Тортог гардаггүй зулын тос “Анхилуун”-ыг үйлдвэрлэгч Х.Чулуунбаяр

.Graph
2025-05-08

Ч.БЯМБАХАЖИД

Хонгилын үзүүрт гэрэл асах мэт шинэлэг санаа олж, түүнийгээ хэрэгжүүлэн амьдралдаа өнгө нэмж байгаа хүн бишгүй олон. Тэдний нэгэн адил өдөр бүр хөдөлмөр, сэтгэлээ шингээн зулын тос үйлдвэрлэж, олонд буяны үйлийн нэгээхэн хэсгийг түгээж яваа иргэн бол Х.Чулуунбаяр юм. Тэрээр өөрийн хөдөлмөр, тэвчээр, шантаршгүй зангаараа өнөөдрийг хүртэл зүтгэн хэдийнэ итгэлт худалдан авагчидтай ч болоод амжжээ.

“Амьдралын төлөө шантаршгүй зүтгэж, сэтгэлээ зориулан ажилладаг”

Осол, аваар гэдэг хэнийг ч үл ялгах дайны цэг мэт болжээ. Бидний нийтлэлийн эзэн Х.Чулуунбаяр 2017 онд Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд нүүрс тээврийн машинтай явж байгаад осолд орон хоёр жилийг хэвтрийн дэглэмд өнгөрүүлжээ.

Тэрээр “Над шиг осолд орсон хүмүүс коммын байдалд 3-5 жил байх тохиолдол байдаг ч миний хувьд азтай хоёр жил орчим болоод боссон. Байнгын орлоготой, хөдөлмөрлөж байсан хүн чинь гэнэт л хөгжлийн бэрхшээлтэй болчихоор яаж мөнгө олж, амьжиргаагаа залгуулах билээ гэж бодож эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд өөрийн гэсэн жижиг гар удирдлагатай машинтай болж түгээлт, таксинд явах гээд олон ажил хийж үзсэн” гэсэн юм.

Тэрээр амьдралын төлөө шантаршгүй зүтгэж, сэтгэлээ зориулан ажилласаар өдгөө “Анхилуун” зулын тосны үйлдвэрлэлээ амжилттай эрхэлж, өөрийн гэсэн худалдан авагчидтай болжээ.

Тэрээр “Анхилуун” зулын тосны үйлдвэрлэл эрхлэх санаагаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгох 144” гэх хуулийг танилцуулж явахдаа Зүүн Хүрээ Дашчойлон хийдийн лам н.Лхагвасүрэнтэй уулзсан байна. Тэрээр “Малын өөх тос их хэмжээгээр хаягддаг. Тиймээс малын өөх тосыг ашиглаад зул барих тос хийвэл болно шүү” гэж хэлж байсан гэв. Энэ нь түүнд “Анхилуун” зулын тосны үйлдвэрлэлээ эхлэх санаа, сэдлийг төрүүлжээ.

Х.Чулуунбаяр 2022 оноос эхлэн эхнэрийнхээ хамт өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж зулын тос худалдаалж эхэлсэн. Тэрээр “Манайх өөрсдийн хэмжээ, чадалдаа тохируулаад зулын тосоо бага багаар нь үйлдвэрлэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст тулгардаг хамгийн том асуудал бол санхүүгийн хүндрэл. Тиймээс юм хийж бүтээхээр санаачлаад, юм хийж байгаа хүмүүстээ урт хугацаатай, хүү багатай зээл олгох ч юмуу, иймэрхүү байдлаар төр засгаасаа хүсэж байна. Ингэвэл ядаж л үйл ажиллагаа маань жигдэрч, үйлдвэрлэлээ илүү сайжруулна. Харин одоо бол нэг зээл авлаа гэхэд бүтээгдэхүүнээ хийж амжаагүй байхад л хугацаа нь болчихдог. Тэгэхээр ямар ч хөгжих боломжгүй байна. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих бодлого баримталж, дэмждэг. Гэсэн хэдий ч дундаас нь зарим ТББ-ууд дэмжлэг, санхүүг нь авчихаар бидэнд ирэх юм байдаггүй” гэсэн юм.

“Анх үйлдвэрлэлээ эхлээд дэлгүүрүүд рүү “мөлхөж” ороод л танилцуулдаг байсан”

Тэднийх зулын тосны борлуулалтаа ихэвчлэн зах худалдааны төвүүд, зарим жижиг дэлгүүрүүд болон “Зулын тос” фэйсбүүк пэйжээр дамжуулан хийдэг байна.

“Анхилуун” зулын тос нь 500 гр, нэг кг, таван кг гээд төрөл бүрийн савлагаатайгаар худалдаалагдаж байгаа аж. Мөн тэдний үйлдвэрлэж буй зулын тос ямар нэгэн химийн бодис агуулаагүй, малаас гаргаж авсан цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай юм. Хамгийн гол нь зул барихад тортог гардаггүй байна.

Аливаа зүйлийг шинээр эхлүүлэхэд алдаж, онох, шантрах гээд олон асуудал гардаг. Х.Чулуунбаяр мөн анх үйлдвэрлэлээ эхлээд явж байхад тулгарсан бэрхшээлийнхээ талаар ярихдаа “Анх зулын тосоо үйлдвэрлээд борлуулах болоход дэлгүүрүүдийн стандартаас эхлээд олон хүндрэл учирч байсан. Жишээлбэл, бар код, шинжилгээний бичиг, НӨАТ байх ёстой учраас эдгээрийг бүрдүүлнэ. Бизнес хийнэ гэдэг амаргүй юм байна гэдгийг ойлгож байна. Зүгээр суугаад байж болохгүй. Дан ганц халамжийн 370-аад мянган төгрөгөөрөө амьдарна гэж хэзээ ч байхгүй. Анх үйлдвэрлэлээ эхлээд дэлгүүрүүдэд нийлүүлэхийн тулд өөрөө “мөлхөж” ороод л танилцуулдаг байсан. Манайхан харин маш сайхнаар хүлээн авч, дэмждэг. Анхны үеэ бодвол тодорхой хэмжээний худалдан авагчидтай болоод явж байна. Тиймээс цаашид бүтээгдэхүүнээ илүү сайжруулаад, алдаа дутагдалтай байгаа талаа засаж ААН-ийн хэмжээнд очмоор байгаа. Бидний үйлдвэрлэлтэй нэгдэж, хамтран ажиллах хүмүүс байвал хамтран ажиллахаас татгалзахгүй. Мөн хүнсний технологич ч юмуу, энэ салбарын мэргэжилтэнтэй хамтарч ажиллан, зөвлөгөө мэдээлэл авахыг зорьж байна. Одоо зөвхөн гар аргаар л хийж байгаа бол цаашид техникийн тусламжтайгаар ажиллах бодолтой байна” гэлээ. Шинийг эрэлхийлж, зүгээр суухыг хүсдэггүй хөдөлмөрч иргэдийн төлөөлөл Х.Чулуунбаяр хэлэхдээ “Бидний хийж байгаа бүтээгдэхүүний хувьд зах зээл байсаар байгаа. Хамгийн гол нь санхүүгийн хувьд асуудал тулгардаг. Тиймээс энэ тал дээр уян хатан зохицуулалттай болгож дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг хүсэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe