Чуулганы хуралдаанд оролцсон 97 гишүүний 57 нь дэмжсэнээр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг баталлаа.
Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тус хуулийг баталснаар дараах өөрчлөлт орно хэмээн үзэж байна.
Зээлжих чадварын онооны систем бий болно. Зээлдэгчийн зээлийн түүхийг оноогоор үнэлэх систем нэвтрүүлж, зээлийн эрсдэлийг илүү бодитой үнэлэх боломж бүрдэнэ. Энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдүүлж, чанаргүй зээлийн хэмжээ буурахад нөлөөлнө.
“Хар жагсаалт” гэх ойлголтыг халсан. Зээлийн мэдээллийн санд зөвхөн зээлийн төлөв, түүх бүртгэгдэх бөгөөд хэрэглээний зардал, гар утасны зээл зэрэг нь муу зээлийн түүхэнд ангилагдахгүй.
Банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Зээлийн мэдээллийн ил тод байдал сайжирснаар зээлдүүлэгчид эрсдэлгүй, зөв шийдвэрийг хурдан гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна.
Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих шаардлага, мөрдөх стандарт, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, татгалзах зэрэг зохицуулалтыг Монголбанк хариуцна.
Зээлээ хугацаанд нь төлсөн иргэдийн оноо өсч, зээлийн нөхцөл сайжрах боломжтой. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд оноо буурч, дахин төлөлт хийснээр оноо дахин өсөх аж.
Харин хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Нэг муу зээлийн түүх үүсчихэд арилгахад хэцүү. Ингээд насан туршдаа нэг бол өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авах боломжгүй болдог, бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал үүсдэг учраас иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарах шаардлагатай. Мөн заавал зээлийн түүх үүсгэх ёстой байдал руу орчих вий дээ. Зээлийн түүхгүй бол ипотекийн зээл ч юм уу цалингийн зээл олгодоггүй нөхцөл АНУ-д байдаг юм билээ" хэмээж байв.
Хариуд нь хууль боловсруулах ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Э.Батшугар "Таны ярьж байгаа зөв. Тийм учраас онооны системийг яг АНУ-ын загвараар нутагшуулахгүй. Энэ тал дээр Монгол банк анхаарч, журам боловсруулна" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх