Засгийн газраас нэгдүгээр сарын 29-ний ээлжит хуралдаанаар түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд угааж, самнасан ноолуур экспортолдог болсноор 260 гаруй сая ам.долларын нэмүү өртөг дотоодод үлдэх эдийн засгийн тооцоотой.
Гэвч энэ шийдвэрийн уршгаар түүхий ноолуурын үнэ бууж, малчид ноолуураа зарж чадахгүй хүнд байдалд оржээ.
Малчид амьдарч буй бүсийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зүүн болон говийн аймгууд 3-4 дүгээр сард, төвийн болон баруун бүсийнхэн 4-5 дугаар сард ямаагаа самнадаг аж. Одоогийн байдлаар зүүн болон говийн аймгуудын ноолуур гарсан ч үнэ нь төдийлөн өндөр биш байгааг малчид хэлж байна. 2023 онд зүүн аймгуудад ноолуурын үнэ нэг кг нь 160 мянгаас, 2024 онд 185 мянгаас эхэлж цаашаа өсөж байсан. Тэгвэл энэ жил 170 мянгаас эхэлсэн ч цааш өсөлгүй унаж, 145-150 мянга болоод байгаа юм байна. Үүнийг малчид Засгийн газрын түүхий ноолуурын экспортыг хориглосонтой холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Манай улс жилд 10 мянган тонн ноолуур хураадаг бөгөөд үүний 30 орчим хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Харин үлдсэнийг нь экспортолдог.
Түүхийгээр нь гаргасан бол малчдад хэрэгтэй байлаа
Энэ талаар Хэнтий аймгийн малчин Өндөрхаан телевизэд өгсөн ярилцлагадаа "40-өөд кг ноолуур өгөх гэтэл үнэ нь буурсан байна. Одоо өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү болжээ. Одоо бүр авах ч үгүй байна. Ноолуурын мөнгөөр зээлээсээ жаахан хороож, гурил будаагаа, өмсөх зүүхээ авъя гэж бодсон. Одоо найдлагагүй бололтой. Уг нь түүхий чигээр нь БНХАУ руу гаргасан бол бидэнд хэрэгтэй байлаа. Миний хувьд хүүхдүүдээрээ ямаагаа самнуулсан болохоор гайгүй байлаа. Тэрнээс биш хүнээр самнуулбал өндөр зардал гарна шүү дээ" гэв.
Малчдын тал нь ноолуураа зарж чадаагүй байна
Мөн Хэнтий аймгийн ноолуурын ченж П.Ганзориг "Анх ноолуур кг нь 170 мянгаар эхэлсэн. Өнөөдөр ноолуур авах хэцүү байна. Ноолуур авахаар заавал угааж самнасан ноолуур гээд байгаа юм. Уг нь ноолуурын борлуулалтын ид үе. Малчид өр зээлээ дармаар байна гэхчлэн учраа хэлээд ирж байна. Бид түүнийг нь хямдхан авъя гэхээр малчдаа гомдоочих гээд үнэтэй авъя гэхээр өөрсдөө шатчих гээд байна. Одоогийн байдлаар малчдын 50 хувь нь ноолуураа зарж чадаагүй, гар дээрээ байлгаж байна. Төрөөс угааж, самнаж гаргана гэх юм. Гэвч ганц ширхэг үйлдвэргүй байна. Ноолуур арьс шир шиг л болох нь. Уг нь өнгөрсөн жил ноолуур кг нь 187 мянга хүрсэн. Засгийн газар оролцохгүй, чөлөөт зах зээлээр нь явуулбал шал өөр. Гардаг байсан юмыг бүгдийг нь хорьчих юм. Тэгснээ өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, гадагшаа гаргая гэхээр гаргаж чадахгүй байна" гэлээ.
ААН-үүд шууд малчдын гар дээрээс авахгүй байна
Улсын хэмжээнд 11.9 мянган тонн самнасан ноолуур бэлтгэх суурилагдсан хүчин чадалтай 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү ААН-үүд малчдын гар дээрээс ноолуур худалдаж авъя гэхээр НӨАТ-ын хөнгөлөлтөөс хасагдах эрсдэлтэй байна. Учир нь, ААН-үүд заавал хоршоологчдоос худалдаж авснаар НӨАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, малчдын гар дээрээс шууд худалдаж авбал НӨАТ-ын төлбөрт унаж, ашиггүй ажиллах эрсдэлтэй байгаа аж.
Энэ талаар малчид "малчнаас ноолуур худалдаж авбал НӨАТ-ыг чөлөөлдөг байх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.
Засгийн газрын шийдвэрээс бус дэлхийн зах зээлээс үнэ тогтсон
Тэгвэл энэ талаар Монголын ноос ноолуурын холбоо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дайн, дэлхийн эдийн засаг, геополитикийн асуудлаас шалтгаалж Европын болоод олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүссэнээс манай ноолуурын салбарт ч мөн адил ийм нөхцөл байдал бий болоод байна. Өнөөдөр самнасан ноолуурын гол худалдан авагч Италийн зах зээл дээр 1кг самнасан ноолуур ойролцоогоор 97 ам.доллар орчим байгаа нь 340,000 төгрөг болж байна.
Дараах жишээг олон жилийн дундаж гарцаар тооцоолов.
Зах зээлийн үнэ нь гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалан тогтдог тул төр засгийн аливаа шийдвэр, Монголын ноос ноолуурын холбоо, холбооны гишүүн үйлдвэр, компаниуд нь түүхий ноолуурын үнэд нөлөөлөх боломжгүй юм" гэжээ.
Малчдын орлогын эх үүсвэрийн дийлэнхийг ноолуурын орлого эзэлдэг. Тэгвэл энэ хавар ноолуурын үнэ төсөөлснөөс бага тогтсоноор малчид гомдолтой байгаагаас гадна ноолуураа зарахгүй дарж өнжүүлэх эрсдэлтэй байна. Үүний улмаас малчдын санхүүгийн байдал муудахаар байгааг малчид хэллээ. Уг нь манай улс малчдынхаа орлого, аж ахуйг сайжруулъя гэж "Шинэ хоршоо", "Цагаан алт" зэрэг янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр малчдын орлого төдийлөн өсөхгүй байна.
Сэтгэгдэл үлдээх