Тайванийн хоолойн хямрал: АНУ-ын бодлого, түүхэн нөхцөл байдал, сорилт

.Graph
2025-03-31

Х.ЗолжаргалЭ.Эрдэнэ-Очир

АНУ-БНХАУ, АНУ-Тайванийн харилцааны тухай асуудал өнөөгийн олон улсын харилцааны тавцанд яах аргагүй хурцаар тавигдах томоохон асуудал гэдэг нь маргашгүй үнэн.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чиньтэ Аляска мужийн амбан захирагч М.Данливи тэргүүтэй төлөөлөгчдийг 3 дугаар сарын 21-ний өглөө хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Лай Аляска нь Тайванийн хувьд удаан хугацааны туршид чухал худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд эрчим хүч, загас агнуур, аялал жуулчлал зэрэг салбарт бат бөх хамтын ажиллагааны суурь тавигдсан гэдгийг онцлов.

Тайвань, Аляскийн талуудын худалдаа, хамтын ажиллагаа “онцлог” бөгөөд БНХАУ-ын хувьд “эмзэг” үйл явдал юм.

Энэ асуудлыг БНХАУ ажиглаж байгаа нь дамжиггүй. Яагаад энэ асуудал тийм эмзэг, онцлог асуудал вэ?

Тайванийн хоолойн I болон II Хямрал

БНХАУ байгуулагдсаны дараа, Солонгосын дайны гал түр зогссоны дараах олон улсын нөхцөл байдалд АНУ-ын зүгээс Ази дахь холбоотноо бэхжүүлэх зорилтын хүрээнд 1954 оны 12 дугаар сарын 2-нд Тайваньтай батлан хамгаалахын харилцан туслалцах гэрээ (1954-1979) байгуулсан түүхтэй. Энэ гэрээ талуудын хооронд албан ёсны гэрээ гэж тооцогдон 25 жил хүчин төгөлдөр үйлчилсний эцэст 1979 онд цуцлагджээ.

Түүхэнд 1954-1955 оныг Тайванийн хоолойн Нэгдүгээр хямрал гэдгийн учир нь энэ.

Photo credit: CNN

Товчхондоо энэ 25 жилийн туршид АНУ нь Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн буюу Бүгд Найрамдах Хятад Улсыг (БНХУ)-ыг Хятадын хууль ёсны Засгийн газар гэж тооцож байв. Энэхүү 25 жилийн эхний жилүүдэд хоёр эргийн хооронд зэвсэгт мөргөлдөөн тун хурцадмал байдалд байсан. 1958 онд БНХАУ-ын зүгээс Тайванийн эзэмшил дэх Кинмен, Мацу арлуудыг бөмбөгдөж, хариуд нь АНУ цөмийн зэвсгийн цохилт өгөх хүчин чадал бүхий тэнгисийн болон нисэх хүчний нэгжүүдийг Тайваньд байршуулж байлаа. Энэ хугацааг түүхэнд Тайванийн хоолойн Хоёрдугаар хямрал гэдэг.

АНУ-ын бодлого дахь эргэлт, буцалт

Харин Р.Никсоны засаг захиргаа БНХАУ, ЗХУ-ын харилцааны хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлэн 1970-аад оны үеэс БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгох бодлогыг хэрэгжүүлж Москвад илүү их дарамт үзүүлэхийг хичээж эхэлсэн байна. Улмаар 1979 онд Ерөнхийлөгч Ж.Картерын засаг захиргаа энэхүү гадаад бодлогыг баримталж Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)-тай дипломат харилцаагаа таслан, оронд нь БНХАУ-тай албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ.

Photo credit: US Jimmy Carter Library

Гэвч АНУ-ын “улс төр” Тайванийг дэмжих бодлогоо бүрмөсөн орхиогүй. АНУ Тайваньтай олон улсын тавцанд албан ёсоор дипломат харилцаагүй боловч тэдний харилцаа “тусгай, онцгой” хэлбэрт шилжжээ. Тухайн цаг үед АНУ-ын Конгресс Тайваньтай энэ албан бус тусгай харилцааг зохицуулах “Тайваньтай харилцах тухай хууль”-ийг баталж Ерөнхийлөгч Ж.Картер гарын үсэг зуржээ.

Үүнээс хойш АНУ Тайвань аралтай албан бус харилцаагаа үргэлжлүүлж Тайванийн батлан хамгаалахын салбарт цэргийн тоног төхөөрөмжүүдийг худалдаж ирсэн тул Тайвань 1955-2025 онуудад буюу сүүлийн 70 жилийн хугацаанд ийнхүү АНУ-ын томоохон зэвсэг худалдан авагчдын нэг болжээ.

III Хямрал

Ийм учраас Бээжингийн эрх баригчид АНУ-ыг Тайпэйд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмжүүд худалдахаа зогсоож, харилцаагаа таслахыг удаа дараа шаардаж ирсэн байна. Энэ байдал 1995-1996 онд буюу Тайванийн анхны ардчилсан Ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр мөн хурцадсан. АНУ-ын зүгээс Тайванийн сонгуулийг дэмжиж, Ерөнхийлөгч Ли Тэнхуй-д АНУ-ын виз олгосон, АНУ-д айлчлуулсан нь үүнд нөлөөлжээ. Үр дүнд нь БНХАУ-ын тал Тайванийн хоолойд пуужин харваж, амьд галтай хэд хэдэн цуврал цэргийн сургуулилалт хийсэн.

Үүний хариуд АНУ мөн хариу арга хэмжээ авч, Вьетнамын дайнаас хойш анх удаа Ази тивд хамгийн их цэргийн хүч оруулсан үйл явдал болж байлаа. Тухайн үед USS Nimitz, USS Independence гэх сөнөөгч нисэх онгоц тээвэрлэгч байлдааны усан онгоц бүхий хоёр том групп Тайванийн ойролцоо байрлуулсан юм. Үүнийг түүхэнд Тайванийн хоолойн Гуравдугаар хямрал гэдэг.

АНУ-ын Тайванийн асуудлаарх “бодлогын төлөвшил”

АНУ-ын зүгээс баримталж буй “Нэг Хятад”-ын байр суурь нь БНХАУ-ын баримталж буй “Нэг Хятад” зарчмаас ялгаатай байсаар иржээ. Тус бодлогын үндсэн зарчим нь АНУ-БНХАУ-ын 1972, 1978 болон 1982 онуудын хамтарсан мэдэгдлүүдэд тусгагдсан. Түүнчлэн 1979 онд АНУ-ын Конгрессоос баталсан “Тайваньтай харилцах тухай хууль” болон 1982 онд Ерөнхийлөгч Р.Рейгэны гаргасан “Зургаан баталгаа” гэх баримт бичгүүдэд дээрх бодлогын үндэс, суурь агуулга байдаг.

Photo credit: Reuters/China Daily

Дээрх баримт бичгүүдэд дараах агуулгыг тусгагдсан байдаг:

  1. АНУ нь БНХАУ-ын “Нэг Хятад” зарчмыг буюу нэг л Хятад байгаа, Тайвань бол Хятадын нэг хэсэг зарчмыг “хүндэтгэнэ”, энэ үндсэн дээр талууд харилцаагаа хэвийн болгоно (Shanghai Communique, 1972).
  2. “Нэг Хятад” бодлого буюу Тайвань арал нь Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн буюу БНХАУ нь Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрнө. (Normalization Communique, 1978)
  3. Аливаа маргааныг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч хэрэглэхээс татгалзана, мөн АНУ нь Тайваньтай дипломат харилцааг тасалж, 1954 оны Батлан хамгаалахын харилцан туслалцах гэрээг хүчингүй болгоно. (Normalization Communique, 1978)
  4. АНУ-ын зүгээс Тайваньд нийлүүлэх, худалдах зэвсэг техникийн хэмжээг аажмаар бууруулна. (The Communique on Arms Sales, 1982)

Иймд АНУ-ын зүгээс эдгээр ойлголтуудын хүрээнд өөрийн “Нэг Хятад” зарчмыг тодорхойлсоор иржээ. Энэ хүрээнд БНХАУ-тай дипломат харилцаатай боловч Тайваньтай албан бус, тусгай харилцаатай бөгөөд “Тайваньтай харилцах тухай хууль” баталж, Тайваньд батлан хамгаалах, цэрэг техникийн харилцааг огт таслахгүй авч үлдсээр иржээ.

АНУ-ын гол зорилго бол Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах явдал гэдгийг удаа дараа нотолсоор ирсэн. Ерөнхийдөө Вашингтоны зүгээс Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүйгээ илэрхийлдэг ч Бээжин болон Тайпэй хоёрын статус квог хэвээр хадгалахыг уриалдаг.

АНУ-ын “тодорхойгүй бодлого, стратеги

АНУ-ын “Тайванийн талаарх бодлого”, түүнээс үүссэн өнөөгийн нөхцөл байдал нь стратегийн тодорхой бус бодлого юм. Гэвч АНУ-ын энэ бодлого нь сүүлийн 46 жилд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангахад тодорхой хувь нэмрээ оруулж, үүргээ гүйцэтгэсэн.

Ийм төвөгтэй, тодорхой бус стратегийн хүрээнд АНУ олон арван жилийн турш Тайваньд өргөн хэмжээний зэвсэг, цэргийн техник, тоног төхөөрөмж нийлүүлж ирсэн түүхтэй боловч БНХАУ Тайвань арал руу цэргийн хүчээр дайралт хийсэн тохиолдолд АНУ арлыг хамгаалах эсэх нь “цаасан дээр бол тодорхойгүй” нөхцөл байдалд байна.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден “БНХАУ Тайванийн арал руу цэргийн хүчээр дайралт хийвэл АНУ Тайванийг хамгаалах болно” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Цагаан ордоны албаны хүмүүс “АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй” гэж тухай бүрт нь мэдэгдэж Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “залруулга” хийж байжээ.

Товчхондоо, АНУ-ын “улс төр”-д Тайванийг хамгаалах, өмгөөлөх тэр ашиг сонирхол байна гэсэн үг. Энэ утгаараа Тайванийн асуудал бол зөвхөн БНХАУ, АНУ-ын хувьд ч биш бүс нутаг, дэлхийн дахины хувьд эдийн засгийн тогтворгүй байдал, цэргийн мөргөлдөөн үүсгэж болзошгүй хурцадмал нөхцөл байдал юм.

АНУ-ын шинэ засаг захиргаа, шинэ нөхцөл байдал: Д.Трампын байр суурь

Ерөнхийлөгч Д.Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ын зүгээс Тайваньтай харилцаагаа урьд өмнөхөөсөө илүү сайжруулж гүнзгийрүүлсэн бөгөөд Тайваньд нийт 18 тэрбум ам.долларын зэвсэг худалдсан, мөн Тайпэй дахь Америкийн институтэд (албан бус төлөөлөгчийн газар)-т 250 сая ам.долларын багц санхүүжилт олгож байлаа.

Мөн эхний бүрэн эрхийнхээ хугацааг эхэлмэгц буюу тангаргаа өргөснийхөө дараа тухайн үеийн Тайванийн Ерөнхийлөгч Цай Иньвэнтэй утсаар ярьсан нь 1979 оноос хойших 2 талын харилцааны хамгийн оргил үе болж байсан.

Түүнчлэн Д.Трамп Засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтныг Тайпэй рүү илгээж байсан нь АНУ-ын зүгээс олон жил баримталж ирсэн “Нэг Хятад” бодлогын зарчим, хязгаарлалтыг давсан үйлдэл болсон гэж судлаачид дүгнэдэг.

Тийм учраас Д.Трамп Ерөнхийлөгч болсны дараа ийнхүү Тайванийн асуудал хурцдаж магадгүй гэсэн хүлээлт таамаг судлаачдын дунд үүсжээ. Энэ удаад илүү хор хөнөөлтэй байх магадлалтай, учир нь энэ удаагийн хувьд гол онцлог бол БНХАУ-ын талын цэргийн сургуулилалтын цар хүрээ, давтамж харьцангуй нэмэгдээд байгаа явдал юм.

Photo credit: Reuters

Ж.Байдены засаг захиргаа ч үнсэндээ Трампын бодлогыг үргэлжлүүлж, тангараг өргөх ёслолдоо Тайванийн төлөөлөгчдийг “урьсан” АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдсэн юм. Ж.Байдены засаг захиргааны үед Тайваньд үзүүлэх АНУ-ын зэвсгийн дэмжлэг өссөн, Америк, Тайванийн хооронд худалдааны эргэлт ч нэмэгдсэн. Хамгийн “том асуудал” нь Тайваньд Конгрессын төлөөлөгчид “айлчилсан явдал” болсон.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пэлоси 2022 оны 8 дугаар сард Тайваньд айлчилж, Тайванийн албаны хүмүүстэй уулзсан нь АНУ-ын бодлого дахь “жинхэнэ бодит эргэлт” болов. Энэ үйл явдлууд, эдгээрийн үр дүнг судлаачид Тайванийн хоолойн Дөрөвдүгээр хямрал гэж үздэг.

Photo credit: Nancy Pelosi Twitter Post

Бээжин Н.Пелоси-гийн айлчлалыг эрс зэмлэн буруушааж Тайванийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тус айлчлалаас 1 жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2023 оны 3 дугаар сард Цай Иньвэн тухайн үед Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байсан Кевин Маккартитай Калифорни мужид мөн уулзсан.

Ирээдүйд V Хямрал гарах уу? Аль эсвэл илүү тогтвортой байх уу?

Эдгээр айлчлал, үйл явдлын дараа БНХАУ-ын Тайванийн хоолой дахь цэргийн сургуулилалт, байлдааны жижүүрлэлт “илтэд түрэмгий”, өргөн цар хүрээг хамарсан, ойр давтамжтай болсон. Энэ утгаараа Тайванийн асуудал хурцадмал асуудал мөн аж.

Үүний зэрэгцээ Орос, Украины дайны жишгээр БНХАУ-ын зүгээс “адил алхам” хийж магадгүй гэдэг таамаг, шинжилгээ цөөнгүй гарах болжээ.

Цаашид Ерөнхийлөгч Д.Трамп “Тайванийн асуудал”-ыг хэрхэх эсэх нь олон улсын харилцаа судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өөрөөр хэлбэл, Тайванийн хоолойн Тавдугаар хямрал гарах уу, аль эсвэл харьцангуй “уян хатан” тэнцвэртэй бодлого байр суурь баримтлах уу гэдэг нь анхаарлын төвд байна.

Одоогийн нөхцөл байдлаас үзвэл хямралт нөхцөл байдал үргэлжлэх, магадгүй “Тавдугаар Хямрал”-ын үе гэж түүхэн тэмдэглэгдэх магадлалтай юм.

Эх сурвалж: CFR, Gulf Today, Hoover Institution, Evrim Agaci, USDOS, Los Angeles Times, Taipei Times, WSJ, ResponsibleStatecraft.

Олон улсын нөхцөл байдал, дэлхийн чиг хандлагын талаар дүн шинжилгээтэй мэдээллийг хүргэдэг Arctus Analytics сайтын нийтлэлийг байршуулав. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe