Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засалтай холбоотой нийгэмд тархаад буй буруу ойлголтыг залруулахаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлаар тархины үхэл гэж юу болох, тухайн донорыг хэрхэн тодорхойлж, ар гэрт нь мэдээлэл хүргэдэг тухай болон донор гарахад эмнэлгийн ажилтнууд хэрхэн бэлэн байдлаа хангаж, хэчнээн мэргэжилтний бүрэлдэхүүн ажилладаг талаар мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал, ХСҮТ нь анх 2018 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсын хоёр дахь элэг шилжүүлэн суулгах төв болжээ. Тэр цагаас хойш ХСҮТ 200 орчим хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 12 тохиолдол нь тархины үхэлтэй донороос авсан байна. Энэ бүхэнд П.Батчулуун эмчийн үүрэг оролцоо их аж.
Эмч нарын зүгээс П.Батчулуун эмчтэй холбоотой асуудлын талаар ярихдаа “Хоёр шатны шүүх хурал болсон. Хуулийг зөв, буруу гэж хэлэхгүй ч энэ бол нэг эмчийн асуудал биш. Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг нийт эмнэлгүүдийн асуудал болж, үйл ажиллагаа нь доголдож байна. 2024 оноос хойш нэг ч тархины үхэлтэй өвчтөн донор болсонгүй. Донор хүлээж буй өвчтөнүүд, ар гэр гэхчлэн зөндөө хүмүүс хүнд байдалд орсон. П.Батчулуун эмчийн биеийн байдлыг харгалзан үзээд гэрээр нь ялыг нь эдлүүлэх асуудал яригдаж байх шиг байна.
Гэрээр ял эдлүүлэх нь тухайн хүний эрүүл мэндийг бодоход зөв шийдвэр ч гэлээ Эс, эд эрхтэн шилжүүлэх багийг буруу үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгуулж, энэ багийг, тэр хагалгаанд оролцсон бүх мэргэжилтнүүдийг ялтай хэвээр нь, яллаж үлдээх гээд байгаа нь харамсалтай.
Тиймээс энэ асуудлыг УДШ шүүх үнэн мөнөөр нь шийдэж эрхтэн шилжүүлэх салбарыг авраасай гэж хүсэж байна. Мөн зарим нэг сэтгүүлчдийн болчимгүй алдаанаас болж эмч нарын нэр хүнд унаж, тархины үхэлтэй донор дахин гарахгүй байгаа нь харамсалтай” хэмээсэн юм.
Тархины үхэлтэй донор гарахад 3 эмнэлгийн 60-80 гаруй хүн нэг цагийн дотор бэлэн байдлаа хангадаг
ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат:
- Бид өгөрсөн хугацаанд 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах ажил хийсэн. Энэ буянтай үйл ажиллагааны талаар үнэн зөв бодит мэдээллийг хангалттай олгоогүйн улмаас ард иргэдэд буруу мэдээлэл өгч, талцуулан хуваах нөхцөл байдал үүссэнд ард түмнээсээ уучлал хүсэж байна. Иргэдийн дунд гэнэтийн байдлаар зам тээврийн осол аваарт ороод ухаангүй байгаа хүний эд эрхтэйг дураараа авчихдаг юм биш үү, эд эрхтнийг нь наймаалдаг юм биш үү гэх ойлголт тархаад байна.
Тархины үхэлтэй өвчтөн болон комд байгаа өвчтөн хоёрыг энгийн хүн харахад яг адилхан харагддаг.
Комд байгаа хүний хувьд ямар нэг эмийн эмчилгээ хийж, шокийн байдлаасаа гарахад сэргэх боломжтой байдаг. Үүнийг мэдрэлийн, зүрхний, унтуулгын, эрчимтийн эмч нар үзлэг, шинжилгээ хийж, энэ хүний тархи, зүрх хэвийн ажиллаж байна гэдгийг тодорхойлдог.
Харин тархины үхэлтэй донорын хувьд тархи нь эргэшгүй өөрчлөлтөд ороод, зүрх болон амьсгалаас тусдаа тархи нь үхэждэг. Энэ тохиолдолд зүрх нь ажиллаж байдаг я зүрх тархи хоёр хоорондоо мэдээллээ солилцдоггүй. Тархи үхэжжээ гэдэг мэдээллийг элэг, зүрх авдаггүй. Тэгэхээр зүрх хэвийн ажиллаж байдаг ч тархи үхэжсэн байдаг. Ийм үед тусгай баг ажиллаад тархины үхэлтэй болжээ гэж дүгнэж, зарладаг.
Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй.
Уг баг маань эрүүл мэндийн хөгжлийн төвийн П.Батчулуун даргаар ахлуулсан Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албаны тусгай нарийн мэргэжлийн эмч нар очиж, нарийн мэргэжлийн эмч нартай зөвшилцөн, донор болж болох үгүйг тодорхойлж, өвчтөний ар гэрийнхэнтэй нь уулздаг. Ар гэрийнхэнтэй нь уулзах процесс маш хэцүү.
Ялангуяа П.Батчулуун даргаар ахлуулсан Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албаныханд маш хүнд үе байдаг. Ар гэр нь сэтгэлзүй, бие мах бодийн хувьд хохирсон, хүнд үед нь уулзаж байгаа шүү дээ. Тэр уулзалтыг маш богино хугацаанд хийж, шийдвэр гаргах хэрэгтэй байдаг.
Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд тархины үхэлтэй нэг донор гарахад нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэх хагалгаа хийж, 14 хүний амь насыг аварч, амьдрал бэлэглэсэн.
Тархины үхэлтэй донор гарлаа гэх мэдээллийг П.Батчулуун даргын албанаас Улсын 1-р төв эмнэлгийн элэгний багт, бөөрний багт, ХСҮТ-ийн элэгний багт зэрэг мэдээллийг өгдөг. Тухайн үед буюу 2024 онд над руу яриад, “Багууд бэлэн байдлаа хангаарай, тархины үхэлтэй донор гарч байх шиг байна₮ гэх мэдээлэл ирсэн. Тэр мэдээлэл ирснээс хойш би нэг цагийн дотор 120 хүн рүү ярьж, багаа бүрдүүлэн, бэлэн байдлаа хангасан. Ийнхүү мэдээллээ авч мэс заслын баг, хүлээн авагчаа сонгох үйл ажиллагаа явдаг. Хүлээлэгт байгаа буюу амь тэнцэж буй хүмүүсийн жагсаалтын дагуу хэддүгээр бүлгийн цустай хүн бэ гэдгээр нь шүүж эхэлдэг. 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүх материалууд дээрээ ажиллаж, хүлээн авагчаа тодорхойлдог. Хагалгаа, унтуулгын баг, эрчимт эмчилгээ, хэвлийн эхоны эмч нар хамгийн эхний багаар томилогдон хөдлөөд, өвчтөнийг үнэлдэг.
Энэ дуудлага хэдэн цагт ч хамаагүй ирнэ. Ихэвчлэн дандаа шөнө ийм тохиолдлууд гарч, бүх эмч, сувилагчдаа гэрээс нь аваад явдаг.
Мөн 5-6 сувилагчийн баг ирж, хагалгааны багаа бүрдүүлдэг. 1 цагийн дотор эмнэлгийн нэг баг дээр, 20 гаруй хүн ажилладаг. Тэгэхээр 3 эмнэлгийн 60-80 гаруй хүн зэрэг 1 цагийн дотор үйл ажиллагаагаа эхэлдэг гэсэн үг. Тэр олон эмнэлгийг төлөөлж, ар гэрийнхэнтэй нь уулзан, үнэн мөнийг тайлбарладаг хүн бол П.Батчулуун эмч юм.
Нийгмийн сүлжээнд нэг эмнэлгийн нэг эмчийг л буруутгаад байгаа болохоос биш олон эмнэлгийн олон баг, олон мэргэжилтнүүд үүнд оролцдог. Тэгэхээр энэ бол олон эмнэлгийн ажилтнуудыг бүгдийг нь яллаж байгаа хэрэг.
Бодлого боловсруулагч нар донорын ар гэрт зохих ёсны үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг элэгний өвчний төгсгөлийн шатанд хийдэг. Тухайлбал, элэгний хатуурал, хорт хавдар нь эмчилгээгүй 3-6 сар амьдрах нөхцөл байдалтай үед элэг шилжүүлдэг. Уг мэс ажилбарыг тархины үхэлтэй донор болон амьд донороос авдаг. Донор байхгүй хүмүүст тархины үхэлтэй донороос авдаг.
Тухайлбал, Гэр бүлд нь ижил бүлгийн цустай хүн байхгүй, донор болох боломжтой хүн нь хагалгааны хувьд тохиромжтой бус судасны гажигшилтай үед тархины үхжилттэй донороос элэг шилжүүлэн суулгах өвчтөний жагсаалтад ордог.
"Бодлого боловсруулагч нарт хандаж хэлэхэд донор болж байгаа хүний ар гэрт нь зохих нөхөн олговор, үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байна. Үүнийг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна" хэмээн эмч нар байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх