Алтан дээр суусан Монголчуудын дараагийн найдвар “АЛТ 3”

.Graph
2025-05-19

Нийтлэлийг зургаар үзээрэй. 

Монгол Улс 1992 оноос хойш 3 удаагийн алтны хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Тодруулбал, 1992 онд “Алт”, 2000 онд “Алт 2000”, 2017 онд “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин өнгөрсөн гуравдугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өмнөх хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байв?

Манай улс хэр их алттай вэ? 

  • Дэлхийн алтны батлагдсан нөөц 52 мянган тонн бол Монгол Улсын алтны дэлхийн нөөцөд эзлэх хувь 1 / 0.8 хувь юм. 
  • Өөрөөр хэлбэл, манай улс 440 тонн алтны нөөцтэй гэсэн үг.
  • Харин дэлхийн алтны бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.1 мянган тонн бөгөөд манай улс дэлхийн үйлдвэрлэлд 0.7 хувийг эзэлдэг. Энэ нь 21.7 тонн.
  • Гэхдээ ашигт малтмалын хил нь тухайн улсын хилээр хязгаарлагддаггүй. Манай улсын хөрш болох ОХУ, БНХАУ-ын нөөц, үйлдвэрлэлийг тооцоолон үзэхэд цаашид манай улсад алтны шинэ үндсэн орд нээгдэх өндөр потенциалтай.
  • Монгол Улсын алтны нөөц буюу нийт нөөц 1991 онд 140.5 тонн, 1997 онд 334.05 тонн, 2017 онд 251.8 тонн, 2018 онд 526.8 тонн, 2024 онд 440 тонн гаруй гэж тооцоологдсон. 
  • Нийт нөөцөд үндсэн орд, шороон орд хамаарна.

1992 оны “Алт” хөтөлбөр

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар, түүний удирдлага чиглэлийн дагуу боловсруулан өргөн барьсан “Алт” хөтөлбөрийг Засгийн газар хүлээн авч 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 тоот тогтоолоороо Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлэхээр баталсан байдаг.
  • “Алт-1” хөтөлбөр 1999 оныг дуустал найман жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд жилд 0.8 тонн алт үйлдвэрлэдэг байсан бол тус хөтөлбөр хэрэгжиж дуусахад жилд 11 тонн алт олборлодог болсон байв.
  • Уг хөтөлбөр хэрэгжсэнээр анхны гуравдагч улсын хөрөнгө оруулалт орж ирэв. 

2000 оны “Алт 2000” хөтөлбөр

  • 2000-2010 оны хооронд хэрэгжсэн уг хөтөлбөрөөр алтны үйлдвэрлэл эрс буурсан. 
  • Тодруулбал, 2000 онд 12.1 тонн алт олборлож байсан бол 2010 онд уг хөтөлбөр дуусахад жилд 2.1 тонн алт олборлодог болжээ. 
  • Ийнхүү алтны үйлдвэрлэл эрс буурахад гэнэт батлагдсан хууль тогтоомжууд нөлөөлсөн юм. 
  • Мөн хайгуулыг зогсоосноор хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрчимжсэн байдаг. 

2017 оны “Алт 2” хөтөлбөр

  • Уг хөтөлбөр 2017-2020 оны хооронд хэрэгжсэн байна. 
  • Ингэхдээ жилд 20-23.5 тонн алт үйлдвэрлэдэг болжээ.
  • Хөтөлбөр хэрэгжиж байх явцад буюу 2019 онд АМНАТ 5 хувь болж, өсөн нэмэгдэх АМНАТ 5 хувь болж цуцлагдсан. 
  • Ингэснээр хайгуулын үйл ажиллагаа удаашралтай явагдсан байна. 

“Алт 3” хөтөлбөрөөс юу хүлээх вэ?

“Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өмнөх хөтөлбөрүүдийн алдаа онооноос суралцан, гэнэтийн хууль тогтоомжуудад бэлэн байж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж ажиллахад анхаарах хэрэгтэй. 

Уг хөтөлбөрийн хүрээнд дараах хүлээлтийг тавьж болно. Тухайлбал, 

  • Гадаад валютын улсын нөөц нэмэгдэх
  • Алтны үйлдвэрлэл, экспорт нэмэгдэх
  • Эдийн засгийн өсөлтийг хангах
  • Төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах
  • Ажлын байр бий болох
  • Хариуцлагатай уул уурхайн төслүүд бий болох
  • Далд эдийн засгийг устгах
  • Хууль бус үйл ажиллагааг зогсоох боломжтой гэж харж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe