Улаанбаатар хотыг 14 хотод хуваана гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд хүчтэй тархаж, эвэртэй туулай үзсэн юм шиг гайхширсан хүмүүс олон байв.
Угтаа бол 2024 оны 6 сарын 5-нд шинэчлэн батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар уг асуудлыг зохицуулчихсан байсан гэхэд буруудахгүй. Тус хууль 2024 оны 6 сарын 5-нд батлагдсан ч 2025 оны 6 сарын 1-нээс хуулийн хэрэгжилт эхэлж, дагаж мөрдөнө хэмээн баталсан юм.
Тэгвэл 14 хотын асуудал хаанаас гараад ирэв?
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын Хот, тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах гэх 5 дугаар зүйлийн 5.1-т Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд
Ийнхүү дээр дурдсанчлан тус хуулийн 5.1 дэх хэсэг болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн УИХ-аас Хот байгуулах тухай 72 дугаар тогтоолыг баталсан юм.
Тус тогтоолд улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул 4 хот буюу нийт 53 хот байгуулна хэмээн баталжээ.
Орон нутгийн зэрэглэлтэй 43 хотод Улаанбаатар хотыг 14 хуваасан асуудал орж буй. Харин уг УИХ-ын 72 дугаар тогтоолыг дагаж мөрдөх огноо нь 2026 оны 1 сарын 1-ний өдөр гэж тусгасан. Тэгэхээр цахим орчин болоод мэдээллийн хэрэгслүүдээр дурдагдаж байгаа шиг ирэх 6 сарын 1-нээс шууд 14 хоттой болчихгүй байх нь.
Харин “Хот байгуулах тухай” тогтоолтой холбогдуулан Засгийн газрын зүгээс хотуудын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоож, УИХ-д шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн.
Гэвч одоогоор Засгийн газраас УИХ-д уг асуудалтай холбоотой ямар ч төсөл өргөн бариагүй байгаа аж.
Товчоор бол Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь 2025 оны 6 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бол түүнийг дагалдаж гарсан Хот байгуулах тухай тогтоол 2026 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс харахад, Улаанбаатар 14 хоттой, Монгол Улс нийт 53 хоттой болоход хагас жилийн хугацаа байна. Энэ хугацаанд Засгийн газар бэлтгэл ажлаа хангаж, дэд бүтцээ бэлдэн, холбогдох шийдвэрийн төслүүдээ УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэх болов уу.
Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах асуудлаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
- 14 хот болгож хуваана гэдэгт ач холбогдол өгөөд хэрэггүй. Харин засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэх үндсэн зорилготой. Яг 14 хот болгож хуваах дээр хил заагийг нь ч тогтоогоогүй байгаа. Хэд хуваах нь чухал биш, гол нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, эмийн сан нь 20 минутад хүрэхээр байх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
- 6 сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд засаг захиргааны нэгжийн хувьд болоод засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын хувьд ч бэлтгэл бүрэн хангагдаагүй байна. Нөгөө талдаа энэ нь үндсэн хуулийн зөрчил болох магадлал өндөр. Тухайлбал, аймгийг татан буулгахгүйгээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэж тооцвол төлөөллийн зарчим алдагдахаас эхлээд олон асуудал хөндөгдөн гарч ирнэ. Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
- Хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог болох хуулийн заалт батлагдчихсан. Төвийн 6 дүүргийг 14 хот болголоо гээд зарим хүмүүс шоолж байх шиг байна. Энийг хэрэгжүүлэхгүй байх сонирхол сонгуулийн тойргийг усалдаг улс төрчдөд байна. Харин тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардагдаж байгаа учир хэрэгжилтийг 1-2 жилээр хойшлуулаад, хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан байгуулахаар тогтоосон улс болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудын жагсаалт:
Сэтгэгдэл үлдээх