэл боловсруулагч гээд дотроо төрөлжсөн.

Төвлөрөл нь суларсан, бодитой мэдлэг, мэдээллээр нимгэн, сошиалаас л өдөр тутамдаа мэдээллээ авдаг олон нийт троллинг хийхэд хамгийн таатай хөрс суурь болж өгдөг. Яг л санаачлагчийн сценарийн дагуу хэрэлдэнэ, зодолдоно, эвдрэлцэнэ. Бид өөрсдөө ч ойлгоогүй байж тавилттай жүжгийн дүрүүдэд хувираад яваад байгаа.

Сошиалд нийгмийг хагалах ажиллагаанууд дотоод, гадаадгүй хийгдэнэ. Түүнээс гадна, нийгмийг хуваах сэдвүүдийг, мэдээллийг сошиал платформуудын алгоритмууд ч өдөөж өгдөг. Үнэндээ твиттер, facebook-ийн алгоритм монголчуудыг хагаралдуулах ажлыг Манжийн хаадаас ч илүү сайн хийж байгаа.

Энэ бүхний үр дагавар нь юу вэ? Бид маргаашдаа итгэлгүй, тодорхой итгэл үнэмшилгүй, үнэт зүйлсгүй, төөрөлдсөн сүрэг болох тийшээ л яваад байна уу даа …

Ийм болохгүйн тулд яах вэ? Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө, сошиалд сөрөг сэтгэл хөдлөлөө цацахаас өмнө, ямар нэгэн муу мэдээ постолж лайк, шэйр авах гэж яарахаасаа өмнө нэг сайхан амьсгаа аваад, жаахан төвлөрөөд арай “шим тэжээлтэй” мэдээлэл авахын тулд ном, судалгаа, учир мэдэх хүний яриа гэх мэт өөр эх сурвалжуудад хандах хэрэгтэй болов уу?

Сөрөг мэдээллийн вакуум

Агаар, хөрс гэх мэт орчны бохирдлоос гадна бидний амьдралыг хамгийн их булингартуулж буй бохирдол бол мэдээллийн орчны бохирдол юм. Мэдээлэл нь хоол хүнстэй нэгэн адил амьд явах, өсөж хөгжихөд шаардлагатай. Тийм болохоор шим тэжээлтэй мэдээлэл гэж мэдээж байна. Хэрэв та өдөр болгон сөрөг мэдээ, хэрүүл маргаан бүхий лайв үзээд байвал тархиндаа тэжээл биш, хор өгч байгаа гэсэн үг. Бас хэтэрхий их хоол эрүүл мэндийг муутгадагтай адил хэтэрхий их мэдээлэл бидний амьдралыг чанарыг муутгадаг.

Харамсалтай нь, өнөөдөр бидний ихэнх нь зүгээр л хогон мэдээллээр тархиа тэжээж байна. Бүтээлч шүүмжлэл, ашигтай санаа маш бага, зүгээр л нэг хүнээс нөгөө рүү чиглэсэн доромжлол, сөрөг сэтгэл хөдлөлийн урсгал. Сөрөг мэдээллийн урсгалаас болж хүний сэтгэлгээ, бүтээлч байдлаар, шүүмжлэлт шүүлтүүртэй сэтгэн бодох чадвар саажилтад орсон. Тиймээс бидэнд хамгийн их үгүйлэгдэж буй ур чадвар бол мэдээлэлтэй ажиллах ур чадвар. 

Сошиалаар тархаж буй, олон нийтийн эгдүүцүлийг төрүүлсэн элдвийн бичлэг сэлтэд гарч буй зүйлс өмнө байсаар л ирсэн, зүгээр л сошиал байхгүй байсан учраас бид анзаардаггүй байж. Ихэнх тохиолдолд бичлэгийн цаадах бодит байдал ямар байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ утгаараа сошиал буллинг бол хүний нийгэмд бий болсон хүчирхийллийн шинэ, маш харгис хэлбэр. Эцэстээ хохирогч, буруутан хоёр хоёулаа сүйрээд дуусах нь бий.

Алгоритм бол хамгийн хүчирхэг диктатор

Орчин үеийн нийгэмд бий болсон нэгэн сонирхолтой үзэгдэл бол алгоритмууд. Энэ нь нэг ёсондоо хүнээс хамаарахгүйгээр шийдвэр гаргах чадвартай автоном, оюунлаг систем болон хөгжиж байгаа. Ийм алгоритмууд хүний зан төлөвийн судалгаануудын үр дүнг коджуулсан байдаг бөгөөд түүндээ суурилж танд ямар контент хэрэгтэйг сонгож харуулдаг. Харамсалтай нь, хүн гэдэг амьтан хов жив, хэрүүл маргааны элементтэй мэдээлэлд дуртай учир Фэйсбүүкийн алгоритм тийм л агуулгыг илүү харуулна. Алгоритм бидний өөрсдөө ч мэддэггүй сул талуудыг ашигладаг. Энэ утгаараа алгоритм нь орчин үеийн хамгийн хүчирхэг, зальжин итгэн үнэмшүүлэгч гэж болно. 

Харари-гийн саяхан гарсан Nexus номонд алгоритмыг орчин үеийн хүчирхэг дарангуйлагч гэж бичсэн байна. Учир нь дарангуйлагчийн нэгэн том зорилго нь мэдээллийн урсгалыг, сувгуудыг, мэдээлэл түгээгчдийг хяналтдаа оруулах байдаг. Тэгвэл фэйсбүүкийн алгоритмын сонгосон, боловсруулсан мэдээллийн урсгал өнөөдөр аль нэгэн улс төрчийн карьерыг дуусгаад зогсохгүй, улс төрийн дэглэмийг ч унагаах чадалтай болсныг Харари шинэ номондоо бичжээ.

Алгоритмын гол зорилго нь хэрэглэгчийг идэвхтэй, оролцоотой (engagement) байлгах. Тиймээс өнөөдөр маркетинг, PR, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн хувьд engagement гэдэг үг уншлагын тарни болсон. Харамсалтай нь, хэрэглэгчийг идэвхтэй, оролцоотой байлгах гол түүхий эд нь сөрөг мэдээлэл. Яагаад гэвэл, хүмүүс сөрөг мэдээллийг илүү сонирхдог. Ийм л чөтгөрийн тойрогт байгаа. 

Өөрөөр хэлбэл, алгоритм бидний доторх түгшүүр, айдсын товчлуурыг хэзээ, яаж дарах, хэрхэн өдөөхийг хамгийн сайн мэддэг болсон. 

Харари номондоо “Algorithm shapes what we choose” гэж бичжээ.

Алгоритм бидний юу үзэх, юу сонсох, юу унших, юунд дурлах, хэнийг дуурайхыг, тэр байтугай юу бодохыг хүртэл тодорхойлдог болсон.

Та бичсэн зүйлээ олон нийтэд хүргэе гэвэл сошиалын алгоритмд захирагдахаас өөр аргагүй. Алгоритмыг муулсан энэ текст хүртэл алгоритмын үзэмжээр хүмүүст хүрнэ. 

Цахиурын хөндийд “Хэрэглэгчийг татахыг хүсвэл тэднийг галзууруул” гэсэн үг байдаг байна. Тэгвэл алгоритм энэ ажлыг хамгийн сайн хийж байна. 

“Лайк”, “зүрх”-ний мөн чанар

Судлаачид сошиал медиагийн “лайк” товчийг хүмүүсийн зан төлөвт нөлөөлдөг хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг гэж үзэх болсон. Тиймээс цахим орчинд түгж буй бүх контент, бүх үйлчилгээ, бүтээгдэхүүн “лайк” товчлууртай. Гэхдээ үүний үүссэн түүх нь тийм ч таатай биш.

Өнгөрсөн зууны эхээр Скиннер хэмээх сэтгэл судлаач мухар сүсгийн зан төлөвийг судлах зорилгоор 8 тагтаан дээр туршилт хийжээ. Тагтаануудаа шилэн хайрцагт хийж, 15 секунд тутамд хооллож байв. Хэсэг хугацааны дараа тагтаанууд нэг үйлдлээ дахин давтаад байгааг анзаарчээ. Өөрөөр хэлбэл, тэр үйлдлийг давтахаар хоол тэжээл орж ирдэг гэсэн хүлээлт тагтаануудад үүсэв. Дараа нь хоол өгөхөө бүр зогсоосон ч үйлдлээ давтсан хэвээр байв. 

Хожим 2000-аад эхээр АНУ-д хэдэн оюутан Скиннерийн тагтааны туршилт дээр үндэслээд хүнийг ч бас тодорхой зан төлөвт хөтлөх аргыг программын хэлбэрээр бүтээх санаа боловсруулжээ. Ингэхдээ тэд хүмүүс “лайк”, “зүрх” дарж нэг нэгэндээ илгээхдээ дуртай байх болно гэж үзээд тэр программаа Инстаграм гэж нэрлэсэн байна. Ийнхүү сошиал платформуудын алгоритм Скиннерийн туршилтаас бий болсон загвар дээр ажилладаг болжээ. 

Лайк, шэйр, зүрх авах нь таатай ч үүний төлөө хэтэрхий улайрч, ямар нэг зүйл постолчихоод хэр их engagement авах бол хэмээн хүлээж, түүнээсээ хамааралтай болох нь яг л Скиннерийн тагтаанууд шиг ямар нэгэн үйлдлээ давтан хийж, “шагнал” хүлээхтэй адил. 

Инстаграммыг бүтээсэн залуучууд дараа нь илүү их лайк, зүрх авах хүсэлтэй хэрэглэгчдийн хүслийг биелүүлэхийн тулд хүний царай, биеийг өөрчилж харуулах филтерүүдийг бодож олжээ. Гэхдээ харамсалтай нь, филтертэйгээ адилхан болохын тулд зарим хүн гоо сайхны мэс засал хийлгэж, өөрийгөө эрэмдэглэнэ гэдгийг тооцоолоогүй. 

Скроллинг хэмээх дөнгө

Скроллинг буюу цахим хуудас доороосоо автоматаар ачааллан нээгдэх функцийг Аза Раскин гэгч залуу бодож олжээ. Тэр Firefox интернэт хөтчийг бүтээх явцдаа  нэг хуудсыг уншаад дуусахад дараагийн хуудсыг нээх эсэх сонголттой байсныг өөрчилж эцэс төгсгөлгүй ачааллуулсан нь дээр гэж үзжээ. Өнөөдөр хүмүүс тэрний ачаар гэх үү, гайгаар гэх үү хэдэн цагаар ч хамаагүй сошиалдаа рийл, стори, постыг эцэс төгсгөлгүй скролдон сууж, утасныхаа дэлгэцнээс уяатай байдаг болсон.

Раскин хожим скроллингийг бодож олсондоо харамсаж, хүмүүнлэг, ёс зүйтэй технологийн дизайны ТББ байгуулсан. Тэр өөрөө тооцоо хийж үзэхэд хүмүүс өдөр бүр 200 000 хүн төрөөд нас барахтай тэнцэх хугацааг скролдож өнгөрөөдөг байна. 

Сошиалтай холбоотой энэ мэт түүхийг Нетфликсийн The Social Dilemma баримтат кино, Black Mirror цуврал, Stolen Focus номноос дэлгэрүүлж болно.

Ерөнхий сайдын хар пиар сошиалд хэрхэн өрнөдөг вэ?

Монгол бол фэйсбүүкийг хамгийн идэвхтэй хэрэглэдэг орнуудын нэг. Тэр утгаараа сошиалын сөрөг мэдээлэл түгээх хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж байгаа бөгөөд харамсалтай нь энэ бүхний гол санаачлагч нь Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд нь өөрөө байх жишээтэй.

Уг нь Засгийн газар олон нийтэд улс орныхоо алсын хараа, асуудлын учир шалтгааныг бодитоор тайлбарлаж өгөх ёстой ч өөрөө хар пиар, тархи угаалтын том машин болжээ. Үүнийг батлах тоо баримтыг META-гаас гаргадаг улс төр, нийгэм, сонгуультай холбоотой Facebook-ийн рекламын тайлангаас харж болно.

Facebook 2020.08 сараас эхлэн ийм төрлийн рекламуудын интерактив тайланг улс орон бүрээр харуулдаг болсон. Тэгвэл Ерөнхий сайдаас явуулдаг хар пиар сошиалд хэрхэн өрнөдгийг харъя.

Монголчууд сүүлийн 4 жил гаруйн хугацаанд зөвхөн улс төр, сонгуультай холбоотой сурталчилгаанд 2 сая гаруй ам.доллар зарцуулаад байна.

Энэ дундаас сүүлийн үед MCS -ийн эсрэг чиглэсэн хар пиарын контентуудыг төрөл бүрийн пэйжүүдээр дамжуулан, өндөр дүнгээр бүүстэлсэн. Тодруулбал,

  1. HERO entertainment - ийн пэйж хуудаснаас нийт хугацаанд 2500 ам.доллар, сүүлийн 30 хоногт “Тусгаар тогтнол” нэртэй контентыг тав хоногт 1682 ам.доллароор, Баялгийн сантай холбоотой контентыг 199 хүртэлх ам.доллароор бүүстэлжээ.
  2. “Мэдээллийн ажилтан” гэдэг нэртэй пэйж мөн Ерөнхий сайдын хар пиарт зориулагдсан, “золбин” гэж тодорхойлж болохоор олон пэйжүүдийн нэг нь. Сурталчилж байгаа контент нь ижилхэн. 2021 онд анх нээгдэхдээ “Мэдээллийн урсгал” гэдэг нэртэй байсан. Пэйжийг 7 хүн удирддаг.
  3. “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нэртэй бас нэг пэйж байна. Амундрагийн оролцсон нэг видео контентыг 899 ам.доллараар бүүстэлсэн. 2014 онд нээгдэхдээ анх ELIT гэдэг нэртэй байсан бөгөөд түүнээс хойш хоёр удаа нэр нь өөрчлөгдсөн. Пэйжийг гурван хүн удирддаг.
  4. “Next 30” хэмээх дараагийн пэйж. Сүүлийн 90 хоногт MCS-ийн эсрэг постеруудыг 300 орчим ам.доллараар бүүстэлсэн.
  5. “Ард түмний ялалт” нэртэй пэйж. Мөн ижил зорилготой. 2019 онд нээгдэхдээ YZ tv нэртэй байснаа 2023 онд Chil Bill болж, 2024 оны сонгуулиар Оюун-Эрдэнийн сонгуулийн пиар хийдэг олон пэйжүүдийн нэг болсон.

Энд дурдагдсан пэйжүүд бол улс төрийн сурталчилгаанд 100 ам.доллараар дээш дүнгээр бүүст хийсэн нэг хэсэг нь. Үүний цаана бага дүнгээр бүүст хийдэг эсвэл бэлдсэн контентыг шэйрлэх үүрэгтэй олон арван пэйжүүд бий.

Зохион байгуулалттай, кампанит ажлын хэлбэрээр явагдаж буй сөрөг пиарын энэ мэт контент фэйсбүүкийг маш идэвхтэй хэрэглэдэг, гэхдээ мэдээллийн боловсрол доогуур монголчуудын тархийг угаах хүчирхэг хэрэгсэл болжээ.

Ерөнхий сайдын удирдлага дор сошиалд өрнүүлж буй хар пиар бүр том экосистем, контент бэлдэх, олон тооны тролл пэйж болон аккаунтаас бүрдсэн түгээх гинжин хэлхээ болтлоо хөгжжээ. 

Бидний ядаж өөрсдийн хийж чадах эхний алхам бол эдгээр пэйжийг олон нийтийн тархи угаах, хүмүүсийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн МЕТА-д "ховлох" юм.

Зөвхөн Ерөнхий сайд биш, зарим сайд, УИХ-ын гишүүн ч сэжиг бүхий пэйжүүдээр дамжуулан пиарын ажил хийдэг, ижил контентыг зохион байгуулалттай бэлддэг, түгээдэг. Зарим пэйжийн нэр нь тун хачирхалтай: Оркын хаан, aimar social news, aimar news, Сольё, Больё news гэх мэт.

Товчхондоо төр засаг маань та бидний төлсөн татварын мөнгөөр эргээд та биднийхээ тархийг угаах ажлыг идэвхтэй хийж байна. Ер нь Монголоос бэлддэг улс төрийн сурталчилгаанд META-гийн бэлдэж өгсөн tool-үүдийг ашиглаад дүн шинжилгээ хийвэл олон жигтэй дүгнэлт хийж болохоор байна.

Business.mn сайтын Ерөнхий редактор Г.Даваадорж

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe