УИХ-ын хаврын чуулган үргэлжилж байна.
Хуучин 76 гишүүний үед асуудал хэлэлцэх үеэр хуралдаанд сууж өгөхгүй хууль тогтоомжийн төслүүд “дунших” үзэгдэл гаарч, нэгнийхээ өмнөөс санал өгөх буюу “төгөлдөр хуурдах” тохиолдол ч гарч байлаа.
Энэ асуудал хүндээ байна уу, сандал суудалдаа байна уу чуулганы танхимын бор модон ширээ сандлууд одоо ч эздээ хүлээж гансарсан байдалтай харагдах боллоо. Парламент бүрэлдээд бүтэн жил ч эргээгүй байтал ийнхүү “архаг хууччуулын өвчин” энэ танхимд тархаж амжжээ.
Зүй тогтлоороо бол хуучнаа сайжруулж, алдаагаа засах гэж шинэ бүрэлдэхүүн 126-уулаа болон бүл нэмж, дэгийн тухай хуулиа шинээр баталсан.
Хууль тогтоох, боловсруулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн тулд бүр Үндсэн хуулиар дархан эрх эдэлдэг албан тушаалтнууд бол УИХ-ын гишүүд.
Гэтэл хаврын чуулган эхлээд, хууль, хуулийн төслүүд, танилцуулга мэдээлэл хэлэлцээд 3 долоо ч хоноогүй байтал 3 сая иргэнээ төлөөлж суух танхим хоосон байна. Ийнхүү сонгосон иргэд нь дэг сахиулах УИХ-ын даргатайгаа хэлэлцүүлсэн асуудалдаа санал хураахын тулд 3 орчим минут гишүүдийг суудалдаа морилохыг хүлээв.
Хэдийгээр ирц дэгийн тухай хуульд зааснаар олонх хүрэлцэн ирснээр буюу 108 гишүүнтэйгээр хангагдсан ч тэд танхимыг орхин гарч, УИХ-ын даргын урилга, дуудлагаар буцан орж ирсэн юм. Энэ бол анхны тохиолдол биш.
Намрын чуулганаар ч мөн адил дүр зураг ажиглагдаж байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Засгийн газрын тайлан мэдээллийг хоёр ч удаа хойшлуулахад хүрч байв.
Гэтэл дэгийн тухай хуульд хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно хэмээн тусгасан нь бий.
Тэгвэл дэг сахиулагчийн хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх асуудлыг таслан зогсоох, хууль тогтоох ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад анхаарах шаардлага үүсcэн бололтой.
Нөгөө талаас Д.Амарбаясгалангийн хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, сонгогдсон даруйдаа УИХ-ын дарга болсон. УИХ-ын гишүүн хуралдаа ирэхгүй байх нь тухайн хүний хувийн зохион байгуулалтын асуудал ч гэлээ гишүүдээ цуглуулах тал дээр Д.Амарбаясгалангийн туршлага дутаж байхыг ч үгүйсгэхгүй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийнхөө нийтэлдэг “Гишүүний влог” хэмээх видео тэмдэглэлдээ “Ирцээ эртхэн бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд үгээ хэлчихээд танхимыг орхидог. Нэгэнт өрөөнөөсөө чуулганы хуралдааныг сонсчихдог тул ялгаа байхгүй. Харин тэр зуур иргэдтэй уулзах зэргээр бусад ажлаа амжуулдаг” хэмээн хэлж байсан удаатай билээ.
Ийнхүү гишүүдийн ойлголтыг хууль сахиулах чиглэлд оруулахгүй бол иргэдийн итгэл, төрийн үйл ажиллагааны хэмнэл алдагдах эрсдэлтэй.
Хуульд зааснаар дэг зөрчсөн тохиолдолд сануулах зэрэг хэмжээ авдаг ч удаа дараагийн шинжтэй болбол Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ёстой.
Нэг гишүүнээ л хоргоож, цахим сүлжээнд юу бичих, бичихгүй тухай нь цендурдаж байхаар нийт гишүүдээ дэгтэй, зүйтэй хуралдуулж сурах хэрэгтэй байна даа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ёс зүй, дэгийн байнгын хороон дарга Б.Баярбаатар нар энэ асуудалд анхаарлаа хандуулна биз ээ.
Сэтгэгдэл үлдээх