Ерөнхий сайдыг хулгайч мөн, бишийг тодруулах хүндэт үүрэг Б.Баярбаатарт оногдлоо

Ц.Чимэдцэеэ
2025-05-15

Ил харагдах ба үл харагдах

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай хүү О.Тэмүүлэн найз бүсгүй Ө.Өгөөмөртөө 18 саяын Chanel брэндийн цүнх, 17 саяын Miu Miu брэндийн хүрэм, 20 саяын бөгж тус тус бэлэглэсэн нь олноо ил болоод буй юм.

Одоогоор олон нийтэд дэлгэгдсэн нь л гэхэд 75 сая төгрөгийг төрсөн өдөр болон сүй тавихад зарцуулжээ.

Үүнээс цааш 250 сая төгрөгийн Lexus RX машин, нэг өрөө нь 700 мянгаас эхэлдэг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлах Seven Nuga амралтын газрыг бүтнээр нь түрээсэлсэн, тийшээ нисдэг тэргээр зорчсон зэрэг мэдээллүүд маргаан дагуулаад байна.

Долоон буудлын Должин эмээ, эмээлтийн Эрдэнэ өвөө ийнхүү тансаглах эсэх нь олон түмний асуудал биш.

Гагцхүү Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, улсын төсвийг өргөн барьж, захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнуудыг удирддаг, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг Ерөнхий сайд, түүний гэр бүл ийнхүү авирлаж буйд энэ нийгмийн эс ширхэг бүр анхаарах, хариуцлага нэхэх ёстой.

Л.Оюун-Эрдэнийг шалгах, хариуцлага ногдуулах механизм манай улсад байгаа юу

Авлигатай тэмцэх газарт иргэн Ш.Оюунбат, Ц.Лут-Очир нар өргөдөл гарган дээрх асуудлыг шалгуулахыг шаардсан байна.

Гэсэн ч хууль номоороо бол Монгол Улсын Ерөнхий сайд хийгээд УИХ-ын гишүүн хүнийг АТГ шууд барьж аваад, хянаж шалгаад байх боломжгүй.

Авлигын эсрэг хуулийн 13.2. Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар … өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.

Иймд одоогийн парламентын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар луу анхаарлаа чиглүүлж, өргөдөл гомдлоор шаардах нь илүү гаргалгаатай.

Хэрэв Л.Оюун-Эрдэнийн ХОМ-ийг шалгаад, иргэдийн хардаж байгаа шиг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг илэрч, шүүхээр эцэслэн тогтоогдвол Эрүүгийн хуульд зааснаар 1-5 жил хүртэлх хорих ял ногдуулах үндэслэлтэй юм.

Гаднын улс төрчид яасан бэ

Зургаар үзэх бол энд дараарай.

Швед

Шадар сайд Мона Салин 1995 онд төрийн зээлийн картаар хувийн хэрэглээний бараа (живх, шоколад) авсан нь ил болсон. Улмаар уучлал гуйж, огцорсон нь Шведийн улс төрийн ёс зүйн өндөр хэм хэмжээг харуулсан кейс болж түүхэнд үлдсэн.

Герман

Холбооны Ерөнхийлөгч Кристиан Вульф найзаасаа маш бага хүүтэй зээл авсан, бизнес эрхлэгчдийн зочид буудалд үнэгүй байрласан гэх мэт шилэн дансны зөрчил гарган 2012 онд олон нийтийн эсэргүүцлээр огцорсон.

Япон

Ерөнхий сайд Юкио Хатояма 2010 онд ээжээсээ олон сая ам.долларын "бэлэг" авсан боловч орлогоо мэдүүлээгүй учир намын дотоод шийдвэрээр огцорсон.

Их Британи

Парламентын гишүүд 2009 онд төрийн мөнгөөр байшин, тансаг тавилга зэрэг хувийн зардлаа нөхсөн нь ил болсны дараа 5 гишүүн хорих ял авч, бусад нь уучлалт гуйж огцорсон.

Өмнөд Солонгос

Ерөнхийлөгч Пак Гын Хе найзынхаа компанид давуу байдал олгосон, нууц зөвлөгөө авч төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцуулсан хэмээн импичментээр огцруулж, 20 жилийн ял авсан.

Франц

Ерөнхий сайд асан Франсуа Фийон 2020 онд эхнэрээ “хий хоосон” төрийн албанд ажиллуулж, олон зуун мянган евро авсан нь ил болсноор хорих ял авсан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe