УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хамтарсан Засгийн газар, “Орлогоо нотол” жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хамтарсан засаг анх байгуулсан явдал нь миний хувьд хууль бус зүйл гэж боддог. Анхнаасаа хуулиас давсан үйл явдал гэж байр сууриа илэрхийлж л байсан. Өнгөрсөн хугацаанд ч энэ байр суурин дээрээ бат зогсож ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аль нэг нам, эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэдэг. Хамтарсан Засгийн газраас АН сайд нараа гаргая аа гэх асуудал дээр 2,3 шаардлага ирсэн байна. Шаардлагатай бол Бүлгийн хурлыг хуралдуулж, асуудлаа ярилцана. Би бүлгийн өмнөөс шууд шийдвэр гаргах боломжгүй” хэмээв.
Мөн тэрбээр Хамтарсан засгийн газар огцорвол мега төслүүд гацах уу гэх асуултад дараах хариултыг өглөө.
- Мега төсөл гэдэг үгэнд би их эмзэг ханддаг. Мега төсөл гэхээр төр томорч, төрийн өмчит компани нэмэгдэж, төсөв томорно. Үүнийг дагаад авлигын асуудал гарч ирдэг. Одоо гарч байгаа бүх асуудал том төрийн л улбаа. Мега төсөл гэдэг чинь дахиад л том том төрийн өмчит компани, байгууллагууд л байгуулагдана гэсэн үг. Мега төсөл гэдэг зүйлд маш болгоомжтой хандах ёстой. Энэний цаана дахиад л мега хулгай гарна шүү. Мега төслийг аль болох төрийн оролцоогүйгээр эсвэл яаж төрийн бага оролцоотойгоор хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогыг барих хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаарт, мега төсөл гэдэг нэрийн дор ардчилал, хүний эрхийг хумьсан үйл явцууд их гардаг. Тиймээс мега төсөл гэдэг асуудалд маш болгоомжтой хандахгүй бол дахиад шинэ авлигалын үүд хаалгыг томоор нээнэ л гэж боддог.
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн орлоготой холбоотой асуудлыг АН-ын дарга Л.Гантөмөр өмөөрч, хамгаалж байгаа талаар байр суурийг илэрхийлэв.
- Залуучууд маш эрүүл, энгийн шаардлага л тавьж байна. “Орлогоо нотол” л гэж байна шүү дээ. Хэн ямар хэрэглээтэй, ямар худалдан авалт хийх нь тухайн хүний эрх. Гэхдээ орлого чинь хууль ёсных уу, татвар төлсөн орлого мөн үү гэдгийг л залуучууд шаардаж, асууж байна. Мөнгө мөртэй гэж үг бий. Тэгэхээр тэр мөнгөн гүйлгээ, элдэв зүйлээ л харуулчих л даа. Харуулж чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой л байх даа. Ийм энгийн шаардлага тавьж байхад үүнийг улс төрийн асуудал болгоод байх юм.
“Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа, энэ хэн нэгний захиалгаар жагсаж байна” гэдэг үгэнд би бол их эмзэглэсэн. Зүгээр л эрүүлээр “Орлогоо нотолчих оо” гээд шаардаж байгаа, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг ингэж үгүйсгэж байгаа нь маш зарчимгүй явдал. Тэр тусмаа Ардчилсан намын даргын хувьд байж боломгүй явдал гэж бодож байна гэв.
Сэтгэгдэл үлдээх