УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодрууллаа. Одоогийн байдлаар хуулийн төслийг боловсруулж буй юм.
-Та СӨХ-ны тухай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байна. Энэ хуулийн төслөөр яг юуг шийдэх гэж байна вэ?
-Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Одоогийн байдлаар Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. СӨХ-ны тухай хууль дээр гурван том өөрчлөлт оруулна.
Нэгд, өмчлөгчийн эрхийг хамгаалъя. Иргэн өмчтэй боллоо гэдэг ч байгалийн гамшиг болоход ч юм уу, дахин төлөвлөлтөд орлоо гэж бодоход газар нь өөр хүний нэр дээр байдгаас болоод хүний өмчийн эрх баталгааждаггүй. Уг нь бол газар, өмч хоёр салшгүй. Энэ хүрээнд орон сууцны газрыг сууц өмчлөгчдийн дундын эрхийн мэдлийн газар болгоё гэж байгаа. Ингэснээр олон сая төгрөгөөр авч байгаа өмчийнхөө баталгааг авах юм.
Хоёрт, өмчтэй бол хариуцлагатай байя. Манай СӨХ-ны хууль нэг "шүдгүй арслан" шиг юм бий. Олуулаа нэг орон сууцанд амьдарч байгаа тохиолдолд дэг журамтай байж, СӨХ-ны төлбөрөө төлдөг, хогоо орцондоо хаядаггүй байя гэх мэт өөрсдөө оршин суугчдын хувьд хамтын амьдралын дүрмээ зохиогоод захирагдах асуудлыг оруулж ирсэн. Ялангуяа, СӨХ-ны төлбөрийг хариуцлагатай төлүүлэхэд анхаарсан. Тухайлбал, цахилгаан шатаа ашиглах боломжгүй болгох, алданги тооцох, төлбөрөө төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх гэх мэт. Ингэснээр санхүүгийн хариуцлага сайжирна.
Гуравт, СӨХ-ны засаглалыг сайжруулъя. Оршин суугчдыг хариуцлагажуулаад, оршин суугчид төлбөрөө төлөөд байхад түүнийг нь захиран зарцуулж буй СӨХ гэдэг иргэдийн нэгдэл хариуцлагатай байж, ил тод байх хэрэгтэй. СӨХ юу ч хийхгүй, өгсөн мөнгөөр идээд дуусчихлаа гэдэг асуудал бий. Тиймээс СӨХ улирлын тайлангаа оршин суугчдадаа цаасаар тараадаг байя, санхүүгийн ил тод байдлыг шаардах зэрэг шинэчлэлийг хийхээр тусгасан.
-Орон сууцны дундын эдэлбэр газар дээр барилга барина гэх мэт алга болчихдог тал бий. Ингэснээр хүүхдүүд тоглох газаргүй болчихдог. Энэ асуудал тусгагдаж байгаа юу?
-Орж байгаа. Дэвсгэр газар буюу орон сууц барьсан газар болон гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн газар болно. СӨХ-ны газар биш шүү. Оршин суугчдын дундын өмчлөлийн газар болно гэсэн үг. Үүн дээр сууц өмчлөгчид өөрсдөө юу хийхээ шийднэ. Ингэж ая тухтай байдлаа хангахгүй бол газраа алдах тохиолдол бий. Тиймээс ийм зохицуулалт оруулахаар хуулийн төсөлд тусгалаа.
-Том компаниуд СӨХ-гоо байгуулаад, төлбөрийг дураар тавьдаг асуудал байна. Өндөр үнээр орон сууцаа худалдаж авсан ч, дагаад гарах зардал нь тодорхойгүй өсөх тохиолдол бий. СӨХ-ны төлбөр дээр ямар нэг тариф тогтоож, ядаж дээд хязгаарыг тогтоох зохицуулалт орох уу?
-Хоёр өөрчлөлт орж байгаа.
Нэгд, тухайн орон сууцыг барьсан компани СӨХ байгуулдгийг больж байгаа. Барилгын менежментийн компани бол байж болно. Гэхдээ оршин суугчидтайгаа гэрээгээ хийгээд үйл ажиллагаа явуулдаг болно. Дураараа СӨХ байгуулж, иргэдээс баахан мөнгө авчхаад гурван жилийн баталгаат хугацаа дуусангуут иргэдээ хаяад явдгийг болиулна. Тиймээс барилгын компани СӨХ байгуулахгүй.
Хоёрт, тарифын асуудал байна. Контор нь төлбөрөө нэмээд явчихдаг. СӨХ нэмж чаддаггүй. Иргэдээсээ санал авдаг. Тодорхой санхүүгийн эх үүсвэр байхгүй болохоор цэвэрлэгээ арчилгаагаа хийж чадахгүй байх нь бий. Тиймээс инфляц тооцож, талбайн хэмжээ, гэр бүлийн хүний тоо, лифт хэрэглэх эсэх зэргийг үнэлээд СӨХ-ны төлбөрийн жишиг аргачлалыг боловсруулна. Энэ аргачлалын хүрээнд тарифаа тогтоодог болно. Одоо сарын 6000 төгрөгийн төлбөртэй ч газар байна, 600 мянган төгрөгийн төлбөртэй ч газар байна.
-СӨХ-ны төлбөрөө дураар нэмдэг асуудлыг яах вэ, маш их хэмжээний мөнгийг оршин суугчдаасаа цуглуулдаг ч юу ч хийхгүй, авсан мөнгөө тайлагнадаггүй СӨХ-нуудыг яах юм бэ?
-Хамгийн гол хөшүүрэг бол санхүүгийн, үйл ажиллагааны ил тод байдал. СӨХ-г оршин суугчид тусдаа байгууллага гэж ойлгож болохгүй. Үнэхээр болохгүй байвал оршин суугчдаараа СӨХ-гоо сольж болно шүү дээ. СӨХ-ны даргад ямар хариуцлага тооцох вэ, бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг хуулиар тодорхой болгоно.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх