Монголчуудын түүхэн цаг хугацаанаас хамгийн ойрхон XX зуун гэдэг хуудсыг нээхэд магадгүй бидний талаар хамгийн их зүйлийг хэлж чадах байх. Тэгвэл энэ адармаатай цаг үеийн монгол хүн, эрх чөлөө, эв нэгдэл, тэмцэл хувьсгалын талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор Н.Алтантөгстэй ярилцлаа.
-XX зуунд Монголчуудын эрх чөлөөний тухай ойлголт ямар байв, яаж өөрчлөгдөн шинэчлэгдэж, өнөөдрийг хүрэв?
-Түүхийн сурвалж, баримтаар ярих юм бол эрх чөлөө гэдэг үг харьцангүй саяхных. Орчин үеийн эрх зүйт системтэй болоод, бүгд найрамдах засаглалд шилжсэнээс хойш л хүний эрх, эрх чөлөө гэдэг үг хэвшин тогтож байгаа.
Гэхдээ өмнө нь эрх чөлөөний тухай ойлголт байгаагүй гэж хэлж болохгүй. Мэдээж Монголын уламжлалт нийгэм дөнгөж XX зууны эхээр л задарч, орчин үеийн нийгэм рүү шилжсэн.
Уламжлалт нийгмийн үед бол феодалын хамжлагат ёстой, эрх чөлөө гэдэг бол илүүтэй язгууртан, тайж нийгмийн дээд давхаргад хамаардаг.
Гэхдээ дунд болон доод давхаргынхан ч бас амьд явах, эд хөрөнгө өмчлөх зэрэг хүний үндсэн эрхтэй байсан. Үүнийг тухайн үеийн хуулийн заалтуудад тодорхой зааж, баталгаажуулсан байдаг.
Төрт ёсны түүх бүхий аль ч улсад хүний эрх, эрх чөлөөг хэм хэмжээгээр ялгаатай ч ямар нэг байдлаар баталгаажуулж ирсэн. Ялангуяа амьд явах, өмчлөх эрхүүдийг.
-XX зуун өөрөө Монголчуудын хувьд маш адармаатай түүхийг өгүүлдэг. Тэгвэл энэ цаг үеийн монгол хүн "иргэнийхээ" хувьд хэр хариуцлагатай, чадамжтай байсан бол?
-1924 онд бүгд найрамдах засагт шилжихээс өмнө түүхийнхээ бүх цаг үеийн турш ихэнх ард түмэн нь хэн нэгэн ноёны юмуу, хааны албат гэж үздэг. Ямар ноёны харьяанд байна гэдгээрээ хоорондоо эвлэлддэг нийгэмтэй байж ирсэн. Энэ бол дундад зууны үеийн дэлхийн хаана ч байдаг үзэгдэл.
Гэхдээ энэ дотор төрөөс зохион байгуулаагүй, өөрсдөө хар аяндаа үүсэн гарсан хүмүүсийн улс төрийн идэвх, оролцоо, итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн үйл ажиллагаа олон бий.
Монголчууд түүхийнхээ туршид дан цэрэг шиг төрөө дээдлээд л, төр юу гэнэ, түүнийг нь үг дуугүй биелүүлдэг амьгүй албат байгаагүй.
Өөрсдийн идэвхтэй, ухамсартай, ялангуяа дунд анги, хөрөнгө чинээтэй хүмүүс, хохь тайж нар(хамжлагагүй, ядуу тайж), дунд ангийн лам нар маш идэвхтэй үг хэлээ хүргэдэг, заргалддаг, тэмцдэг, зайлшгүй шаардлагатай цаг үе ирэх юм бол босдог, харийн түрэмгийллийн эсрэг буу бариад, жижиг отряд байгуулаад байлддаг ард түмэн байсан.
-Ямар үйл явдлаар баталгаажиж, түүхийн хуудаснаа үлдэв?
-Хамгийн тодорхой жишээ бол Дугуйлангийн хөдөлгөөн. Манжийн ноёрхлын сүүлийн жилүүдэд шинэ засгийн бодлого нэвтрээд, өмнөд хошуу, халхын хошуу, баруун хошуу зэрэг олон газарт хятад худалдаачид, тариачид олноор нүүж орж ирсэн. Улмаар газраа булаацалдсан, янз бүрийн юм болсон.
Үүн дээр голцуу ардууд, зарим хохь тайж нар, дунд зэргийн тайж нар хүртэл оролцож, улс төрийн шинжтэй эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж байсан. Үүнийг дугуйлан гэж нэрлэдэг.
Яагаад дугуйлан гэхээр зохион байгуулагчаа нуух зорилгоор гарын үсгээ тойруулж зурдаг, зарлан бичигтээ хавсаргадаг байсан. Зарим дугуйлан бол маш зохион байгуулалттай, олон жил үргэлжилсэн дугуйлангийн хөдөлгөөнүүд байх жишээтэй.
Мөн Их хүрээ буюу одоогийн Улаанбаатарт 1910, 1911 оны үед шинэ засгийн бодлого чангарч, Хятадын худалдаачид, хятад иргэдийн харилцаа дээрэнгүй болж, ширүүсэж байсан учраас их хүрээний лам нар удаа дараа хятадуудтай зодолдсон байдаг. Тэр зодоон бол хар аяндаа, ямар ч зохион байгуулалтгүйгээр үүсэж байгаа үйл явдал.
Гэхдээ нэг монгол лам, нэг хятад худалдаачин хоёрын хооронд үүссэн маргаан тэр дороо хүрээг хамарсан томоохон үймээн болох тохиолдол гарч байсан.
Энэ бол ерөөсөө лам нарын хятадуудыг эсэргүүцэх үзэл, хар аяндаа эсэргүүцэн тэмцэх хөрс суурь, сэтгэлгээ бүрдчихээд байсныг харуулж байгаа.
-Магадгүй тухайн үеийн иргэний эрх чөлөөний төлөөх тэмцэл байсан болов уу?
-Тухайн үеийн их хүрээний хүн амын ихэнхийг лам нар бүрдүүлдэг байсан. Лам нар улс төрийн идэвхтэй, маш нарийн зохион байгуулалттай байсан. Дундаас нь Монголын хожмын удирдагчид төрөн гарсан.
Зүгээр нэг энд тэнд яваад байгаа юм шиг мөртлөө сүм хийдийн, багш шавийн, аймгийн нарийн зохион байгуулалттай. Дотроо мэдээлэл түгээдэг, харилцдаг олон төрлийн холбоо сүлбээтэй, Их хүрээн дэх хамгийн нарийн зохион байгуулалттай хэсэг байсан.
Тэнд нэг зодоон боллоо гэхэд л маш хурдан тардаг. Зодоон цохионоороо нэлээн мэргэшсэн хүмүүс байсан юм шиг байгаа юм. Энэ нь магадгүй лам нарын дунд үндэсний эрх чөлөөний төлөөх үзэл санаа их хүчтэй түгэн дэлгэрснийг харуулдаг.
-Энэ бүхнээс харахад тухайн үед иргэний нийгмийн бүтэц, ойлголттой байсан юм шиг ажиглагдаж байна?
-Яг өнөөгийнх шиг иргэний нийгмийн байгууллага гэж ярих гэхээр таарахгүй. Манай түүхийн судалгаанд өнөө цаг үеийн үнэт зүйл, үнэлэмж, ойлголтуудыг өнгөрсөн цагт буцаан хэрэглэж болдоггүй үндсэн зарчим бий. Тэр үеийнх нь ойлголтоор тайлбарлах ёстой.
