“Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг нээлээ

.Graph
2025-05-06

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлт өнөөдөр болов.

14 мега төслийг нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой, үндэсний кластер төслүүдийн цогц хэмээн албаныхан үзэж байгаа бөгөөд эдгээр төслүүдэд усны нөөц, хэрэгцээ зайлшгүй шаардлагатай юм. Ялангуяа дээрх 14 төслийн 5 нь говийн бүсэд хэрэгжиж буй. Эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэх асуудал тулгарна. Иймд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг өнөөдөр эхлүүлж буй юм.

Тус төслийн хүрээнд урсцын тохируулгатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан санг барих аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ 130 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолжээ. Мөн төслийг хэрэгжүүлснээр таван аймгийн 30 мянган хүн, 230 мянган мал сүрэг, газар тариалан усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болох аж.

Түүнчлэн “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор” ба Улаан нуурын экосистемийг сэргээх нь хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, 

1. Усны нөөцийн тогтвортой менежмент

  • Гүний усны хэт их ашиглалтыг бууруулж, гадаргын усыг дахин ашиглах боломж нэмэгдэнэ.
  • Усны хомсдолоос урьдчилан сэргийлэх, усны эрэлт, хэрэглээг тэнцвэржүүлнэ.

2. Байгаль орчны хамгаалал

  • Улаан нуурын экосистемийг сэргээх нь бүс нутгийн биологийн олон янз байдалд эергээр нөлөөлнө.
  • Цөлжилт, газрын доройтол буурч, экосистемийн үйлчилгээ сайжирна.

3. Нийгэм, эдийн засгийн үр ашиг

  • Мал аж ахуй, хөдөө аж ахуйн усны хангамж сайжирч, орон нутгийн амьжиргаа дэмжигдэнэ.
  • Усан хангамжтай холбоотой хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

  • Усны эх үүсвэрийг шалгаруулж, хамгаалах замаар уур амьсгалын нөлөөнд тэсвэртэй болно.
  • Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалснаар цаашдын эрсдэлүүдийг бууруулах чадамжтай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe