Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит 12 дох уралдааны шилдгээр Д.Халиунаа шалгарлаа

.Graph
2025-05-02

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг  тодруулдаг уламжлал тогтсон.  Энэ жил “Үнэн бүдгэрсэн медиа” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарласан билээ. Харин уралдааны хоёрдугаар шатанд Mojo бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүж шилдэг оюутнуудыг шалгаруулсан байна. Энэхүү “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 12 дох удаагийн уралдаанд МУИС-ийн сэтгүүлзүйн ангийн оюутан Д.Халиунаа тэргүүн байрын эзэн болж,  бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн боллоо. Түүний хувьд уралдааны нэгдүгээр шатанд “Сэтгүүлч хэнд хэрэгтэй вэ” эссэгээр оролцсон бол хоёрдугаар шатанд “Дуу чимээний бохирдол” Mojo бүтээлээрээ оролцож, шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан байна. ХИС-ийн оюутан Б.Энхням, мөн ХИС-ийн оюутан Б.Маралмаа, МУИС-ийн оюутан Х.Хатанзориг, МУИС-ийн оюутан А.Тэмүүлэн, МУИС-ийн оюутан Б.Үүрцайх нар тусгай байрын шагнал хүртсэн юм.

Өмнөх жилүүдэд тус уралдаанд сэтгүүлзүйн ангийн 2,3-р курсийн оюутнууд оролцдог байсан бол өнгөрсөн жилээс уралдааныг курсийн ялгаагүй болгосноор илүү олон оюутан оролцох боломжтой болсон юм. 

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд Mojo  буюу гар утасны техникийн боломжийг ашигласан бүтээлээрээ өрсөлдсөн нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа. Уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СУИС-ийн РТМУС, Сити их сургууль зэрэг сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын  оюутнууд бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд долоон оюутан шалгарчээ.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулаад байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe