О. Гал-Очир: Ямар ч тохиолдолд түүхий мах идэж болохгүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-12

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар "Намайг гүтгэх, муулах гээд учраа олохгүй байгаа хүмүүст зориулав. Уучлаарай би ингээд амар тайван явж байна шүү. Жич: үүнийг хөдөө өссөн монгол хүн ойлгох буя за" гэх тайлбартай видеог цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Тус бичлэгт адууны засааг түүхийгээр нь идэж буйгаа харуулдаг ба энэ нь зарим маргааныг дагуулаад байна.

Тухайлбал Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр "Малын төмсөг түүхийгээр нь идэх нь ураны цацрагаас илүү эрсдэлтэй шүү. Намын дарга Отгонбаатараа" хэмээжээ.

Тэгвэл манай сайт засааны улирал тохиож буйтай холбоотойгоор дээрх мэдээлэлд үндэслэн иргэдэд сэрэмжлүүлж, мэргэжлийн хүний мэдээллийг хуваалцаж байна.

Хүнсний инженер О.Гал-Очир: Ямар ч тохиолдолд түүхий мах идэж болохгүй

Хүн төрөлхтөн гал хэрэглэж сурсан, энэ нь цардуулыг задлаж идэх, уургийг денатурацид оруулж идэх боломжийг олгодог. Ингэснээр өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн. 

1. Махыг бүрэн болгож идсэнээр махны уургууд денатурацид эргэлт буцалтгүй орж энэ нь хоол боловсруулах тогтолцоонд ходоод болон нойр булчирхайнаас ялгарах пепсин, трипсин, химотрипсин, пептидаза ферментээр аминхүчлүүд болгон задлаж цусаар гүйх нөхцөл бүрдүүлдэг. Түүхий байх тусам энэ үйл явц удааширна.

Махны хэвийн хооллолтын үед уургийн бодисууд бүдүүн гэдэс рүү бараг хүрэхгүй шингэдэг бол хэтэрсэн хэрэглээний үед бүдүүн гэдсэнд уургийн бөөгнөрөл үүсч ялзрал явагдаж маш муухай үнэртэй хий ялгаруулна. Үүнийг нь бид унгас гэж нэрлэдэг. Манайхан ч тэгээд хэр их хэрэглээтэйгээ өөрсдөө мэднэ.

Махны хэрэглээний зөвлөмж хэмжээ бол хүн биеийн жингийн кг тутамд 0.6-0.8гр уураг хэрэглэх. Би 68 кг жинтэй байлаа гэхэд 0.7-р үржүүлэхэд надад 47.6 гр уураг.

2. Taena saginata буюу туузан хорхойноос эхлээд маханд маш олон шимэгчийн эрсдэл байдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй зонхилсон газар энэ эрсдэл угаасаа байдаг. Тиймээс ч манай уламжлалд түүхий шүүрхий мах иддэггүй! Түүнээс манай махны чанар муу гэсэн үг биш шүү.

3. За тэгээд жилийн жилд л буглаатай, янз бүрийн л мах худалдаалагддаг. 50000 толгой малын дунд 1 малын эмч байх ёстой бол өнөөдөр 300000 малын дунд 1 малын эмч дөнгөн данган ажилладаг. Хүрэлцээ үнэхээр муутай.

4. Малаас малд, малаас хүнд халдварладаг голомтот халдварт өвчний бүс учир махаа экспортонд гаргаж чаддаггүй, тиймээс л бага хэмжээгээр чанаж вакуумдан бүрэн болгож урагшаа маш жаахныг гаргаж байгаа.

Мөн ДЭМБ-аас эрсдэлтэй тул түүхий мах хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулдаг байна.

Хүнсний аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх нь хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үздэг аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe