Гэгээн өглөө сайн байна уу

.Graph
2025-05-12

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Намайг дуудаж сэрээсэн

Гэгээн өглөө сайн байна уу

Нарны гэрэлд гялалзсан

Гэгээвч цонхнууд сайн байна уу

Энхрий хайраар ивээсэн

Ээж ээ, аав аа сайн байна уу...

хэмээн Монголын Үндэсний олон ний­тийн телевиз, радиогоор өглөө бүр эг­шиглэдэг “Гэгээн өглөө сайн байна уу” хэмээх цангинасан дуу хоолой бидний сонорт аль хэдийнээ хоногшин үлджээ. Одоо ч түүний аманд аялагдаж, дурсамжийг тань хөглөж байгаа гэдэгт ит­гэлтэй байна. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист гэгээн өглөөг ав­чир­даг ховорхон заяасан цангинасан дуу хоолойтой, хүүхдийн дууны мастер бол яах аргагүй гавьяат жүжигчин Е.Наранцэцэг гуай билээ. “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаараа ард тү­мэн­дээ хайрлагдсан түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ буланд урилаа.

Бяцхан хөгжимчин

Үндэсний Урлагийн Их Театр анх тасралтгүй 24 жил ажиллаж 1991 онд гавьяаныхаа амралтад гарсан байна.

Ярилцлагынхаа зочныг хүлээх зуур “Гэгээн өглөө сайн байна уу” дуу яах аргагүй аманд аялагдаж байна шүү. “Миний хүүхэд шиг жаахан охин” таниас ярилцлага авах гэсэн юм гээд ярихаар яаж зөвшөөрөхгүй байж болох вэ гэсээр бид уулзлаа.

Ингээд бид ярилцлагаа эхлүүлж, Е.Наранцэцэгийн амьдрал, уран бүтээлийн түүхэн цаг хугацаагаар аялсан нь энэ.

Е.Наранцэцэг гуайн төрсөн нутаг нь Говь-Алтай аймгийн Тайшир сум. Аав нь цэргийн хүн, ээж нь цэцэрлэгийн багш.  Тухайн үед аав нь Архангай аймгийн цэргийн ангид ажиллах томилолт авчээ.  Ингээд дөрвөн настай охин аав ээжтэйгээ арын сайхан хангай нутгийг зорьсон нь энэ. Төрсөн нутаг минь Говь-Алтай, өссөн нутаг минь Архангай аймаг шүү дээ хэмээн хуучилна. Сүрлэг сайхан Булган уул сүндэрлэсэн, Архангай аймгаас зочны маань хүүхэд насны гэгээн, гэгэлгэн дурсамж хөврөх аж. Ингээд аймагтаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн байна.

Тэрээр бага байхаасаа л урлагт хайртай хүүхэд байжээ. Мандолин хөгжмийг маш сайн тоглодог хүүхэд байсан гэнэ. Хөгжмөө тоглоод, өөрөө дуулаад л томчуудад урлагийн үзүүлбэр үзүүлдэг бяцхан уран бүтээлч байжээ. Ээж маань сайхан дуулдаг байсан хэмээн Е.Наранцэцэг хуучиллаа.

20 гаруй дуу эгшиглэсэн анхны цэнгүүн

Тухайн үед урлаг, соёлын арван хоногийн арга хэмжээ аймгуудад зохион байгуулдаг байжээ. Бага  байхаасаа л  мандолин хөгжим, дуулж тоглож  байсан охин  арван жилдээ ч гэсэн сургуулийнхаа урлагийн тоглолтод оролцолгүй яахав. Энэ үеэс л урлагийн хүн болох  суурь нь тавигдсан гэнэ. Бүр Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нарын хараанд өртөж шүү. Ингээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгч тэнцсэн сайхан дурсамж түүний амьдралын хамгийн сайхан цаг хугацааны нэг. Хэдийгээр  багш болох хүсэл мөрөөдөлтэй охин байсан ч  авьяас, сонирхлоо дагаж урлагийн замыг сонгожээ.

Энэ үед мөн  аав нь Улаанбаатар хот руу ажиллах томилолт авч, тэднийх хотын айл болсон гэнэ. Ингээд монголын урлагийн салбарт олон сор авьяастнууд төрүүлсэн Хөгжим, бүжгийн дунд сургууль хэмээх том айлын босгыг алхаж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайн анхны шавь нарын нэг болжээ. Сайхан багшийнхаа шавь болж суралцсандаа их бэлэгшээдэг хэмээн Е.Наранцэцэг гуай хэлж байлаа. Ингээд  Хөгжим бүжгийн дунд сургуулийг дуулаачийн ангийг төгссөн түүхтэй. Сургуулиа төгсөөд яамны томилолтоор  1976 онд Улсын ардын дуу  бүжгийн  чуулга (одоогоор Үндэсний Урлагийн Их Театр)-аас  ажлын гараагаа эхэлжээ. Ингээд л урлагийн салбарт, цэл залуу нас, авьяас, чин сэтгэлээ зориулсан  түүний хамгийн сайхан цаг хугацааны дурдатгал хөвөрсөн он жилүүд ийн эхэлжээ. Түүнийг ажилд ороход алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллажээ.

Гавьяат жүжигчин С.Сүглэгмаагийн хамт.

Монгол түмний хайртай дуучин Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Н.Норовбанзад, Б.Лхамжав, Г.Дорждэрэм, С.Сүглэгмаа, Д.Надмид П.Адарсүрэн, Ж.Нансалмаа, Д.Хоролсүрэн, Д.Самбуу  зэрэг  үе үеийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан сайхан дурсамж түүнд бий. Манай ахмадууд дахин давтагдашгүй дуучид байсан хэмээв.

Тэрээр Үндэсний Урлагийн Их Театр анх тасралтгүй 24 жил ажиллаж 1991 онд гавьяаныхаа амралтад гарсан байна. Энэ хугацаанд  очиж үзээгүй аймаг, сум гэж үгүй. Мөн дэлхийд олон ч орны тайзнаа дуулж, эх орноо сурталчилж явсан гавьяатай нэгэн. Ажлын гараагаа эхэлсэн  үеэсээ л орон нутаг, бусад улсад бригадаар тоглолтоор явж уран бүтээлээ олон түмэнд түгээсэн юм. Энэ цаг үеэс олон тоглолтод оролцохоос гадна мөн бие даасан цэнгүүнээ хийсэн байна. Тухайн үед Н.Норовбанзад гуай “Нараа чи цэнгүүнээ хийх хэрэгтэй”  гэжээ.  Ингээд л анхны цэнгүүнээ хийж олон чадварлаг хөгжимчдийн хамт  20 гаруй дуу эгшиглүүлжээ. Мөн “Гэгээн өглөө сайн байна уу” I, II ч CD-нд 1960,1970, 1980 оны 30-40 хүүхдийн дуу багтсан байдаг. Е.Наранцэцэг гуай гавьяаны амралтад гарсан хойноо ч гэсэн ч ахмадын хамтлаг байгуулж, тоглолт хийн үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэсээр иржээ. Тоглолтоосоо олсон мөнгөний тал хувийг хүүхдийн төлөө зарцуулдаг, гэгээн сайхан үйлийн эзэн юм.

“Гэгээн өглөө сайн байна уу” дууг төрсөн цагаас эгшиглүүлсэн хүүхдийн дууны мастер

Тэрээр хүүхдийн дууны тухай ярихаар нүд нь сэргээд л, нөгөө цангинасан дуу хоолой нь эгшиглэх шиг. Арга ч үгүй  биз. Е.Наранцэцэг гуайн амьдралаас урлаг тэр тусмаа хүүхдийн дууг ялгаж салгахын аргагүй том орон зай.

Е.Наранцэцэг гуай гэхэд яах аргагүй “Гэгээн өглөө сайн байна уу” дуу аманд аялагддаг.  Тэгвэл хэрхэн энэ дууг анх дуулж олон түмний сонорыг мялаасан дурсамжийг хүргэе. 1965 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа “Гэгээн өглөө сайн байна уу” дууны аяыг зохиож, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Д.Батсүрэн үгийг бичсэнээр энэ дуу төрж байсан түүхтэй. Тэгээд гурван хүүхэд шалгаруулж энэ дууг дуулуулсны нэг нь Е.Наранцэцэг. Тэд “Гэгээн өглөө сайн байна уу” дууг Монголын радиогийн алтан фонтод  бичүүлж, түмний сонорт хүргэж байжээ. Энэ цаг үеэс л Монголын радиогоор өглөө бүр “Гэгээн өглөө сайн байна уу” дуу эгшиглэж эхэлжээ.

Анх  “Гэгээн өглөө сайн байна уу” дууг дуулсан цагаасаа хойш тэрээр  “хүүхдийн дуу” хэмээх зам мөрөөсөө хазайлгүй, чин сэтгэл, авьяасаа зориулж уран бүтээлээ туурвисаар ирсэн юм. Энэ хугацаанд “Гэгээн өглөө сайн байна уу”, “Цэцэгхэн нас”, “Хүүхэд нас” зэрэг хүүхэд багачуудын дуулах дуртай 100 гаруй дууг  дуулж, бяцхан хүүхэд, багачуудад гэрэл гэгээ, дурсамжийг бэлэглэсэн байдаг.

Тиймдээ ч “хүүхдийн дууны нэрт мастер” Е.Наранцэцэг хэмээн ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явна. Энэ дуу 60 жилийн түүхтэй, би 60 жил энэ дуугаар амьсгалж хүүхдийн хоолойгоор дуулж байна.  Хүүхдүүд бол гэгээлэг, гайхалтай  ертөнц шүү дээ.  Хүүхдүүдийнхээ буянаар өндөр сайхан насалж, уран бүтээлээ хийгээд явж байна хэмээн  тэрээр мэргэжлийнхээ сайхныг онцолсон юм.

Ингээд харахад “Гэгээн өглөө сайн байна уу” дуу төрсөн цагаасаа хойш 60 жил эгшиглэж,  түүнийг Е.Наранцэцэг гуай 60 жил жил хүүхдийн хоолойгоор ард түмэндээ хүргэж, цаг хугацааны  хүрдэнд хамтдаа хайрлагдаж яваа, уран бүтээлч, уран бүтээл хоёр юм.

Та нар маань  энэ дууны үгийг анзаараад сонсоод үзээрэй. Их сайхан бичсэн байдаг хэмээн Е.Наранцэцэг эгч хэллээ. Түүний бодож явдаг нэг хүсэл нь телевизүүд  хуучны сайхан дуунуудыг алтан фондоос нь  үзэгчдэд хүргээсэй гэж боддог хэмээн ярьсан юм.   

Түүнийг тайзнаа “Гэгээн өглөө сайн байна уу” дууг дуулахаар  зарим хүмүүс уйлдаг гэнэ. Тэд “Аав, ээж минь  бодогдоод. Тэр үеийн дурсамж санаанд орж байна” гэдэг аж. Үнэхээр тэрээр хэдий олон цаг хугацаа өнгөрсөн ч үл мартагдах дурсамж хэмээх үнэ цэнийг олон хүнд  бэлэглэж буй нэгэн.

Е.Наранцэцэг гуай гурван жил тайзнаа дуулаагүй байгаад  ажлын гараагаа эхэлж, цэл залуу насаа зориулсан Үндэсний Урлагийн Их театрынхаа 75 жилийн ойд зориулсан “Урлагийн мастерууд”-ын тоглолтод оролцжээ. Их гоё, гайхалтай мэдрэмж байсан гэсэн юм.

Үнэхээр л түүний  цангинасан хоолойг сонсохыг хүлээсэн, санасан үзэгчид олон байсан. Мөн Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн тоглолтод оролцож, тэнд цугласан олон хүмүүсийн дурсамжийг сэргээсэн юм.

Мөн саяхан нэг баярт үйл явдал тохиосон нь  хүүхдийн дууны мастер Е.Наранцэцэг хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100  жилийн ойгоор Монгол Улсын гавьяат жүжигчин болсон сайхан агшин байв. Тэрээр энэ тухайгаа “Бяцхан үрсийнхээ дууг дуулахад, Монголын ард түмэн намайг маш их дэмжсэн. Би хүүхдийн дуу дуулдагтаа дандаа баяртай явдаг. Хүүхдийн буян гэж хэмжээлшгүй.Хүүхдүүдийнхээ буянаар  өндөр сайхан насалж, дуугаа дуулсаар явна. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор хөөрхөн үрсийнхээ буянаар гавьяат жүжигчин боллоо.  Ерөнхийлөгч надад “Таны дуугаар өсөж хүмүүжсэн. Танд баярлалаа, олон жил дуугаа дуулаарай” гэж хэлсэн. Би олон жил дуулах байх аа” хэмээсэн юм.

Е.Наранцэцэг гуай өнөр өтгөн сайхан гэр бүлийн үр үндэс нь. Түүний хань ОХУ-д автотехникийн инженерийн ангийг төгсжээ. Тэд гурван сайхан охинтой. Одоо зээ, зээнцэрээ тойруулж, гурван үеэрээ сайхан аж төрж байна. Нэг удаа зээнцэрийнхээ цэцэрлэгт очиж тоглолт хийжээ. Тэгсэн “Буурай эмээ, буурай эмээ” гээд тайзан дээр гарч ирж байсан гэнэ.Хүүхдүүд нь урлагийн замын сонгоогүй ч сайхан дуулдаг аж.

Монголын урлагийн нэгэн цаг үеийн, тэр тусмаа хүүхдийн дууны түүхийг бүтээж яваа Е.Наранцэцэг гуайн талаар өгүүлбэл  дурсамж дурдатгал их ажээ. “Гэгээн өглөө сайн байна уу” хэмээх хэдэн зуун жил жил монгол түмнийхээ сэтгэлд тод эгшиглэх дууны анхдагч болсон хүүхдийн дууны мастер Е.Наранцэцэг гуайн амьдралын түүхэн замналаар аялснаа хүргэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 88 (7585)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe