Монголчуудын сүүний хэрэглээг 3 дахин нэмэх боломж

.Graph
2025-03-28

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь манай улсын стратегийн хүнс хэдий ч дотоодын сүүний хэрэглээ нь НҮБ-ын зөвлөмжөөс 5 дахин бага байгаа нь дэлхийд хойгуур орж буй үзүүлэлт. Үүгээр зогсохгүй, энэ нь хүн амын эрүүл мэндэд томоохон эрсдэл дагуулж байна.

60 хувь

Манай улс сүүний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортолж байгаа нь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна.

5-8 дахин бага

Хүүхэд багачуудын сүүний өдөр тутмын хэрэглээ олон улсын жишгээс 5-8 дахин бага байгаа нь эрүүл мэндийн тодорхой асуудлууд, тэр дундаа амин дэмийн дутагдал, шүдний өвчлөл үүсэхэд нөлөөлөх болсон. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Төв суурин газрын хүн ам өсөхийн хэрээр сүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болж байна. Гэвч уламжлалт мал аж ахуй энэ хэрэгцээг хангах боломжгүй болж байгаа тул газар тариалан, тэжээлийн нөөц баазад тулгуурласан эрчимжсэн фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага урган гарлаа” 

Тиймээс…

  • Дотоодын сүүний хэрэглээ бага, өвчлөл их үүгээр зогсохгүй дотоодоосоо хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа учир Засгийн газар “Атрын IV” аяныг санаачилжээ.
  • Энэ хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь ХХААХҮЯ, Хаан банк, ТОС холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран монголчуудын сүүний хэрэглээг 3 дахин нэмэх зорилгод нэгдсэн байна. 
  • Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг хийнэ.

1500 хар тарлан үнээ

Хамтын ажиллагааны хүрээнд сүүний хөгжлийн гол тоглогч Илли группийн сүүний өндөр гарцтай хар тарлан үнээнээс малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлнэ.  

25-49 литр

Хар тарлан үнээ өдөрт дунджаар 25-49 литр, жилдээ 11-14 тонн сүү өгдөг нь бусад үүлдрээс хамгийн өндөрт тооцогддог. 

25-30 хувь

Өндөр гарцтай сүүний үнээг нийлүүлснээр малчид, фермерүүдийн орлого 25-30 хувиар өсөж, ажлын байр нэмэгдэнэ. 

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Олон улсын өндөр түвшний хамтын ажиллагааг Илли групп компанитай эхлүүлснээр  сүүний чиглэлээр шалгарсан Хар тарлан үүлдрийн 1500 гаруй үхрийг эхний ээлжинд Монголд нутагшуулна. Ингэснээр нийлүүлэгч фермерүүдийн сүргийн бүтцийн бодлогыг сайжруулах, тэжээлийн өгөөжтэй шийдэл арга аргачлалыг сургалт материалаар хангаж, даатгал, мал эмнэлэгийн мэргэжлийн чиглүүлэг хийж өндөр бүтээмжтэй фермерүүдийг бойжуулах юм”

Цаашид…

  • Түншлэлийн хүрээнд үлгэр жишээ, өндөр бүтээмж, ашигтай сүүний фермийн тогтолцоог богино хугацаанд хөгжүүлэхээр зорьж байна. 
  • Цаашид “Сүүний төв станц” бүхий томоохон хэмжээний нэгдэл хамтран хөгжүүлэх шийдэл боловсруулж орон нутагт өндөр орлоготой, чинээлэг малчид, тариаланчдыг бий болгоно гэж үзэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe