Хэвлэл мэдээллийн шинэ хамтрал “Анализ шоу - Засаглал ба Зах зээл” нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн буюу 5 сарын 1-ний дугаараар гүйцэтгэх засаглалын хяналт, евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр, татвар ба тамхины хяналтын тухай хууль гэх сэдвүүдийн хүрээнд өрнөсөн. Тус дугаарт МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Н.Отгонсайхан, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар оролцож, ЕАЭЗХ-той байгуулах түр хэлэлцээрийн талаар байр сууриа хуваалцсан юм.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Н.Отгонсайхан:
- Орос, Казакстан, Беларус, Киргиз, Армен гээд 5 орон гаалийн холбоо байгуулсан. Манай улсын хувьд өмнө нь Япон улстай хоёр талт хэлэлцээр байгуулж байсан бол одоо Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр таван оронтой хэлэлцээр байгуулах асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, энэ 5 орон маань гаалийн холбоонд орчихсон, хоорондоо гаалийн татваргүй. Гуравдагч орнуудтай харьцах гадаад худалдааны буюу гаалийн бодлогоо нэгтгэчихсэн. Энэ таван орны алинд нь ч бараа нийлүүлэхэд нэг татвартай байх хэлэлцээр хийх юм. Уг хэлэлцээр нь түр хугацааны хэлэлцээр бөгөөд эхний ээлжид хоёр талаас тохирсон тодорхой төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх, зарим барааны тоо хэмжээг хязгаарлалттайгаар нийлүүлэх чиглэлээр хэлэлцээр хийнэ.
Монгол Улс 2024 оны байдлаар ЕАЭЗХ-ны орнуудад 110.1 сая долларын бараа экспортолж, 2.9 тэрбум долларын бараа импортолсон байдаг. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 1 хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Харин Монгол Улсын нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Ингэснээр Монгол Улсын худалдааны баланс 2.8 орчим тэрбумын алдагдалтай байгаа юм.
Хэлэлцээрийг байгуулснаар одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх үү гэж үзэхэд 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг эдгээр орнуудад экспортолбол 3.8 орчим хувиар нэмэгдэх дүр зураг харагдаж байна. Ийнхүү экспорт 3.8 хувиар нэмэгдэхэд мах, махан бүтээгдэхүүн, ялангуяа адууны мах нөлөөлөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, экспорт 1.7 сая доллароор нэмэгдэнэ.
Гэтэл адууны махны экспортод ЕАЭЗХ-ны зүгээс 38 нэр төрлийн шаардлагыг тавьж байгаа бөгөөд үүний 33 нь эрүүл ахуй, ариун цэвэртэй холбоотой шаардлага байна. Харин манай улс дээрх шаардлагуудыг хангаж чадаж байна уу, шаардлагыг биелүүлж байгаа гэдгээ нотлоход лабораторийн хангамж, хүртээмж хангалттай юу гэх асуулт үүснэ. Мөн тогтвортой нийлүүлж чадах уу, тус орнууд адууны махыг тогтмол хэрэглэх үү гэх асуудлууд үүснэ. Цаашлаад адууны махаар тухайн орнуудын зах зээл дээр ямар улсуудтай өрсөлдөх вэ гэхчлэн асуудлууд үүсэж байна.
Хэрэв энэ хэлэлцээрийг байгуулбал ДНБ 6.1 хувиар, импортод үзүүлж буй хувь 2 хувиар буурч, төсөвт үзүүлэх татварын нөлөө 3.2 хувьд хүрнэ гэж судалгаагаар дүгнээд байна. Бараг 4 дэх худалдааны хэлэлцээрээ хийх гэж байж өмнөх алдаа туршлагуудаасаа суралцаагүй, зөвхөн тоон судалгаа хийж, чанарын судалгааг орхигдуулж байгаа нь учир дутагдалтай байна. Бусад улсуудын туршлагыг бас судалж үзэх хэрэгтэй.
Дотоодын үйлдвэрлэгчдээ хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулж байж ийм хэлэлцээр хийх нь зөв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
- Уг хэлэлцээр 2 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн юм билээ. Яг яаж энэ асуудал хөндөгдөж эхэлснийг сайн мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдийн зүгээс тухайн үеийн протокол, тэмдэглэлүүдийг авч үсэх хүсэлтүүдийг тавьж байгаа.
Ерөнхийдөө Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгаа шинжилгээг тааруу хийж, холбогдох яамнууд уялдаа холбоотой ажиллагаагүй гэж үзсэн. Уялдаа холбоотой ажиллуулахгүй байх нөлөө байсан юм болов уу даа ч гэж харж байгаа.
Бараа бүтээгдэхүүний жагсаалт дээр Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажилласан бол ерөнхий хэлэлцээрээ базах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хийж байгаа юм билээ. Япон улстай хийсэн өмнөх хэлэлцээрийн алдаа, туршлага, сургамждаа тулгуурлаж энэ хэлэлцээрийг хийх хэрэгтэй байсан. Манай улс үнэхээр энэ хэлэлцээрт бэлэн байна уу, харилцан ашигтай байх зарчим хэр хангагдсан байна вэ, зах зээлээ нээснээр өөрсдөө сайжрах уу гэдгээ нарийн тооцож, олон талаас нь харах ёстой. Хэлэлцээр хийж буй процесс бол хангалтгүй байна.
“Түр гэрээ юм чинь болохгүй бол больчихож болно” гэх хариулт өгч байгаа хүмүүс дотоодын үйлдвэрлээ тэр хугацаанд ямар эрсдэлд орохыг хангалттай судлаагүй л байна гэж харж байгаа гэв.
Сэтгэгдэл үлдээх