Манай Улсын эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6% нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4% нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3% нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2%-д эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр Олон улсын “Эх баригчдын өдөр” тохиож байна. Олон улсад Эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн, эх баригч мэргэжлийг бие даасан тусламж үйлчилгээ хэмээн үзэж “Эх баригчдын өдөр”-ийг жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд Олон улсын эх баригчдын өдрийг “Эх баригчид: Эх, нярайн амьдралыг аврагч” уриан дор зохион байгуулж байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн төдийгүй үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан 9 орны нэг болсон.
Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 54,4 тэрбум төгрөг, 2022 онд хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж 115,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 2023 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын их засвар”-ыг эхлүүлэхээр 11,4 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөн ажиллаж байна.
ЭМЯ, Люсенбургийн хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС-ын хамтарсан 2022-2027 онд хэрэгжүүлэх “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 2024 онд 1.994.308 ам долларын санхүүжилт бүхий 69 үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх