“Төсвийн дэмжлэг” (Budget Support) бол Европын Холбооны хөгжлийн туслалцааг хэрэгжүүлэх нэг чухал хэрэгсэл юм. Энэ нь гишүүн бус орнуудад, тухайлбал Монгол Улсад шууд улсын төсөвт нь буцалтгүй тусламжийн хэлбэрээр санхүүжилт олгож, тухайн орны санаачилж, хэрэгжүүлж буй бодлогын реформ, зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Ковид-19 цар тахлын үед Монгол Улсад хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан олон улсын байгууллагуудын нэг нь Европын Холбоо юм. 2020 оны тавдугаар сард тус холбоо Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах үндсэн чиглэлээр 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгох гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан.
2024 оны байдлаар энэ хөтөлбөрөөс 40.2 сая евро нь Монгол Улсад бүрэн олгогдсон бөгөөд үлдсэн санхүүжилтийг ирэх онуудад гүйцэтгэлд суурилсан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үргэлжлүүлэн олгохоор төлөвлөж байна.
Ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд
- 34,810 иргэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж сайжирснаар тогтвортой ажил эрхлэх боломжтой болов.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төлөвлөлт, төсөвлөлт, хуваарьлалтыг үр дүнд суурилсан байдлаар боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсний үр дүнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхд хувь нэмрээ орууллаа.
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан тусгай сургалт, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн менторшип хөтөлбөрүүд хэрэгжиж, хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоог нэмэгдүүлэв.
- Хөдөлмөрийн хяналтыг сайжруулалтаар эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдэв.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудад зориулсан чадавхжуулах сургалт, мэргэжлийн боловсрол, сургалтын (TVET) хөтөлбөрийг шинээр боловсруулан, хэрэгжүүлж байна.
- Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох дүрэм журам, хууль эрх зүйн орчныг сайжруулж ажиллаа.
Төсвийн ил тод байдлыг хангах чиглэлд
- Төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг тодорхой салбарууд болон орон нутгийн түвшинд нэвтрүүлснээр төсвийн зарцуулалтыг үр дүнтэй, үр ашигтай болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулав.
- УИХ-ын төсвийн хяналтын чадавхыг бэхжүүлж, олон нийтээр төсвийг хэлэлцэх үйл явцыг өргөжүүлэх зэрэг хууль эрх зүйн шинэчлэл дэмжин төсвийн хариуцлага, ил тод байдлыг сайжруулав.
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн оролцоог нэмэгдүүлснээр төсвийн хяналтын тогтолцоо сайжирч, иргэд төсөвт хяналт тавих боломж нэмэгдсэн.
- Монгол Улс төсвийн нээлттэй байдлын индекс 2017 онд 46 байсан бол 2023 онд 62 болж өссөн нь санхүүгийн ил тод байдалд ахиц гарсныг илэрхийлж байна.
Дэлхий нийтийг хамарсан геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалд Европын Холбоо Монгол Улсын гуравдагч, найдвартай хөршийн хувьд хөгжлийн туслалцаа болон хамтран ажиллах амлалтаа биелүүлж, энэхүү хөтөлбөр болон бусад төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно.
Эх сурвалж: Европын холбоо
Сэтгэгдэл үлдээх