О.Номинчимэг: Евразийн түр хэлэлцээр ерөнхий зургаараа “Талхнаас хямд тамхины хэлэлцээр” гэж харагдаж байна

Ж.Номин
2025-04-23

УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол электрон тамхи, янжуур тамхины асуудалд хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж ажиллаж буй. 

Ажлын хэсгийн зүгээс бодлогын яамнуудтай хамтран ажиллаж, хуулийн төслөө бэлэн болгож, хэлэлцүүлгийн шат руу оруулахаар бэлтгэж байх үед Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуур тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварын 30 хувийг тэглэх заалт хэлэлцээрт тусгагджээ. Уг асуудлыг УИХ гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд эсэргүүцэн мэдээлэл хийлээ. 

Янжуур тамхи бол импортын бүтээгдэхүүн бөгөөд 2024 онд л гэхэд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортоор орж иржээ. Үүнийг Монгол Улсын  нийт хүн ам буюу дөнгөж төрсөн 0 настай нярайгаас 80 настай буурал хүртэл хуваагаад үзэхэд нэг хүн жилд 1000 ширхэг тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байгаа аж. Түүнчлэн ямар нэг зохицуулалтгүй байгаа электрон тамхийг 2024 онд 7.8 сая ширхгийг импортолжээ. 

Нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувь нь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог аж. Ялангуяа Казакстан Улсаас янжуур тамхи импортлогддог байна. Том зургаараа янжуур тамхины импортыг Казакстанаас гадна БНСУ тэргүүлдэг байна. Гэтэл БНСУ тамхины үйлдвэрээ Казакстан улсад барьж байгаа тул алсдаа бүх янжуур тамхины импорт Казакстан улсаас хамааралтай болох юм. 

Тиймээс Евразийн хэлэлцээрээр тамхины гаалийн татварыг тэглэх юм бол цаашид Монгол Улсад орж ирэх бүхий л тамхин бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай байгаа аж. 

УИХ гишүүн О.Номинчимэг “Евразийн түр хэлэлцээр ерөнхий зургаараа “Талхнаас хямд тамхины хэлэлцээр” гэж харагдаж байна. Монгол Улс тамхи болон тамхинд ноогдох татвараараа дэлхийд хамгийн хямд улс. Нийтийн эрүүл мэнддээ анхаардаг улс тамхин бүтээгдэхүүнийг манай улсаас 20-30 дахин өндөр үнээр зардаг. Улс орнууд тамхины гаалийн албан татвар болон онцгой албан татварыг өндөр тавьж, нийтийн эрүүл мэндээ хамгаалдаг. Гэтэл бид 3000-4000 төгрөгийн үнэтэй буюу талхтай адилхан үнэтэй зардаг тамхины 30 хувийн гаалийн татварыг тэглэх гээд байж байх юм. Хэрэв гаалийн татварыг  тэглэчих юм бол хайрцаг тамхи зайрмагаас хямд үнэтэй болно. Төр нь хүүхдүүддээ хор бэлтгэж өгдөг бодлого барих ёсгүй.

“Хүүхдүүдээ талх үнэтэй байгаа тул хямдаар нь тамхи татчих” гэх бодлогыг төр байх ёсгүй.

Тиймээс олон нийтийн дэмжлэгтэйгээр уг асуудалд анхаарах хэрэгтэй байна. Тамхины татварыг бууруулбал оршуулгын газар л нэмэгдэнэ. Учир нь жилд дунджаар 4300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна. Хэрэв Евразийн хэлцээр уг агуулгаараа батлагдвал Монгол Улс хорт хавдрын өмнө бууж өгөөд, цагаан тугаа өргөж байгаатай ялгаагүй юм” гэв. 

Тус ажлын хэсэг ирэх долоо хоногт Тамхины тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлгээ эхлүүлэх аж. Уг нэмэлт өөрчлөлтөөр электрон болон янжуур тамхины хэрэглээг хүүхэд залуучуудын дунд бууруулах арга хэмжээг оруулж байгаа юм.

Ташрамд, тамхины гаалийн 30 хувийн татвараас улсын төсөвт жилд 68 тэрбум төгрөг орж ирдэг аж. Хэрэв тамхины гаалийн татварыг тэглэвэл уг төсөв орж ирэхгүй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe