Ч.Номин: Зочид буудал зэрэг ААН-үүдэд 6 хүртэл хувийн зээл олгоно

Ц.Чимэдцэеэ
2025-05-21

Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг танилцууллаа.

Сайд Р.Эрдэнэбүрэн "Туулын хурдны замын ажил энэ зун эхлээд, 22 сарын хугацаанд хийгдэнэ. Нэмээд тойрог зам хийвэл түгжрэл 50 хувь буурна. Түгжрэл буурах бол нэг зуны дотор шийдэгдэх асуудал биш" хэмээв.

Соёлын сайд Ч.Номин ААН-үүдэд бага хүүтэй буюу 6 хүртэл хувийн зээл олгох Засгийн газрын тогтоол гарсан талаар танилцуулав.

Тэр "2025 оны Зочлох жил болгон зарласан. Бостон Консалтинг компанитай хамтарч ажиллаад, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах боломжтой судалгаа гарсан. Үүний тулд 11 орчим их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай. Төрийн зүгээс нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутаг хоорондын дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалтыг хийнэ.

Зочлох, байрших, жуулчдыг ач тухтай байхад чиглэсэн үйл ажиллагааг ААН-үүд хийх шаардлагатай. Иймд дээрх зээлийг өвөл ажиллах боломжтой зочид буудал, баазууд зэрэгт олгох шаарлага тавина. Яамнаас журам гаргахгүй, арилжааны банкны зарчмаар олгоно. Энэ зээлийг 5-6 жил хэрэгжүүлж чадвал 600 мянган жуулчин хүлээн авч, 1 тэрбум орчим долларыг эргэлдүүлэх боломжтой" гэв.

Мөн дээрх зээлд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг яамнаас гаргана хэмээн үзэж байгаа аж. Энэ сарын 29-нд "Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг нээх гэж байна. Тус төвд нийт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээ зарлаад, банкны салбарынхан хамтарч ажиллаад зээлийн мэдээллийн өгнө.


 

Бостинг 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe