МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж байна. Тодруулбал, МАН-ын бага хурал албан ёсоор 16:40 цагт эхэлж, хуралд оролцох ёстой бага хурлын 369 гишүүнээс 240 гишүүн ирэн, 67 хувийн ирцтэй эхэлсэн аж. Бага хурлын гишүүд дотор УИХ-ын 19 гишүүн оролцож байгаа гэх мэдээлэл бий. Ийнхүү хурал Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тайлангаар үргэлжилж буй.
Хуралд оролцохоор ирсэн МАН-ын Бага хурлын гишүүд Хамтарсан засгийн газар огцрох ёстой юу, үлдэх ёстой юу гэдэг асуултад байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Зулпхар: Бодлогын шийдвэрийг олонхоороо гаргаснаар хамгийн рационал, үр дүнтэй, улс орны ирээдүйг бодсон шийдвэр гардаг. Намын бага хурлын хэлэлцүүлгийн үр дүнгээр шийдвэрээ гаргана.
Хотын дарга Х.Нямбаатар: НЗДТГ чинь ЗГ-ын бүтцийн байгууллага. Тиймээс Хамтарсан засгийн байгууллагыг огцруулах асуудалд эсрэг байр суурь илэрхийлнэ.
Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар зөв ажиллавал Монгол Улсын эрх ашигт хэрэгтэй. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд ч хэрэг болно.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хамтарсан Засгийн газрын хүрээнд олон томоохон төслүүд урагшилж байна. Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудалд миний бие байр сууриа ил илэрхийлэхгүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Хамтарсан Засгийн газрын гишүүний хувьд Хамтарсан Засгийн газар байх ёстой гэдгийг дэмжиж таарч байгаа.
Хотын дарга асан Су.Батболд: Би улс төрөөс гараад 7 жил болж байна. Мэдээллээс хол байгаа. Гэхдээ энэ олон төслөө хэрэгжүүлье гэвэл хамтраад явах нь зүйтэй. Нэгэнт хамтарсан бол эцсийг нь үзэх хэрэгтэй.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэн: Би эрдэм номын ажил хөөгөөд улс төрөөс зайтай байгаа. Улс орон, ард түмнийхээ ахуй амьдралд хэрэгтэй ямар хувилбар байна. Би түүн дээр л зогсоно. Би бага хурлынхаа санал, онолыг сонсож байгаад байр сууриа илэрхийлнэ.
Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Өөрсдөө эвтэй байж чадахгүй, хоорондоо муудалцсаар байгаад илүү хүрэх ёстой байсан амжилтдаа хүрч чадахгүй байна. Ард иргэдийн шаардаад байгаа ёс зүйн асуудал дээр бага хурлаар дүгнэлт гарах байх. Олон жил ярьж ярьж хамтарчхаад хий хоосон улстөржилтөөр монголын ард түмэн дандаа ялагдаж ирлээ. Ерөнхий сайдын хүү, бэр нь орлогоо нотлох, тайлбарлах ёстой. Хулгайчидтай хэзээ ч эвлэрч болохгүй. Хууль бус орлогыг хураан авахыг зөв гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Би бол Хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа. Бага хурал дээр ч гэсэн энэ байр сууриа илэрхийлнэ. Улс орны эрх ашгийг нэгт тавьж, томоохон асуудал дээр хамтдаа шийдвэр гаргадаг байх ёстой.
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Намын дарга маань улс төрийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны танилцуулгыг хийнэ. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан намын бага хурал шийдвэрээ гаргах байх. Гэхдээ миний хувьд Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүний хувьд, нэг танхимын багийн хүний хувьд Ерөнхий сайдын бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Улс орны тэргүүлэх бодлогыг хамтран хэрэгжүүлэх байр суурьтай санал нэг байна.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт: АН, ХҮН намынхан Ерөнхий сайдыг маань маш их бойкотлодог юм байна. “Ажлыг чинь явуулахгүй, шийдвэр гаргуулахгүй” гэж бойкотлодог юм байна. Ийм болохоор л Ерөнхий сайд маань олонх болчхоод Хамтарсан Засгийн газрыг байгуулсан юм байна даа гэж бодож байна. Би бол Ерөнхий сайдынхаа, намын даргынхаа тайлбарыг л харна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: МАН дангаараа эрх бариад, засаглаад явбал нэлээд хүндрэлтэй асуудлуудтай тулах байх гэж бодож байна.
“Цемент шохой” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар: МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 гаруйхан настай хүүхэд тансаг хэрэглээний зүйлийг найз охиндоо бэлэглэсэн байна. Үүний эх үүсвэрийг ард түмэндээ итгэл үнэмшилтэйгээр хэлээд өгчихмөөр байна. Тэгээгүйгээс болоод 11 сард төлөвлөгдчихсөн байсан намын бага хурал гэнэтийн байдлаар өнөөдөр зарлагдаж байна. Ард түмэн “Ачаагаа та нар өөрсдөө үүр” гээд МАН-ыг олонх болгочихсон. Гэтэл АН, ХҮН намын нөхөд шуудайнд хийсэн үхрийн ивэр шиг, дотроо түжигнээнтэй байна. Энэ байдал нь цаашид Хамтарсан Засгийн газарт садаа, гай болно. Тиймээс МАН боловсон хүчний нөөцтэй, бодлоготой нам учир дангаараа засагласан нь дээр гэх саналыг бага хурал дээр илэрхийлнэ.
Сэтгэгдэл үлдээх