Тухайлбал, тэр үед иргэний паспорт байгаагүй. БНМАУ-ын иргэн ч юмуу, Монгол Улсын иргэн гэж хатуу, нарийн ялгадаг байгаагүй. Голцуу эзэн харьяатын ёсоор буюу Богд хааны харьяат гээд л явчихдаг байсан.
Тэгэхээр яг иргэн хүн, иргэний нийгэм гэдэг ойлголтыг буцааж хэрэглэх гэхээр тэр бүр таарч өгдөггүй.
Гэхдээ Монголчуудын идэвх, үзэл баримтлал, нийтлэг эрх ашгийнхаа төлөө, үндэс угсаагаа гэсэн, монгол овогтноо гэсэн сэтгэл, тэмүүлэл бол маш идэвхтэй харагдаж байсан.
-Энэ тэмүүлэл, идэвх зүтгэлийн үр дүн ямар түүхэн үйл явдлаар илрэх вэ?
-1911 оны Үндэсний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын тус тус эхлэл, үүсгүүр нь Монголын дотоодод байсан. Нийт монголчууд өөрсдөө хийсэн.
1911 онд Манжийн шинэ засгийн бодлогоор олон хятадууд нүүж ирж, газар хагалбарлаж байгааг эсэргүүцсэн үзэл санаа Их хүрээний монголчууд, Өвөрмонголын олон хошуунд өргөн тархчихсан.
Үндсэндээ дарь зурахад, тэр чигээрээ хөдлөхүйц байсан.
Зохион байгуулалт муутай, хэсэг бүлгээрээ ч эсэргүүцэж байсан. Лам нарын янз бүрийн зодоон цохион, шилийн сайн эрс ганц ганцаараа эсэргүүцэл зарлаж, нийгмийн шударга бус байдал, харийнхны эдийн засгийн давамгай нөлөөллүүдийг шунахайн бус сэдлээр хулгай хийх аргаар эсэргүүцлээ илэрхийлж байсан үзэгдэл.
Энэ бүхнийг нэгтгэн зохион байгуулаад, жигдрээд ирэхээр хувьсгал болоод ирчихэж байгаа юм.
Хан вангууд Жавзандорж хутагтын улирдлага дор энэ эсэргүүцлийг бөөгнүүлээд, удирдаад, хувьсгал хийж, Монгол Улсыг байгуулсан.
-Монгол хүний дуу хоолой тэр хэмжээгээрээ хүчтэй байжээ?
-Тэгэлгүй яахав. 1921 оны хувьсгал мөн адил. Ардын нам, Түшмэдийн нам гэдэг хоёр байгууллага хятад цэргүүдийг эсэргүүцэн нийслэл хүрээний дотор хар аяндаа бий болсон нууц, тэмцлийн байгууллага. Үүнийг дээрээс шууд ч юмуу гадаадаас зохион байгуулаагүй.
Өөрсдөө хар аяндаа нам нийлж, сэм хуйвалдаж үүсээд, хожим нь коминтернтэй(олон улсын коммунист хөдөлгөөний байгууллага) холбогдож, тэдний ашиг сонирхлыг зарим талаараа илэрхийлэх болсон түүхтэй.
Үүсэл нь бол ердөө л ард, түшмэдийн идэвх санаачилга, оролцооны байгууллагууд байсан.
-Бидний яриа он цагийн хэлхээсээр социализм, тэр дундаа их хэлмэгдүүлэлтийн үед ирж байна. Энэ цаг үед эрх чөлөөний тухай ойлголт, үзэл бодлоо илэрхийлэх явдал хэр байв?
-1928 оноос эхлээд зохион байгуулалттайгаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, боломж хаагдаж, ялангуяа 1937 оны үед тийм ойлголт байхгүй болсон. Гэхдээ хилс хэрэгт гүтгэгдэж, шоронд хоригдсон, тамлагдсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхийг хичээж байсан.
Жишээлбэл, өлсгөлөн зарлах, ямар ч мэдүүлэг өгөхгүй байх, өргөдөл бичих зэргээр нэг хүний, ганцаарчилсан төрлөөр эсэргүүцэл зарлаж байсан.
Үзэл бодлоо илэрхийлэх боломж нь хаагдчихсан. Хүнтэй уулзуулахгүй харанхуй өрөөнд хориод, гаргаж ирэхээрээ тамлаад байгаа шүү дээ. Японы тагнуул, хувьсгалын эсэргүү байснаа хүлээн зөвшөөр гээд л тамлаад байдаг.
Хойшоо ч гэсэн 1990 он хүртэл нэг намын тогтолцоо, үзэл суртлын хатуу хяналтын улмаас монголчууд бие даасан, зохион байгуулалттай байдлаар томоохон нийтлэг асуудалд байр суурь илэрхийлэх боломж устсан.
Ганцхан идэвхгүй хэлбэр үлдсэн байдаг. Тэр нь өргөдөл, гомдол. АИХ-ын депутатууд тойргийнхоо сонгогчидтой уулзах үед санал хүсэлт бичгээр өгдөг байсан. Ихэвчлэн ахлах сургуультай болгож өгөөч, тог цахилгаантай болгож өгөөч гэхчлэн өргөдөл, гомдол өгч байсан.
-1990 оны хувьсгал бол дээрх бүх үзэгдлийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний үр дүнд бий болсон болов уу, өөр шалтгаан нөхцөл байсан уу?
-Ер нь бол тийм. Гэхдээ зарим түүхчид арай өөрөөр үздэг. 1987 онд төв хорооны бүгд хурлаас өөрчлөн байгуулалт зарлаж, түүний үр дүнд нийгэм дэх үзэл суртлын хүлээс суларч, олон ургалч үзлийн суурийг нь дээрээс тавьж өгсөн гэж үздэг.
Харин миний болон зарим түүхчдийн хувьд нийгмийн хар аяндаа үүсэн гарсан хувьсгал. Төрийн явуулсан бодлого бол зөвхөн суллаж өгч байгаа болохоос биш ард иргэдийн идэвхийг сэргээх талаар эрх баригчид юм хийгээгүй.
Эх үүсвэр нь яалт ч үгүй монголын нийгмийн гүнд боловсрон бий болсон. Монголчууд нийтээрээ төрийн албан ёсны үзэл сурталдаа санал нийлэхээ болиод, Чингис хаанаа, үндэсний бахархлаа нийтээрээ үгүйлж, эрж хайдаг, ижилслээ сэргээхийг хүсдэг уур амьсгал нэгэнт бүрдээд байсан.
Дээрээс нь эдийн засгийн зогсонги байдал, Зөвлөлтөд өрнөсөн Горбачевын бодлогоор ЗХУ задарсан зэрэг үйл явдал нэмж нөлөөлж байгаа.
1987 оны төв хорооны хурлаар үзэл суртлын хүлээсийг сулруулсан, өөрчлөн байгуулалт зарласан үйл явдал бол тодорхой хэмжээнд нэг хүчин зүйл мөн. Гэхдээ үндсэн шалтгаан бол биш.
Үндсэн шалтгаан бол тухайн үеийн нийгмийн хөгжил явж явж тэнд зогсоод, хувьсгалын замаар өөрчлөхгүй бол болохоо байсан гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон.
Үүний тодорхой жишээ нь 1989 оны 12 дугаар сарын 3-нд Эрдэнэтэд, 7, 8-нд Ховдод болсон жагсаал. Ховд их сургуулийн багш, оюутнууд нь нийлж байгаад төв талбайдаа жагсаж байх жишээтэй.
Гэтэл тэд 12 дугаар сарын 10-нд анхны жагсаалаа хийхээр бэлдэж байсан Улаанбаатар хотод байгуулагдсан нууц бүлгэмүүд, ардчилсан холбооныхонтой харилцаа холбоо байгаагүй.
Харилцан хамааралгүй гурван өөр хотод нэг зэрэг шахуу нэг агуулгаар жагсаж байсан.
-Тухайн нийгэм цаг үе өөрөө хаалттай, хяналттай байх тусмаа хүний дотоод эрх чөлөө хүсэмжлэх чанарыг өдөөж өгсөн болов уу?
-Тэгж хэлж болно. Бид өнгөрснийг харахдаа зөвхөн болсон үйл явдлыг хараад байдаг. Гэтэл үйл явдал маань ямар өргөн хүрээтэй, том, олныг хамарсан ойлголтын зөвхөн илрэл болж, цөөхөн хүн тэр жагсаал дээр гарч ирж байгаа гэдгийг тэр бүр хардаггүй.
Тухайн үед Ховдыг жагсаалыг санаачилж явсан хүмүүстэй уулзаж, ярилцахад зөвхөн жагсан бид тэгж бодож байсан юм биш. Ихэнх хүн дэмжиж байсан. Гэхдээ яах ч аргагүй жагссан нь бол бид гэж байсан.
Үүний өргөн цар хүрээг нь ухаж ойлгох ёстой. Тэр үед бүх нийтийг хамарсан хэдхэн том үзэл санааны өөрчлөлтийн суурь дэвсгэр бүрэлдчихээд байсан нь харагддаг.
Энэ бол монголчуудын улс төрийн ухамсар, нийгмийн оролцооны түвшин, улс төрийн дэглэмийг эсэргүүцсэн үзэл санаа хэрхэн нийтийг хамарсан байсан тодорхой харагддаг.
-Өнөөгийн монголын иргэн хүний улс төр, нийгмийн оролцоо, идэвхийг XX зууны түүхэн сургамжтай харьцуулбал хэрхэн дүгнэх вэ?
Түүхийн талаас харьцуулахад тун хэцүү. Иргэн хүний хувиар бодлоо хуваалцахад, одоогийн монгол иргэний оролцоо, идэвх бол түүхэндээ хамгийн өндөр үедээ байна.
Урьд өмнө ийм олон иргэний нийгмийн байгууллагууд манайд байсангүй шүү дээ. Боломж нь ч байсангүй. Хууль эрх зүйн шинэчлэл, нийгмийн хөгжил, үүнийгээ дагаад зайлшгүй болох ёстой процесс.
Идэвхтэй, эвлэлдэн нэгддэг, төр засаг гэлтгүй тодорхой сонирхлоор нэгдсэн хүмүүс нийгэмлэг, төрийн бус байгууллага байгуулж, гишүүддээ үйлчлээд явах боломж бүрдчихээд байна.
Үүний цаад суурь нь бол монголчууд угаасаа ийм байсан гэдэг л юм байгаа. Миний хувьд тэгж итгэдэг.
Монгол хүнийг дандаа цэрэг байсан гэдэг үзэл бодол байдаг. Би үүнтэй тодорхой хэмжээнд санал нийлдэг. Гэхдээ үүнээс гадна монголчууд бас хүн байсан, хамтардаг байсан, хүмүүс хоорондоо нийлж, дуу хоолойгоо хүргэж тэмцдэг байсан. Ийм түүх бол Монголын түүхэнд зөндөө бий шүү.
Монгол хүн цэрэг байснаас гадна иргэн байж, улс төрийн хэрэгт хошуу дүрж, хэлэлцдэг, цаг нь тулах юм бол өөрсдөө санаачилгаараа буугаа бариад босдог байсан.
1921 оны зун, намар өмнө зүг руу зугтаж байгаа гамингуудыг нутгийн отрядууд(бүлэг цэрэг) хөөж очиж, устгасан шүү дээ. Өөрсдөө, нийслэл хүрээнээс тушаал аваагүй. Энэ мэтчилэнгээр өндөр улс төрийн идэвхтэй ард түмэн байж ирсэн юм.
Сэтгэгдэл үлдээх